Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангагдлаа
2016.07.22

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангагдлаа

Энэ жил Гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэж хөгжсөний  60 жил, спортын нэгдсэн ангилалд шилжсэний 45 жил, ГУТОТС-ын холбоо байгуулагдсаны 16 жил  зэрэг тэгш ой тохиож байгаа билээ.

Энэ удаагийн Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнийг Булган аймагт 2016 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарсаны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын хамт олон тэмцээний бэлтгэл ажлыг хангах болон материаллаг баазаа бэхжүүлэх талаар идэвх санаачлага гарган тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

ГУТОТС-ын саадтай 100м-ийн төрөлтийн гүйлтийн талбайг ОБГ-ын урд талбайд байгуулж   хашаа  барих,  будах, мод тарих, далангийн хамгаалалт хийх, бусад тохижилтын ажлыг хийж дуусгаад байна.

 ГУТОТС-ын Довтолгооны шатны төрлийн тэмцээн зохион байгуулах сургалтын цамхагийг будаж өнгө үзэмжийг сайжруулан, гүйлтийн талбайг бүрэн цутгалаа.

Тэмцээний техник хэрэгсэл гүүр, самбар, байшин, тархалтын тавцан зэргийг шинээр хийж бэлэн болголоо.

Тамирчдын байрлах хотхоныг  Булган сумын 1-р багийн Дуулгат бунханы өвөрт байгуулж аймаг, нийслэлээс ирсэн баг тамирчдыг нэгдсэн зохион байгуулалттай байрлуулж ая тухтай орчин нөхцлөөр хангахаар ажиллаж байна.

 

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдарын хөгжлийг дэмжих, эрүүлжүүлэх, материаллаг баазаа бэхжүүлэх зорилгоор спорт заалны барилга байгууламжын ажлын зураг төслийг хийлгэн гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан цутгалтын ажлыг дуусган дээвэр, өрлөгийн  ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Жаргалантын аманд байрлах алба хаагчдын амралт сувиллын газарт  10х16м  хэмжээтэй 40-50 хүний сургалтын заалны барилгын ажлыг гүйцэтгэж байна.