Х.Баттулгыг гүтгэсэн болохыг шүүх тогтоожээ
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга
2016.07.08

Х.Баттулгыг гүтгэсэн болохыг шүүх тогтоожээ

УИХ-ын гишүүний тангараг өргөөд буй Л.Эрдэв-Очирын сонгуулийн штабынхан сурталчилгааны явцад айл өрхөөр явж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг гүтгэсэн “кино” үзүүлсэн гэх асуудал гарсан билээ.

Тэгвэл Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх асуудлаар хуралдаж, Л.Элдэв-Очирын сонгуулийн штабын ажилтан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоожээ. Тодруулбал, Б.Мөнхдалай, С.Өнөржаргал хоёр нь Баянхонгор аймгийн Галуут сумын МАН-ын жолооч, ухуулагчаар ажилладаг байж. Энэ талаар Б.Мөнхдалай нь “...айлуудаар орж сурталчилгаа хийхдээ CD бичлэг үзүүлээрэй гэж МАН-ын штабаас өгсөн. ...Түүнийг нь айлаар орж үзүүлсэн. CD нь АН-ын талаар бичлэг байсан” хэмээн шүүхэд гаргасан тайлбартаа хэлжээ.

Эцэст нь, шүүх бүрэлдэхүүн “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасан сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараасан болох нь нотлогдсон” гэж үзээд МАН-ын ухуулагчийг 1.3 сая төгрөгөөр торгосон байна. Мөн УИХ-ын VII тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Занданшатарын төлөө санал өгүүлэхээр мөнгө тараасан гэдэг нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоогджээ. Тухайлбал, Г.Занданшатарын сонгуулийн штабт ажиллахаар Баянхонгор аймагт очсон  О.Дөлгөөн нь УИХ-ын сонгуулийн VII тойрогт нэр дэвшигч Г.Занданшатарын төлөө санал өгүүлэхээр гурван хүнд мөнгө тараах, үлдэгдэл мөнгийг нь сонгуулийн дараа өгөхөөр хэлцэл хийх замаар Сонгуулийн тухай хуульд заасан хууль бус сурталчилгаа хийсэн болох нь тогтоогджээ.

Түүнчлэн тэд “Аймгийн төвийн I ба IV багийн сонгууль өгөх насны бүх хүнд нөлөөлж, Занданшатарыг дэмжүүлэх ёстой гэж хэлээд тийм хүмүүсээ олоод иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаарыг нь авч ирэх ёстой” талаар ярилцсан байна. Мөн Б.Баттөр гэгч шүүхэд тайлбар өгөхдөө “...Би элсэхдээ гурав дахь эгнээнд пирамид маягаар салбарлаж байсан. Тэгэхэд лав 900 гаруй хүн байсан. Би элсэж ороод өөрийнхөө дор хоёр хүн олно. Тэр хоёр дахиад хоёр хүн гээд салбарлаад явдаг юм” хэмээн сонгогч хэрхэн цуглуулж байгаа талаар ярьжээ. Тэднийг шүүхээс Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн байна.