"Зөөлөн тойргууд"
2016.06.15

"Зөөлөн тойргууд"

2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэр нөлөө, сонгогдох шанс нь илэрхий ялгаатай “зөөлөн тойргууд” цөөнгүй бий.

Үүний нэг нь Баян-Өлгийн 4-р тойрог юм. Энэ тойрогт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Агиларын Бакей нэр дэвшиж байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ дахь хамгийн чухал гэж болох байнгын хороог даргалж, олон том хуулийн төслүүд дээр амжилттай ажилласан, нутагтаа ч, нам дотроо ч нэр хүндтэй. А.Бакей 2004, 2008 онд сонгогдон ажиллахдаа өлгийчүүдийн итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл улаан тойрог гэгддэг Баян-өлгийн ард иргэд Ардчилсан намын төлөөллийг сонгох бол голдуу А.Бакейг сонгодог гэж болно.

Түүний эсрэг МАН-аас аймгийн намын хорооны дарга Гомбожайн Султан гэдэг хүн нэр дэвшиж байна.

Баян-Өлгийн 6 дугаар тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Алмаликийн Тлейхан, АН-аас А.Мурат нар нэр дэвшиж байгаа нь бас л өрсөлдөгчдийн дундах ялгаа их гэж хэлж болохоор байна. А.Тлейхан өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д суухдаа багагүй туршлага хуримтлуулсан. А.Муратын хувьд улс төрийн туршлагатай ч намынхаа дэмжигчид дунд нэр хүнд муутай, нам дотроо жигүүр байгуулж явсан нэгэн.

Өөр нэгэн зөөлөн тойрог бол экс ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр дэвшиж байгаа Увсын 32 дугаар тойрог юм. Түүний өрсөлдөгч нь UFC Trade компанийн захирал Н.Цэрэнбат гэдэг олонд төдийлөн танигдаагүй бизнесмен. Н.Алтанхуягийг “ногоон гэрлээр” гарна гэж ихэнх ажиглагчид үзэж байна. Учир нь түүнийг Увс аймагт багагүй зүйл хийсэн гэж үздэг. Тэгээд ч уг тойрогт багтаж буй Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг бол уламжлал ёсоор Ардчилсан намыг сонгодог хэсэг юм. Ардчилсан нам тойргийн хуваарилалтыг улаан цэнхэрээр нь ялган ингэж хийжээ.  Зарим хүмүүс Н.Алтанхуягийн тойрог бол түүнд бэлэглэсэн тойрог гэж ярьж байна.

Хэнтий аймгийн 40, 41 дүгээр тойргийг ч бас зөөлөн гэж болно. 40 дүгээр тойрогт нутгаасаа УИХ-д гурван удаа сонгогдсон, тойрогтоо “босоо” гэгддэг Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшиж байна. Түүний эсрэг ардчилсан намаас “Хан Хэнтийн хүчтэн” бөхийн дэвжээний тэргүүн, хоёр Ерөнхий сайдын зөвлөхөөр сүүлийн дөрвөн жилд ажилласан М.Хүдэрбаатар гэдэг залуу нэр дэвшсэн.

41 дүгээр тойргийг Б.Гарамгайбаатарын тойрог гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь УИХ дахь бүлгийн дарга гэдгээрээ тойргийн хуваарилалт хийхдээ давуу эрхтэй байсан. Түүнээс гадна өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвөөс Хэнтий аймагт их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж, аймгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан тул энэ удаа Хэнтийд хүчтэй өрсөлдөгч болж байна.

Нөгөө талаас энэ тойрогт МАН-аас залуу улстөрч, НАМЗХ-ны тэргүүн байсан, Л.Оюун-Эрдэнэ өрсөлдөж байна.