Эрдэнэ.С Эрдэнэбат.Д 2016.07.21 | Сайт: News.mn

Дэд сайдын орон тоо бий болгож байгааг дэмжихгүй гэв

Дэд сайдын орон тоо бий болгож байгааг дэмжихгүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга С.Эрдэнэ танилцууллаа.

Тус бүлэг дараах үндэслэлээр Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн үзэж, дүгнэлт гаргажээ. Үүнд:

  • 1.Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй учраас дэмжих боломжгүй.
  • 2.Үйл ажиллагаа нь жигдэрч байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгасныг дэмжих боломжгүй. Эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржүүлэлтийн бодлого чухал.
  • 3.Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн боловч дэд сайд нарын орон тоог бий болгож байгаа нь дэмжих боломжгүй.
  • 4.Залуучуудын асуудал эрхэлсэн бүтэц бий болгоно гэсэн боловч хүүхдийн асуудалтай залуучуудын асуудлыг хамруулсан нь бодлогыг сулруулна гэж үзэж байна.
  • 5.Тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын нэрийг өөрчилж байгаа нь төрийн албаны мэргэшсэн байдлыг алдагдуулах эрсдэл дагуулж байна гэж үзжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бүх намууд нэгдэж байгаад Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулаад УИХ-ын сонгуулийн өмнө баталсан. Түүнд 2030 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг баталсан. Гэтэл Засгийн газрын бүтэц нь 2008 оны үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг томъёоллоор орж ирлээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал гэж оруулж ирсэн. Бүхэл бүтэн үндэсний хөгжлийн цогц бодлогыг тохируулагч агентлаг хэрэгжүүлэх болов. Үйлдвэрлэлийн бодлого нь салбар, салбартаа тусдаа байх ёстой гэсэн хариулт өгч байна. Үйлдвэржилт нэгдсэн бодлогоор явж байж, амжилтад хүрнэ гэдгийг Япон улс харуулж байгаа. Ерөнхийлөгч энэ асуудлаа анхаараач гэж байхад нулимаад оруулж ирлээ. Дээр нь нэмээд Төрийн өмчийн хороог байгуулж байна. Ийм утгагүй бүтэц байж таарахгүй.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үйлдвэржилтийн бодлогыг хаягдуулсан асуудал байхгүй. Яамдад орж байгаа үндсэн чиг үүргийг хараарай.

Өмнө нь бид нэг Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Салбарын яамны бодлогыг мэддэггүй хүн Аж үйлдвэрийн яаманд байдаг, үүнээс болж, дандаа зөрчил үүсдэг байсан. Энэ зөрчлийг арилгахын тулд салбарын яам бүр дээр үйлдвэржилт, үйлчилгээ үндсэн эрхлэх асуудлынх нь хүрээнд зохицуулагдаад явахаар тусгасан. Салбарынхаа бодлоготой уялдаж, хөгжлийн бодлого хэрэгжинэ гэсэн хариулт өглөө.