Шөнөжин хуралдсан чуулган ЗГ-ын бүтцийн хуулийг дэмжлээ
2016.07.21

Шөнөжин хуралдсан чуулган ЗГ-ын бүтцийн хуулийг дэмжлээ

 Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /VII.20/ Засгийн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох Байнгын хороод хуралдаж, цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22.00 цагийн орчим эхэлж, шөнийн 03 цаг өнгөртөл хуралдав.

Асуудал шийдсэн анхны хуралдаан, Засгийн газрын бүтэцээ шөнийн харанхуйгаар ярилцсан хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэнийг тоймлон хүргэе.


УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕНБД-ААР Ц.ЦОЛМОНГ ТОМИЛОВ

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕНБД Ц.ЦОЛМОН

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, шийдвэрлэв.

Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томиллоо. 

Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар ажил хүлээлцэн, тамгаа шилжүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байлцжээ.  

Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.

Тэрбээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус, тус ажиллаж байсан аж.


Н.БАЯРТСАЙХАНЫГ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, 95 хувийн саналаар дэмжлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг оруулж ирсэн юм.

Н.Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм байна. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.

Тэрбээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.


ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэст нь Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.07.21/ 09.00 цагаас хуралдана.  

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгасан.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ

  • Монгол Улсын Ерөнхий сайд;
  • Монгол Улсын Шадар сайд;
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  • Гадаад харилцааны сайд;
  • Сангийн сайд;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
  • Батлан хамгаалахын сайд;
  • Барилга, хот байгуулалтын сайд;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
  • Зам, тээврийн сайд;
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  • Эрчим хүчний сайд;
  • Эрүүл мэндийн сайд