2016.07.06

Амласан амлалтаасаа ухарч болохгүй шүү

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн хамгийн эхний асуудал бол УИХ-ын даргыг сонгох тухай асуудал байлаа.

УИХ-ын гишүүдийн дийлэнхийн саналаар УИХ-ын  гишүүн, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болсон юм. Үүний дараагаар УИХ-ын даргад хандаж гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Шинээр сонгогдсон, тангаргаа өргөсөн бүх хүмүүст баяр хүргэе.  Ажилд нь өндөр амжилт хүсье.

МАН-ын дарга УИХ-ын даргаар сонгогдож буйг би хувьдаа дэмжихгүй байна. Ялсан намын дарга Ерөнхий сайд болж сонгуулийн амлалтаа хэрэгжүүлдэг, фронтын тэргүүн эгнээнд явдаг л байх ёстой. Харин одоо Засгийн газрын томилгоог хийхэд туйлын хариуцлагатай хандах хэрэгтэй. Ачааны хүнд Монгол Улсын Засгийн газарт ирнэ. Сонгуулийн амлалтыг Монгол Улсын Засгийн газар, тэргүүн нь хариуцна.

Мөн амласан амлалтаасаа ухарч болохгүй шүү гэдгийг намынхаа нөхдөд хэлмээр байна. Нэг үгтэй, нэг нүүртэй байх ёстой шүү. Сонгуулийн өмнө нэг зүйл яриад дараа нь өөр юм ярьдаг байж болохгүй” гэлээ.