Сюрпризээр дүүрэн байх тойрог
2016.06.14

Сюрпризээр дүүрэн байх тойрог

Энэ удаагийн сонгуулийн хамгийн сонирхолтой, ширүүн өрсөлдөөн өрнөх тойрог бол Баянгол дүүргийн 70 дугаар тойрог юм. Уг тойрогт нийт есөн хүн өрсөлдөж байгаагаас МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, АН-аас УИХ-ын дарга З.Энхболд нар өрсөлдөж байгаа нь сонирхол татаж байна. 

Д.Лүндээжанцан гишүүний хувьд голдуу Өвөрхангай аймгийн тойргоос сонгогдож байсан бол энэ удаа нийслэлд хүчээ үзэхээр болжээ. Тэр бол 1990 онд Монгол Улсад Ардын Бага хурал байгуулагдсанаас хойш Монголын парламентад тасралтгүй найман удаа сонгогдсон, Үндсэн хуулийн төслийг боловсруулахад томоохон үүрэгтэй оролцсон, ясны хуульч, УИХ-ын даргаар ажиллаж байсан хамгийн туршлагатай парламентчдын нэг. Гэхдээ энэ удаа шинэ тойрогт нэр дэвшиж байгаа учир ялна гэж итгэл дүүрэн хэлэхэд учир дутагдалтай.

Нөгөө талаас эрх баригч намын дарга, УИХ-д гурван удаа сонгогдсон, хуучнаар “төрийн өмчийн хорооны” гэсэн тодотголтой байсан, УИХ-ын дарга З.Энхболд нэр дэвшиж байна. Түүний хувьд намын жагсаалтаар сонгогдоно гэсэн бодолтой байсан ч гэнэт Сонгуулийн хууль өөрчлөгдөж мажоритар тойргоор сонгууль явагдах болж нийслэлийн тойрог руу явахаас өөр аргагүй болжээ.

Түүний хувьд 2004, 2008 онд мөн л Өвөрхангай аймгаас сонгогдож, 2012 онд намын жагсаалтаар 28 хүнээс хоёрдугаарт бичигдэж сонгогдож байжээ.

Тойргийн есөн өрсөлдөгчдийн дунд энэ хоёрын саналаас хуваах магадлалтай хүмүүс бий. Тухайлбал ИЗНН-аас нэр дэвшигч Б.Батбаатар З.Энхболдын саналаас, МАХН-аас нэр дэвшигч хуульч Ч.Амарбаяр гэгч залуу Д.Лүндээжанцангийн саналаас хуваах болж байна. Мөн өндөр боловсролтой, ХҮН намаас гаралтай Хассуурийн Ганхуяг энэ тойрогт хүч үзэж байна.

70 дугаар тойргийн хувьд түүхээс нь харахад тун эгзэгтэй тойрог. 2004 онд Баянголын 66 дугаар тойрогт болж, энд өрсөлдсөн Б.Батбаатар тухайн үеийн УИХ-ын дэд дарга, одоогийн Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржийг ялж байжээ. Тиймээс Б.Батбаатарт энэ удаа дахин аз таарахыг ч үгүйсгэхгүй.

Энэ утгаараа Баянголын 70 дугаар тойрог бол сюрпризээр дүүрэн байх магадлалтай, эрх баригч намын даргын хувь заяаг шийдэх, эсвэл ардчилал гарснаас хойш тасралтгүй УИХ-д сууж байгаа гишүүний улс төрийн карьерт том өөрчлөлт авчрах тойрог болж байна.