М.Энхболдод намын даргын суудлаа өгөх шаардлага тавина
2016.07.18

М.Энхболдод намын даргын суудлаа өгөх шаардлага тавина

УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын даргын суудлаа ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шилжүүлэх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тавих гэнэ.

Тэрбээр УИХ-ын анхдугаар чуулган хуралдсан өдөр /2016.07.05/ намынхаа даргыг ерөнхий сайд бололгүй, УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэн томилогдсоныг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хариуцлагаас бултлаа хэмээн мэдэгдэж байсан. Сонгуульд ялсан намын дарга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж, хариуцлага хүлээдэг. Гэвч МАН-ын дарга М.Энхболд гүйцэтгэх засаглалыг тэргүүлэлгүй, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад ачаагаа үүрүүлсэнтэй Ө.Энхтүвшин гишүүн эвлэрч чадсангүй, эрх мэдлээ мөн шилжүүлэх ёстой гэсэн шаардлага тавих гэж байгаа гэнэ. МАН-ын туршлагатай улс төрчийн тоонд бичигдэж ирсэн тэрбээр 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон дархан түшээ юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд МАН сонгуульд ялагдал хүлээн гудамжинд гарахад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тус намыг удирдан, хоёр ч удаагийн хэцүү байдлаас гаргаж, ялалтанд хүргэж байсан туршлагатай улс төрч юм. Одоо МАН-ын гишүүд туршлагатай улс төрчийнхөө үгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авах уу эсвэл эсэргүүцэх үү? гэдгийг хүлээх л үлдэж байна.