Монголын залуу эрдэмтдийн холбоо 2016.06.22 | Сонин: Өдрийн сонин

Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд Оросын ШУА асар их үүрэг гүйцэтгэсэн

Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд Оросын ШУА асар их үүрэг гүйцэтгэсэн

Монгол Улсын ШУА-ийн Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга, Монголын залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал А.Баярбаатартай ярилцлаа.

Монгол Оросын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт саяхан болсон. Уг чуулга уулзалтын талаар ярилцлагаа эхлэх үү?

Энэ жил Монгол Улс, ОХУ-тай дипломат харьцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. Монгол улсын ШУА, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төв хооронд 2010 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Оросын залуу эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Иркутскийн шинжлэх ухааны төв, Иркутскийн Их сургууль болон Монгол улсын БСШУЯ, Монгол Улсын Шинжлэх ухааны Акедеми, Шинжлэх ухаан, технологийн сан, Монгол Залуу Эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Чуулга уулзалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болж, эхний үе шатыг энэ оны тавдугаар сарын 16-21-ний өдрүүдэд ОХУ-ын Иркутск хотод зохион байгууллаа. Бид дараагийн үе шатыг ирэх есдүгээр сарын 05-10 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлоод байна.

Чуулга уулзалтын үеэр ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бол?

Уг чуулга уулзалтыг эрдэм шинжилгээний бага хурал, урлаг, спортын бага наадам гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан. Спортын наадмыг гурван төрлөөр зохион байгуулж, манай залуу эрдэмтэд багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Энэхүү арга хэмжээнд зөвхөн эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа залуу эрдэмтэд оролцож, оюун ухаан, авьяас чадвараа уралдуулснаараа онцлог байлаа. Чуулга уулзалтанд манай талаас Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол залуу эрдэмтдийн холбоо, бусад эрдэм шинжилгээний байгууллагууд зэрэг нийт 24 байгууллагын 110 гаруй судлаачид оролцсон.

Эрдэм шинжилгээний хурлын талаар ярихгүй юу. Шинжлэх ухааны ямар чиглэлээр илтгэлүүд тавигдсан бэ?

Эрдэм шинжилгээний бага хуралд хоёр улсын 200 гаруй залуу эрдэмтэн, судлаачид Биологи ба суурь анагаах ухаан, Нанотехнологи ба нано материал, Нийгэм эдийн засгийн шинжлэх ухааны зэрэг сэдвийн хүрээнд нийт 165 илтгэл хэлэлцүүлснээс манай судлаачид 61 илтгэл хэлэлцүүлсэн байна.

Ер нь Монгол Улс болон ОХУ-ын Шинжлэх ухааны Акедеми хэзээнээс хамтран ажиллаж эхэлсэн тухай тодруулахгүй юу?

Манай хоёр орны орчин үеийн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа 1920-иод оноос эхтэй. Монголд орчин үеийн шинжлэх ухааны салбарууд бий болж хөгжихөд Оросын холбооны улс тэр дундаа Оросын холбооны улсын ШУА-ийн гүйцэтгэсэн үүрэг асар их, энийг Монголчууд хэзээ ч мартах учиргүй юм. Энэ сайхан хөрсөн дээр ОХУ-ын ШУА, түүний Сибирийн салбар, Монгол Улсын ШУА хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр байна.

Хоёр улсын шинжлэх ухааны академи хамтран ажилласнаараа ямар давуу талтай вэ?

Хоёр улсын Шинжлэх ухааны Акедемийн хамтын ажиллагааны хүрээнд судалгааны тодорхой чиглэлүүдээр хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтарсан төслүүд хэрэгжүүлснээр хоёр орны судлаачид харилцан суралцаж, туршлага солилцохоос гадна шинжлэх ухааны залуу халлаг бэлдэхэд ихээхэн дэмжлэг болж байна. Бидний хамтын ажиллагааны бас нэг онцлох үйл ажиллагаануудын нэг нь хамтарсан экспедицүүд юм.

Тухайлбал палеонтологийн хамтарсан экспедици гучаад оноос, геологийн хамтарсан экспедици жаран найман оноос, түүх, соёлын хамтарсан экспедици, мөн биологийн иж бүрэн экспедици далан оноос эхлэн судалгааны ажлаа эхлүүлж одоог хүртэл амжилттай ажилласаар байна. ОХУ-ын Сибирийн салбар нь хамрах хүрээ, газар нутгийн хувьд Оросын ШУА-ийн бүс нутгийн хамгийн том салбар бөгөөд манай улстай ойр дөт оршдог, судалгааны ажлын нилээд нь хоорондоо уялдаатай төдийгүй геологи, газар зүй, экосистемийн судалгааны обьектууд нь нийтлэг учраас бид энэ салбартай идэвхтэй хамтран ажилладаг юм.

Оросын Шинжлэх ухааны Акедемитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан гэж ярилаа. Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудаас дурдахгүй юу?

Оросын Шинжлэх Ухааны Акедемийн дэд ерөнхийлөгч ОШУА-ийн Сибирийн салбарын дарга, акедемич А.Л.Асеевын Монгол улсад хийсэн айлчлалын үеэр, МОнгол улсын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбар, МУ-ын БСШУЯ хооронд шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Уг санамж бичгийн дагуу шинэ, дэвшилтэт, технологийг хөгжүүлэх, хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор жил бүр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож 2011-2012, 2013-2014 онуудад хоёр үе шаттайгаар нийт 30 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Эдгээр хамтарсан төслүүд нь нүүрсний гүн боловсруулалт хийх, бүрэн шаталттай шахмал түлш гаргах, чацарганаас ховор эмийн бэлдмэл, цөлжилтөөс сэргийлэх, технологи боловсруулах зэрэг шууд хэрэглээнд чиглэсэн судалгаа боловсруулалтын ажлуудын зэрэгцээ байгалийн гаралтай биологийн идэвхит бэлдмэлүүдийг нанотехнологийн болон механо-химийн аргаар бий болгох зэрэг өндөр технологийн суурь судалгааны ажлууд байна. Ингэснээр бидний хамтын ажиллагаа зөвхөн мэдлэг үйлдвэрлэлийн шатанд төдийгүй эрчим хүч, экологийн үнэ цэнэ зэрэг нийгэм, эдийн засгийн шууд ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсээр байна.

Монголын залуу эрдэмтдийн холбоо энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж ойлголоо. Холбооныхоо талаар ярихгүй юу?

Тиймээ. Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулахад манай залуу эрдэмтдийн холбоо голлох үүрэгтэй ажиллалаа. Монголын залуу эрдэмтдийн холбоо нь 2001 онд анх байгуулагдсан. Нийт 700 гаруй гишүүдтэй, зургаан салбар холбоотой үйл ажилагаагаа явуулж байна. Монголын залуу эрдэмтдийн холбооны энэ жилийн гол үйл ажиллагааны нэг нь энэхүү хамтарсан чуулга уулзалт байлаа.

Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаануудаас дурдвал, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны акедеми, Шинжлэх ухааны технологийн сан, Монголын үндэсний томоохон  их, дээд сургуулиудтай хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн ООГФСТ-ын харьяа Одон орон судлах Хүрэлтогоот төвд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил “Хүрэлтогоот -2015” эрдэм шинжилгээний бага хурлаа анагаах ухаан, байгалийн ухаан, геологи-газарзүй, хөдөө аж ахуй техник технологи, нийгмийн ухаан гэсэн зургаан салбараар зохион байгуулсан. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 389 залуу судлаачийн 217 бүтээлээр зургаан товхимол номонд хэвлэгдсэн. Зургаан салбар хуралдаанаас шалгарсан 12 залуу судлаачдад Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит грантыг олгодог. Энэхүү грант нь БСШУЯ-наас залуу эрдэмтэн, судлаачдын хийж буй судалгааны ажилд үзүүлж буй бас нэг томоохон дэмжлэг юм. Монголын залуу эрдэмтдийн холбоо Шинжлэх ухааны Акедемитайгаа нягт хамтарч ажиллаж ирсний үр дүнд Монголын Залуу эрдэмтдийн бүтээл дэлхийд үнэлэгдэж эхэлсэн.