Эрх баригчид улс орны амьдралыг хөгжүүлдэггүй юмаа гэхэд хэвийн түвшинд барих хэрэгтэй байна
2016.07.05

Эрх баригчид улс орны амьдралыг хөгжүүлдэггүй юмаа гэхэд хэвийн түвшинд барих хэрэгтэй байна

ОУ-ын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоотой ярилцлаа.

2016 оны сонгуулийг та хэрхэн дүгнэх вэ? Ард түмэн өөрчилж чаддаг юм гэдгээ харуулсан сонгууль болох шиг боллоо?

Тийм ард түмэн өөрчилж чадна гэдгээ харуулсан сонгууль боллоо.Өмнөх УИХ олон түмний санаа бодолд хүрсэнгүй. Нийгмийн сэтгэлзүйд АН-аас салъя гэсэн бодол хүчтэй суужээ. Сонгогчдын боловсрол гэдэг зүйл маш чухал байдаг. Гадны улсуудад намууд ээлжлэн сонгогддог хэдий ч савалгаа бага байдаг. Харин манай улсын сонгууль  савалгаа ихтэй байна. Энэ нь сонгогчийн сэтгэлзүйтэй холбоотой.  Сонгогчид тухайн нам ямар хөтөлбөр тавьж хэрхэн биелүүлэв гэдэгт хяналт тавьж чаддаг байх ёстой.

МАН их хэцүү цаг үед төрийн эрхийг авч байна. Ер нь цаашид ямар бодлого шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой вэ?

МАН өөрсдийн саналаас гадна ард түмний дунд урт хугацааны туршид санал асуулга явуулж хөтөлбөрөө боловсруулсан. Ирэх дөрвөн жил ямар ч нам авсан их хүнд жилүүд болно.

Гадаад өр зээлээ төлөөд, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах, бүхий л үйл ажиллагааг нэгэн жигд явуулахад нилээн бэрхшээлтэй үе.

Тиймээс маш нарийн бодлого хэрэгтэй. Санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгох нь хамгийн чухал. Улс орны амьдралыг хөгжүүлдэггүй юмаа гэхэд хэвийн түвшинд барих хэрэгтэй байна.

МАН-ын мөрийн хөтөлбөртэй танилцаж амжсан уу?

Ерөнхийдөө танилцсан. Их сайхан зүйлс байна лээ. Боловсрол, ШУ-ны салбарыг хөгжүүлэх зэрэг анхаарал татсан амлалтууд байсан. Нэгэнт л ийм амлалт гаргаснаас хойш амлалтаа биелүүлэхийн тулд олон түмний санаа бодолд нийцсэн үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Өмнөх дөрвөн жилд эхлүүлсэн үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлж, буруу зүйлийг нь залруулах ёстой. Манай улсад бодлогын залгамж чанар байнга алдагдаж байдаг. Харин МАН-ын хувьд өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэхээс гадна АН-ын бодлого шийдвэрээс зөв зүйлсийг нь үргэлжлүүлээсэй гэж бодож байна.

ШУ-ны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэсэн нь хэр боломжтой амлалт вэ?

Улсын төсвийн 1.7 хувийг шинжлэх ухаанд зарцуулна гэж заасан байдаг. Гэвч одоо 0.2 хувь ч хүрэхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт маш бага анхаарсан. Ямар ч улсын хөгжил шинжлэх ухаанаас ангид байдаггүй.

Энэ салбарыг хөгжүүлэхэд юунд илүү анхаарах хэрэгтэй вэ? Шинжлэх ухааны салбарт ямар асуудал тулгамдаж байна?

Шинжлэх ухааны хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал. Олон жил бий болсон оюун ухааны нөөцийг ашиглах хэрэгтэй. Шинжлэх ухааны акедемийн харьяа 1000 гаруй эрдэмтэд бий. Зөвхөн лабориторийн түвшинд бус үйлдвэр, улс орны эдийн засгийн түвшинд эдгээр эрдэмтдийг ажиллах боломжоор нь хангах хэрэгтэй.

Төрийн бодлогоор шинжлэх ухааныг дэмжих нь чухал

Төрийн бодлогоор шинжлэх ухааныг дэмжих нь чухал. Мөн төр засгаас тодорхой зорилтуудыг гарган, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх даалгаврыг өгөх хэрэгтэй. Тэгвэл хүн бүр өөрийн дурын сэдвээр бус улс орны хөгжилд шаардлагатай асуудлыг хөндөх боломжтой болно.

Нам солигдоход төрийн албан хаагчид дагаад солигдож халаа сэлгээ их явагддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

Энэ бол маш буруу үзэгдэл. Эхлээд төрийн албаны тухай хуулийг тогтвортой болгож, хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Хуульд нь төрийн албан хаагчийн боловсрол, чадвар зэрэг тавигдах шаардлагыг нарийн тусгаж өгөх нь зүйтэй. Түүнээс биш намын харьяалалаар хандаж болохгүй.