Энэ жил зөвөөс зөв сонголтыг хийх хэрэгтэй
ОУ-ын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо
2016.06.20

Энэ жил зөвөөс зөв сонголтыг хийх хэрэгтэй

ОУ-ын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоотой сонгогч  хүний хувьд Сонгуулийн талаар ямар байр суурьтай байгааг нь хуваалцлаа.

Энэ жилийн сонгууль өмнөх оны сонгуулиас юугаараа онцлогтой болж байна вэ?

Сонгуулийн жил бүр зөв сонголт хийх хэрэгтэй гэж ярьдаг. Энэ жил зөвөөс зөв сонголтыг хийх хэрэгтэй байна. Ямар боломжоос хэр ихийг ашигласан бэ гэдгийг л сонгогчид дүгнэнэ. Аливаа нам, хүнийг ч гэсэн үнэлэхдээ Сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг нь харах нь чухал байдаг. Энэ жил улс орны эдийн засгийн нөхцөл байдал ч өмнөх жилүүдэд байгаагүй хүндхэн байна.

Ер нь хүн бүр, нэр дэвшиж буй хүнээ таньж, зөв сонголт хийх нь чухал.

Улс төрч гэхээс илүү нийгэмд юм хийж, бүтээсэн ажилтай хүнийг сонгох нь зүйтэй. Одоо бол улс төрч гэж тусгай хүмүүсийн бүлэг бий болсон юм шиг санагддаг.
Бид ер нь зөв сонголт хийж чаддаг уу? Сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур үлддэг?

Нийгмийн сэтгэлзүй дундуур байна гэдэг сонголт буруу байгаатай л холбоотой. Ер нь нэр дэвшигчтэй гэхээс илүү сонгогчтой ажиллах нь хамгийн чухал. Сонгогчидтой ажиллах үйл ажиллагаа учир дутагдалтай байх шиг харагдаж байна. Аль нэг орон нутгаас дэвшин гараад тухайн орон нутагтаа л сургууль барьж, юм хийнэ гэдэг буруу. Яагаад гэвэл тэр хүн Монгол Улсын төлөө л ажиллах гэж сонгогдсон. Санал авахын тулд өөрийн тойрогтоо л юм хийж, дараа дахиж санал авахыг оролддог байдлыг зөв зүйл гэж бодохгүй байна.

Одоогийн УИХ-д нэр дэвшигчдэд тавигдах шаардлага байдаггүй. Тэдэнд ямар шалгуурыг тавих хэрэгтэй гэж бодож байна?

Монгол Улсын иргэн л бол УИХ-д нэр дэвшиж болно гэсэн зүйл  бий. Бизнес, улс төр хоёр холилдох нь хамгийн будлиантай. Хувийн бизнесээ л хөгжүүлэхийг бодохоос биш, өөрийн олсон орлогын тодорхой хувийг улс орны  сайн сайхны төлөө зориулах сэтгэл байдаггүй.

Нэр дэвшигчийн нийгмийн өмнө хүлээх үүрэг дутагдаж байна.

Бизнесийн хүмүүсийг төрд огт оруулахгүй гэхгүй ч “төрөөс төрсөн тэрбумтнууд”-ыг төрд оруулах нь буруу. Мөн өмнөх их хуралд байсан хүмүүсээс дараагийн сонгуульд хэдэн хувь нь сонгогдох эрхтэй гэсэн квот байвал зүгээр.
Жил ирэх тусам сонгуульд оролцох залуусын идэвхи оролцоо буурч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

Залуучууд улс төр сонирхохгүй болсон хэрэг биш. Өөрсдийнх нь санаа бодолд нийцэхгүй байгаатай л холбоотой байх.

Сонгуульд оролцогчдын тоо 60 хувь хүртэл буурсан нь их муу зүйл. Энэ нь тухайн дөрвөн жилийн төр, засгийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаатай  холбоотой. Намуудын хоорондын үзэл бодлын ялгаа гарахгүй байна. Иргэд, олон нийтийн дунд УИХ-д нэр дэвших хүнд ямар шалгуур тавих нь зүйтэй вэ гэж санал асуулга, судалгаа хийх хэрэгтэй. Сонгуулийн жил болох бүрт хуулиа өөрчлөх нь буруу.

Та сонгогчдод юу гэж зөвлөмөөр байна вэ?

Нэр дэвшигчийн талаар сайн судлах хэрэгтэй. Боловсрол хэдий  чухал ч гэсэн аливаа зүйлийг хийх чадвар, боломжийг харах нь чухал. Мөрийн хөтөлбөрт бол хэн ч юуг ч амлаж чадна. Орон нутагтаа хийсэн ажлаар нь дүгнэнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Улсын хэмжээнд  ямар хуулийг санаачлан, тодорхой үр дүнд хүрсэн бэ гэдгийг нь мэдэж, анхаарах хэрэгтэй.