Монголын залуу эрдэмтдийн холбоо 2016.06.15 | Сайт: News.mn

Залуу судлаачдыг чадавхжуулна

Залуу судлаачдыг чадавхжуулна

БСШУЯ, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтран 6 дахь жилдээ шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт хоёр өдрийн сургалт-семинарыг маргааш эхлүүлнэ.

Семинар “Танан” төвийн хурлын танхимд болох ажээ. Тус зорилтот сургалт нь жил бүр тодорхой чиглэлээр явагддаг бөгөөд энэ удаагийн сургалт “Springer Nature, Research4life” мэдээллийн сангуудыг ашиглуулах санаачилга, арга зүйн семинар, “Судалгааны үр дүнг мэдээлэх, хэвлүүлэх” сэдэвтэй. Сургалт семинарын нээлтэд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУЯ-ны ШУБЗГ-ын дарга Ж.Даваасамбуу болон их, дээд сургуулиуд, Монголын номын сангуудын консорциумын удирдлагууд оролцоно. Сургалтад ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Монголын үндэсний музей, Монголын залуу эрдэмтдийн холбоо зэрэг байгууллагуудын 250 гаруй эрдэмтэн судлаачид хамрагдах юм. 

БСШУЯ, ШУА-ийн хамтын санаачилгаар “Springer Nature”-тай 2016-2021 он хүртэл 5 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж, 11 салбарын 1821 эрдэм шинжилгээний сэтгүүл болон 580 орчим нээлттэй сэтгүүлүүдийг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд ашиглах боломжтой болсон билээ. Түүнчлэн БСШУЯ-ны санхүүжилтээр 2016-2017 онуудад 2 жилийн хугацаатайгаар хөгжиж буй орнуудад зориулсан Research4life олон улсын санаачилгын HINARI, AGORA, OARE болон ARDI хөтөлбөрүүдээр дамжуулан 185 хэвлэн нийтлэгчдийн 69,000 гаруй судалгааны материалуудыг ашиглах боломжийг дээрх сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад давхар бүрдүүлэн өгч байна.