МАН хуучин тогтолцоо руугаа явж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.07.22

МАН хуучин тогтолцоо руугаа явж байна

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Ж.Батзандан болон АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар оролцсон юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон “мэргэжил”-ийн Засгийн газар бүтцээ зурж, баталлаа. Үүнд УИХ-д цөөнхийг бүрдүүлж байгаа АН-ын бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

Бид Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар нэгэн саад тээг тавиагүй. Гэвч эрх баригчид анхнаасаа хуулиа зөрчиж байна. Засгийн газрын бүтцэд зарим яам, агентлагийг татан буулгаж, үндсэн чиг үүргийн яамыг нэмлээ. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж байна гэсэн үг. Үүнээс үүдэж төрийн албыг цалгаруулах, мэргэжсэн албан хаагчдыг халж, сэлгэх зэрэг сөрөг үр дагавар гарна. Нэг үгээр хэлбэл, төрийн албаны тогтворгүй байдлыг бий болгож байна шүү дээ. Тиймээс Засгийн газрын бүтцийг дэмжихгүй гэх байр сууринд нэгдсэн. 

-Гэхдээ энэ удаагийн парламентад үнэмлэхүй ялалтыг байгуулсан МАН өөрсдийн зурсан Засгийн газрын бүтцээ хүч түрэн батлах шиг боллоо. Ер нь, та бүхний дуу хоолой, бүлгийн байр суурийг сонсов уу?

УИХ-ын байнгын хороод бүрэлдэхүүнээ баталсан боловч дарга нар нь томилогдоогүй байгаа. Байнгын хороод хуралдаанаа хийж, даргаа сонгож, чуулганаар баталдаг. Дэгийн тухай хуулиар байнгын хорооны дарга нь хуралдааныг даргалдаг. Гэтэл төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг Н.Энхболд гишүүн даргаллаа. 

-Хууль зөрчсөн гэж үү?

Тийм ээ, Н.Энхболд гишүүнийг хэн даргалах зөвшөөрөл олгосон нь ойлгомжгүй. Нөхцөл байдлын талаар Ж.Батзандан гишүүн байнгын хорооны хуралдаан дээр хэлж, тодруулсан. 

-Завсарлага өгсөн биз дээ?

Засгийн газрын бүтцийн асуудлаар хуулийн хугацаа шаардагдахгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурь болон бусад асуудлаар хэлэлцэх шаардлагатай байгаа гэсэн ч хууль зөрчсөн байдлаар хугацаатай завсарлага өгсөн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа эрх баригчид олонхиороо түрж хэлэлцлээ. Гэтэл хууль дээдлэх зарчмаар ажиллах Үндсэн хуулийн заалт байдаг. 

-МАН-ыг мөрийн хөтөлбөрөөсөө ухарч байгааг хэрхэн дүгнэж байна вэ?

Үнэмлэхүй ялалтыг байгуулсан МАН “мэргэжил”-ийн Засгийн газар байгуулахаа ард иргэдэд амласан. Тиймдээ ч УИХ-д олонхийн суудал авсан байдаг. “Давхар дээл”-ний асуудлыг эсэргүүцэж байсан, одоо яг эсрэгээрээ болж ирлээ. Бүх яамдыг дэд сайдтай болгож, Үндсэн чиглэлийн яамны тоог хоёроор нэмэгдүүлэхээр болж байна. Сонгуулиар нэг юм ярьдаг. Үнэхээр харамсалтай байна. Дараа нь тэс өөр зүйл ярьдаг. МАН яг хуучин тогтолцоо руугаа явж байна.

-Тэд “мэргэжил”-ийн Засгийн газрыг байгуулж чадах болов уу?

Эсрэгээрээ мэргэшээгүй Засгийн газар байгуулах чиглэл рүүгээ явж эхэллээ. Олон яамд, агентлагуудыг нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. МАН 100 мянган төрийн албан хаагчийн амьдралыг эрсдэлд оруулж байна. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАН-аас шаардаж байна. 

-Хуучин тогтолцоо руугаа ухарч байна гэлээ. Тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

Болгоомжлох зүйлүүд байгааг сануулмаар байна. Бид эдийн засгийн хүндрэлтэй үед улс орноо яаж авч явах уу гэдгээ өнгөрсөн жилүүдэд тодорхойлсон. Өнөөдөр орж ирж байгаа Засгийн газрын бүтцийг харахад өмнө нь гарсан ололт амжилтийг байхгүй болгож байгаа эмгэнэлтэй зүйл болоод байна. Бид парламентад суудалтай намуудтай хамтарч “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” гэдэг зүйлийг баталсан.

Энэ дээр бидний хамгийн гол зорилго бол олон тулгууртай эдийн засаг байна гэж тодорхойсон. Гэтэл одоо оруулж ирж байгаа бүтэц нь 2008 оны Үндэсний цогц бодлогод тулгуурласан байдлаар оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, 2008 онд баримталж байсан бодлогоо хэрэгжүүлэхээр оруулж ирснийг бид шүүмжилж байгаа юм. 2008-2012 оны Засгийн газрын бүтэц ямар байсан та бүхэн хараарай.

Яг одоогийн оруулж ирсэн байгаа шиг бүтэцтэй байгаа. Бүх намуудтай зөвшилцөж баталсан баримтаа хэрэгжүүлэхгүй байгаа нь ухралт руу явах зүйл рүү оруулж байна. Өнгөрсөн жилүүдэд Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, ажилласнаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нэгдсэн бодлоготой болсон. Бүтээдэг, хийдэг хэн бүхэн нэг ойлголттой болж, хөрөнгө оруулалт, хөнгөн, хүнд үйлдвэрийн жижиг дунд үйлдвэрийн бүх салбар нэг хэм рүү орж төсөл хөтөлбөр нь жигдэрч эхэлсэн үе байсан.

Экспортыг дэмжих хуулиа баталсан, экспортлогч компаниудын тоо нэмэгдсэн, гадаадын харилцаа өргөжсөн олон сайхан хөрөнгө орууллтын гэрээ хэлцлүүд хийгдсэн. Энэ бүхэн өнөөдөр байхгүй болж байгаа нь харамсалтай. Энэ асуудлаар Ерөнхийлөгч хүртэл зөвшилцлийнхөө бичигт онцгойлон хэлсэн ч хүлээж авсангүй. Үр дагавар нь яаж гарах вэ гэдгийг цаг хугацаа харуулна гэж харж байна. Өдөр бүр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулж ажиллах болно.