Төрт ёс, хүн ёсны үүднээс авч үзвэл, Н.Энхбаярт хамаатуулсан олон асуудалд цэг тавих цаг нь болсон
2016.06.16

Төрт ёс, хүн ёсны үүднээс авч үзвэл, Н.Энхбаярт хамаатуулсан олон асуудалд цэг тавих цаг нь болсон

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын ялтай байдал үргэлжилж байгаа гэсэн үндэслэлээр СЕХ 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэнгүй. Та хуульч хүний хувьд түүнд тохиолдоод байгаа зүйлүүд, оноож буй хэрэг, холбож үзээд байгаа асуудлуудыг юу гэж үздэг вэ?

-Н.Энхбаярт холбогдуулсан хэрэг гэх асуудал олон жил үргэлжилж байх шиг байна. Миний хувьд төрт ёсны талаас нь илүү дүгнэдэг. Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж үздэг. Үүнийгээ ч ил тод хэлдэг.

Өнөөдрийн Үндсэн хуулийн тогтолцоо улс төрийн намуудын одоогийн байгаа байр байдлыг авч үзэх юм бол хүссэн хүсээгүй бүх намын дарга хамгийн том авлигачид. Тэр хүмүүс өөрсдөө авч идэж байгаагаас илүү үндэсний хэмжээний сүлжээ баг, хороо, дүүрэг гээд бүх нэгж, дээр нь тэнд байгаа олон мянган гишүүн гээд юм байна. Тэр болгоныгоо тэжээхийн тулд, хоёр том нам, тодруулбал МАНАН-гийн дарга нарт дор хаяж сар бүр 500 сая төгрөг хэрэгтэй. Тэрийг хаанаас олох вэ гэдэг асуудал бий.

Тийм болохоор хүссэн хүсээгүй, намын боловсон хүчнийг энд тэнд байршуулж мөнгө авдаг юм байгаад байна.

Энэ тогтолцоо эвдрээгүй цагт цаашид ч гэсэн намын удирдлагууд, өнөөгийн АН-ын дарга З.Энхболд хамгийн том авлигач, МАН-ын дарга М.Энхболд хамгийн том авлига зохион байгуулах үүрэгтэй ийм хүмүүс болж хувираад байгаа юм. Энэ тогтолцоог эвдэх ёстой гэдэгт би хатуу байр суурьтай байдаг. Тийм учраас тухайн үед нам удирдаж байсан хүний хувьд Н.Энхбаяр янз бүрийн хүмүүсийг чиглүүлж байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүхээр авч шийдсэн хэргүүдийг нь авч үзэхийн бол яг хувьдаа аваад завшчихсан, улсад хохирол учруулсан юмыг би хуульч хүний хувьд ерөөсөө олж харахгүй байгаа.

-Ямар нэг дүгнэлт хийж үзэв үү?

-Өнөөдөр энэ бүхнийг харж байхад Н.Энхбаяртай холбоотой асуудалд дөрвөн түвшинд  дүгнэлт гаргах ёстой юмбайна гэж харж байна. Хууль ёсны түвшинд яасан  юм бэ, шударга ёсны хувьд яасан бэ, төрт ёсны хувьд яасан бэ, хүн ёсны хувьд яасан бэ гэсэн ийм  дөрвөн түвшинд дүгнээд үзвэл, хууль ёсны хувьд н Н.Энхбаяр яалт ч үгүй ялаа эдэлчихлээ. Янз бүрийн  зүйл ангиар зүйлчлээд ялласан шүү дээ. Тэгвэл тэр ялаа эдэлчихсэн, Эдлэх эдлэхдээ бүр өөрөө өөрийгөө шийтгэж, өөрийгөө бараг үхүүлээд, өлсгөлөн зарлаж өөрийгөө давхар давхар шийтгээд энэ байтугай олон жилийн  ялтай тэнцэх хэмжээний тийм шийтгэлийг,  эрүү шүүлтийг өөртөө тулгаад гарсан. Ингэж их ойлгож байна.

Шударга ёсны хувьд, ялгаагүй л хоёр ч Өршөөлийн хууль батлагдсан. 2009 онд Өршөөлийн хууль батлагдсан, 2015 онд Өршөөлийн хууль батлагдлаа.

Энэ давхар давхар Өршөөлийн хуулиар зүйл ангиуд нь бүгд өршөөгдөөд ялтайд тооцох хугацаа нь дуусч өнөөдөр төрийн албанд ажиллах бололцоо нөхцөл нь нээгдчихсэн байгаа.

Гуравдугаарт, хүн ёсны үүднээс хандах юм бол өөрийгөө тэгж золиослож, зүтгэж байгаа хүний цаана улс орныхоо, төлөө цохилдог, шударга ёсыг тогтоох юм сан гэж эрмэлздэг, өөрөө шударга байх, зарчимтай байх, сэтгэлийн хаттай оюуны бядтай байх бас эр зориг гэхчлэн бүх юмны шалгуурыг тэр хүн даваад гарчихаж байна шүү дээ. Тэр талаас нь хууль ёс гэдэг чинь бас хардаг байх ёстой.

Зөвхөн эрүүдэн шүүх бус аль болох хүний мөн чанар, асуудалд хандаж байгаа байдал энэ зүйлүүд шийдвэр гаргах төвшинд л дотоод итгэл үнэмшил рүү ханддаг байх ёстой. Дөрөвдүгээрт, бид цөөхүүлээ ард түмэн. Ялангуяа төрт ёсныхоо үүднээс Төрийн тэргүүн байсан, УИХ-ын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд байсан хүмүүсээ ингэж хэрцгийгээр эрүүдэн шүүх гэдэг юм у, хэрцгийгээр ял үүрүүлэх,  зохион байгуулалттайгаар нэр хүндийг нь гутаах ийм юмнаас аль болох хол баймаар байгаа юм. Тэр өндөр суудалд хүртэл нь шүүсийг нь шах, шүүлтүүрээ гарга, хянаж цагд, шалга, цэвэрлэ.

Нэгэнт тэнд хүрсэн, очсон бол ийм хандлага гаргана гэдэг байж болохгүй. Солонгосын Ерөнхийлөгч нарыг хараад байхад амиа хорлодог, эсвэл бариад шоронд хийчихдэг ийм юм байгаад байдаг. Монголчуудад, энэ цөөхөн ард түмэнд ийм зүйл яавч олигтой зүйл авчрахгүй.

Энэ бол өш хонзон, заналхийлэл, өшөө авалт, нийгмийн талцал,иргэд ард түмнийг хоёр хуваах муу нөлөөтэй.

Тиймээс Төрийн тэргүүн байсан хүндээ хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Хүндэтгэлтэй хандаад зогсохгүй боловсон хүчнйй мэдээлэл, харилцаа, олон улсын асар их нэр хүндийг нь ашиглаж улс орны харилцаа, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Улс орны хэмжээнд зөвлөх тийм байр сууринд тавьж, хамтраад явах ёстой.

-Тэгвэл сөргөлдөөн юунаас болоод байна вэ?

-Дахиад хэлэхэд, би Үндсэн хууль ярьдаг, өөрчлөх ёстой гэж үздэг хүнийхээ хувьд улстөрийн намын, нам төрийн хоорондын харилцаа чинь дан хуурмаг байгаа учраас сөрөг байдал үүсээд байна гэж л хэлнэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л гэхэд хоёр удаа Төрийн тэргүүнээр ажиллалаа. АН-аас сонгогдсон. Тиймээс АН-ынхан манай Ерөнхийлөгч, ардчилсан Ерөнхийлөгч гээд л зууралдаад байгаа биз дээ. Энэ хүн чинь улс төрийн нас нь өндөр боловч, биологийн нас нь залуухан шүү дээ.

Гараад дахиад улс төртэй зууралдана. Тэгж уралдуулахгүйн тулд өнөөдөр нэр хүндийг нь ямар их шороотой хутгаж байна вэ. Ингээд үзэхэд Ерөнхийлөгч болох хүн 50-55 нас хүрсэн байхгүй бол одоо 45 настай хоёр удаа сонгогдоод гараад ирлээ гэхэд тавин хэдтэй хүн чинь залуухан шүү дээ. Бусад оронд 55 настай хүн улс төрд орвол ямар залуухан нөхөр улс төрд ороод ирэв ээ, хаанаас гараад ирэв гэж гайхдаг.

Манайх ардчилал, шинэчлэлтэй хутгалдаж, ардчиллын тэр жилүүдэд юу ч мэдэхгүй баахан бацаануудыг гаргаж төр удирдуулж байсан. Тэр үйл явдал өнөөдөр ард түмний сэтгэлгээнд, оюун санаанд ерөөс залуу хүн төр барьж болно гэсэн хачин бодол санааг гүн суулгачихлаа.

Тиймээс улс төрийн насыг арай өөрөөр харах ёстой. Залуучууд зүтгэх ёстой.

Хийж бүтээх, нойр хоолгүй, хамгийн хатуу цэгүүдэд нь зүтгэж, ажиллаж улс орны хөгжилд гүйцэтгэх ажлыг хийх ёстой. Оюун санаа нь тэгширчихсэн, янз бүрийн хий хор нь гарчихсан, амьдралын мөн чанарыг ухаарсан ийм хүмүүс дор хаяж 40 гарсан, цаашилбал 50 эргэм насны, 60 хүрсэн ухаалаг, амьдралын дадалтай ийм хүмүүс бодлогоо боловсруулах шатанд сууж байх ёстой.

Гэтэл бүх юм Үндсэн хуулиас эхлээд буруу байгаа юм чинь ерөөс монголчуудыг хооронд нь хагаралдуулах, зодолдуулах, хуваан захир гэсэн барууны үзэл номлолыг авчихаад хоёр хуваагддаг ийм байдал руу очоод байна. Тэгэхээр би Энхбаяр гэдэг хүн бол зөвхөн Намбарын Энхбаяр биш, энэ хүн Монгол төрийн Ерөнхийлөгч байсан, Ерөнхий сайд байсан, УИХ-ын дарга байсан хүн гэдэг талаас нь харж, миний түрүүнд хэлсэн, ялангуяа төрт ёсны, монголчуудын хүн ёсны талаас асуудалд хандаж, арай гэгээлгээр харах ёстой гэж бодож байна.

Гол нь Ерөнхийлөгч байсан хүний нас бага байсан учраас эргэж улс төрд ордгоос үүдээд үе үеийн Ерөнхийлөгч нарт ийм зүйл ирэх болчихоод байна. Магадгүй Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дээр ч ийм хувь заяа ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ хуулиа өөрчил,сайхан тогтсон насандаа улсаа удирдаад дараа нь сайхан зөвлөөд явдаг, бүх талаар тэгш байдаг, төвийг сахидаг байх нь зүйтэй.

-2012 оны сонгуулиар санагдана, МАХН-МҮАН- ын “Шударга ёс эвсэл”-ээс Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн зорилт дэвшүүлж байсан байх аа?

- “Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуульд таван хувьсгал хийнэ гэж орсон. Түүний хамгийн гол зүйл нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэж орсон. Харамсалтай нь хангалттай олон суудал авч чадаагүй учраас энэ бүгдийг өөрчилж чадаагүй.

-Эрх барьж байсан намууд ч бас Үвдсэн хуульд өөрчлөлт оруулна гэж багагүй хугацаанд ярьсан. Гол бэрхшээл нь юу байв?

-Нөгөө намууд хамтарч засаг барихдаа Үндсэн хуулийг өөрчилнө гэж гарын үсэг зураа д үзүүлээд явдаг. Тэгээд л байхгүй. Аль эрт 2005-2006 ондхоёр нам тохироо хийж, үүнээс чухал ажил бидэнд алга гээд явж байсан. Засгаа хамтарч байгуулаад явж байсан. Үе үеийн Ерөнхий сайд нар, ялангуяа хоёр том намын дарга нийлэх болохоороо юм уу, нийлсэн үедээ Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг. Тэгээд өөрчилдөггүй. Цаг үеийн нөхцөл байдал алинд нь ашигтай байна гэдгээрээ ингээд яваад байгаа.

Энэ бүхэн цаашид монголчуудыг тарааж, бусниулж, хувааж, хооронд нь талцуулж, хэрэлдүүлж, энэ эх захгүй, замбараагүй байх бүх юмны үүдийг нээгээд байна шүү дээ. Тиймээс үүнд илүүтэй анхаарах ёстой гэж бодож байна. Н.Энхбаяр даргыг тойрсон энэ олон асуудалд цэг тавих цаг нь болсон. Тэгэхийн тулд томоор харах ёстой. Түүнээс биш ажил хийж байсан хүнээс өө сэв ольё гэвэл юу ч олж болно. Хэдэн ч хэрэг нээж болно.

Ерөнхий сайд, Их хуралд хамаагүй асуудал гэж Монгол Улсын амьдралд байхгүй шүү дээ.

Ерөнхий сайд, Их хуралд хамаагүй асуудал гэж Монгол Улсын амьдралд байхгүй шүү дээ. Бүх юмыг, жишээлбэл эрүүл мэндийн салбарт улаан бурхнаар олон хүн нас барлаа гэвэл, үүнийг Ерөнхий сайд хариуцна гэвэл одоогийн Ерөнхийлөгчид ч үүрүүлж болно шүү дээ. Яагаад 50- 60 хүүхэд нас бараад байхад сайдыг нь ч томилохгүй хараад байж байдаг юм бэ. Хариуцах ёстой биз дээ. Ингээд хамаатуулна гэвэл, улаанбуудай хүнсний нөөцөө хангаж чадсангүй, цаг агаарын нөхцөлөө тооцож үзсэнгүй, зөв мэдээлсэнгүй гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайддаа юмуу, Хүнс хөдөө аж ахуйн сайддаа хариуцлага тооцно гэвэл бас л үүрүүлэх л байхгүй юу.

Тэр ч ялгаагүй Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хамаатай асуудал. Тийм учраас бид энэ бүгдийг миний түрүүнд хэлсэн төрт ёсны, хүн ёсны, тэр дотроо монголчуудын хүн ёсныуламжлалт харилцаа, төрөө дээдлэх, сүсэглэх өнцгөөс асуудалд хавдаж явах ёстой. Би ийм л байр суурьтай байна. Ер нь ганцхан хүн рүү бөөрөлхөн дайрдаг, хамаг буруугаа нэг л хүн рүү нялзааж өөрсдөө цэвэрхэн гардаг хар пиарын технологийг гаднаас авчирч, тэгээд Төрийн тэргүүн байсан Н.Энхбаярыг тэр муу аргаараа дийлэх гэж улайраад байгаа нь андашгүй харагдаж байгаа шүү дээ.