Сонгогч таны анхааралд
Сонгууль ирэх сарын 29-ний лхагва гарагт болж, 2 090 000 орчим хүн сонгуульд оролцоно.
2016.06.14

Сонгогч таны анхааралд

Энэ удаагийн сонгуулиар бид УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг давхар сонгох юм. Иймд сонгогч та саналын хуудасны ар талыг ч эргүүлэн, дахин бөглөхөө битгий мартаарай.

Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө. Санал өгөх өдрөөс өмнө таны регистрийн дугаар, овог, нэр гэх мэт хувийн мэдээлэл сонгогчдын нэрсийн жагсаалтад багтсан байх учиртай. Эс бөгөөс та иргэний үнэмлэхээ бариад санал авах байр руу очоод сонгох эрхээ эдэлж чадалгүй буцах магадлалтай.

Мөн та өөрийн биеэр хороон дээрээ очиж бүртгэлээ заавал шалгаарай. Нэг хаягт байхгүй хүнийг нэмсэн байх тохиолдол түрүү түрүүчийн сонгуулиар олон гарч байсан тул ийнхүү нягталснаар зөрчлийг урьдчилан засах боломжтой болох юм. Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргана. Гэхдээ аймаг, нийслэл дотор шилжилт хийхийг хориглоно.

Иймд burtgel.mn сайтад нэвтрэн, мэдээллээ шалгахыг зөвлөж байна.

Гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст хүргүүлнэ.

Сонгогч хэрвээ санал татах зорилгоор тухайн нэр дэвшигч мөнгө болон бэлэг өгвөл түүнийг цагдаагийн байгууллагад мэдээлснээр тухайн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшуулал авна гэсэн заалттай. 

Сонгогч саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх хориотой.