Сонгогчид төрийн эрх мэдэл өөрсдийнх нь гарт байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй
Монголын уламжлал академийн захирал, МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням
2016.06.15

Сонгогчид төрийн эрх мэдэл өөрсдийнх нь гарт байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй

УИХ-ын сонгууль болоод өнөөгийн нийгэм, эдийн засгийн асуудлаар Монголын уламжлал академийн тэргүүн, МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашнямтай ярилцлаа.

Энэ жилийн сонгууль өмнөх сонгуулиудаас юугаараа онцлог болж байна вэ?

Сонгуулийн хуулийг их оройтож шинэчиллээ. Цагийг нь тулгаж хуульд өөрчлөлт оруулсан учраас олон чирэгдэл үүссэн. Мөн  хуулийг маш муу боловсруулсан гэж бодож байна. Хуулиараа аливаа асуудлуудыг цэгцэлж чадахгүй болохоор ажил замбараагүй болдог. Энэ жилийн хувьд өмнөх сонгуулиудаас ялгаатай нь олон хүн бие даан нэр дэвшиж, олон нам оролцож байна.

Ер нь бие даагчид, жижиг намууд сонгогдох боломжтой гэдэг бол УИХ-д байр сууриа эзэлсэн туршлагатай намуудад нэг талаар дүгнэлт өгч буй  хэрэг.

Хуулиар нэр дэвшигчид өөрийгөө танилцуулах хугацаа маш богино болсон. Алслагдмал орон нутагт, олон хүн амтай нийслэлийн хувьд ч өөрийгөө танилцуулж, сурталчилгаа хийхэд хэцүү.

Магадгүй сонгуулийн үр дүнд нилээн олон тойрог дээр ирц бүрдэхгүй байх төлөвтэй байна. Сонгуулийн хуулийн шинэчлэлээр хамгийн олон санал авсан гишүүн сонгогдохоор заасан. Тиймээс зарим тойрогт санал хүрэхгүй 20 гаруй хувийн саналаар л гишүүн болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгогчдын санал аваагүй хүн Их хурлын гишүүн болж байгаа хэрэг. Ийм байдлаар УИХ бүрэлдвэл  чадвар, үр дүн муудаж эхэлнэ.

УИХ-ын амьдралд нийцэх шийдвэр гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь улс орноо хөгжүүлэх төрийн бодлогыг хуулиар дамжуулан, цэгцтэй гаргаж  чадахгүйтэй холбоотой.

Мөн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, ойлголт өгөх ажил хийгдэхгүй байна.

Сонгогчдын боловсрол, мэдлэг доогуур байх тусам хэн нэгэн өөрт ашигтай тал руугаа эргүүлэх байдал ажиглагддаг.

Ямар сонгогчид байна, тийм төр байдаг гэдэг үг  манай улсад их тод харагддаг. Төрийн эрх мэдэл ард түмний гарт бий. Гэвч бид эрхээ зөв эдэлж чадахгүй байна. Тиймээс сонгогчдын эрхийг зөв эдлүүлэхийн тулд эртнээс хуулийн талаарх ойлголтыг өгч, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлыг хийх ёстой.

Сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног гэж заасан нь шинэ хүмүүс гарч ирэх магадлалыг бага болголоо гэж үзэх хүмүүс бий. Үүнтэй санал нийлж байна уу?

Ер нь ортой. 18 хоногт олонд танигдаагүй хүн өөрийгөө харуулах боломж маш бага. Нөгөө талаар шинэ хүнийг дэмжинэ гээд  хэнийг ч хамаагүй сонговол эрсдэл ихтэй.

Төрийн түшээдийг туршлагажуулах, бэлтгэх ажлууд хийгддэггүй.

Өөрийгөө улс төрийн хүн гэж үздэг хүмүүс их болсон байна. Төрийн түшээдийг туршлагажуулах, бэлтгэх ажлууд хийгддэггүй.  Энэ нь төрийн хүмүүсийн үлгэрлэл бага болсонтой холбоотой. Төрд олон жил суусан туршлагатай, шударга хүмүүстэй өөрийгөө харьцуулж, бодож байвал өөр хэрэг. Одоо бол наснаас өөр хуульчилсан нарийн заалт байхгүй. Амьдралаас ургасан, Их хурлын гишүүн гэж ийм хүнийг хэлнэ гэсэн загвар бий болвол их сайн.

Энэ сонгуулийн үр дүн эдийн засагт ямар үр дүн авчрах бол?

Одоо байгуулагдах УИХ асар их  үүрэг, хариуцлага үүрч таарна. Их өрийг төлөх, эдийн засгийг өөд нь татах зэрэг олон ажлууд бий. Сайн, чадвартай хүмүүсээр Их хурал бүрдвэл бодлого цэгцэрнэ. Монгол ямар улс болох вэ гэсэн дүр зураг одоо хүртэл гарахгүй л байна.

Ихэнхдээ төрийн бодлого, яаралтай үед гал унтраах төдий, мөнгө олох гэсэн зүйлсэд л эргэлдэж байгаа.

Хийх ажлаа тодорхойлж чадахгүй бол хичнээн их мөнгөтэй байлаа ч үр дүн гарахгүй. Өмнө нь эхлээд хийх зүйлээ тодорхой болгодог байсан. Монголыг сонирхож, хөгжүүлье гэж байгаа хүмүүс ирж чадах нөхцлийг  бүрдүүлэх нь зүйтэй.  Цөөн  хүнтэй жижиг  нийгэм, том орон зайг эзэлж байгаа учраас олон ажил үр дүнгүй, үр ашиггүй болдог. Чадварлаг хүмүүс Их хуралд гарч ирээд улс орноо өөд нь татах бодлого явуулаасай гэж бодож байна. Төрийн бодлого ард түмний аж амьдрал сайхан байхад л чиглэх учиртай.

Өнөөгийн нөхцөл байдалд том намууд гарч ирсэн нь дээр үү, эсвэл шинэ хүмүүс гарч ирснээр юм хийж чадах уу? 

Бид Их хурлыг намтай холбож ойлгоод сурчихсан. УИХ өөрөө хуультай. Өөрийн хуулиар хуулиа тогтоож, бодлогоо тодорхойлдог. Нам ялсан ч сонгогдсоны дараа намын асуудал биш төрийн бодлогын асуудал болдог. Их хурлын гишүүд Ерөнхийлөгч шиг нам бус байх хэрэгтэй. УИХ-д олон намууд орсноос болоод намынхаа асуудлыг л ярьдаг болсон. Олноороо ярилцаж, олны саналаар асуудлыг шийддэг байгууллага бол УИХ.

Одоо байгуулагдах УИХ-ын гол ажил нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм.

Өнгөрсөн 25 жилд нийгмийн тогтолцоо, төрийн тогтолцоо ямар байв гэдгийг одоо л дүгнэж эхэлж байна. Одоо байгуулагдах УИХ-ын гол ажил нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм. Хэрэв тэр асуудлыг хэлэлцэхэд дахиад намчирхвал тогтворгүй, хөгжилд саад тушаа болсон байдал үүснэ.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд ямар алхмууд хийх хэрэгтэй вэ?

Сонгогчдын боловсролын талаар сонгууль дөхөхөөр л ярьдаг учраас олигтой үр дүнд хүрч, өөрчлөгдсөн зүйл ажиглагдахгүй байна. Ер нь наадмын маргаашнаас дараагийн наадам эхэлдэг гэдэг шиг сонгуулийн дараагаас дараагийн сонгуулийн бэлтгэл эхэлж байвал зүгээр.

Дараагийн сонгуульд сонгогдох хүмүүсийг танилцуулж, хэлэлцүүлэн, нийгэмд  хүргэж эхэлвэл сонгогчид өөрсдөө боловсорч төрийн эрх мэдэл гарт нь байгааг мэдэрч, дүгнэж цэгнэдэг болно.

Түүнээс биш жижиг товхимол, ном гаргалаа гээд сонгогчдын боловсрол дээшлэхгүй. 

Сонгогчид боловсролтой болж, төрийн эрх мэдэл өөрсдийнх нь гарт байгаа гэдгийг ухамсарлаасай гэж хүсч байна. Тэр сонголтоос иргэдийн өөрсдийнх нь амьдрал хамаарна гэдгийг ухаарах хэрэгтэй.