Ж.Мөнхбат 2016.07.22 | Сайт: Vip76.mn

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 95.4 хувь дэмжлээ.

Томилгоог батлахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардын намынхан залуучуудаа дэмжиж ажиллах ёстой. Мөн Ерөнхий сайдын хувьд эмэгтэй гишүүдээ хүндэлмээр байна.

Хамгийн түрүүнд Эрдэнэт рүү анхаараарай. Монгол Улсын Засгийн газар өөрийн өмч гээд 51 хувийг хадгалж байгаа. 49 хувийг нь хувийн компани авсан. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа нь ноцтой гэмт хэрэг.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эрээвэр хураавар Засгийн газар бүрдэх нь. Засгийн газрын бүрэлдэхүүн бүтэн орж ирсэнгүй. Дөрвөн сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. АТГ-аас дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэхийг нь түдгэлзүүллээ гэж мэдээлэл яваад байна. Үүнд Ерөнхий сайд хариулт өгөөч.

МАН 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцлаа. Мөнгөний тендерийн Засгийн газар байгуулагдах шахуу явлаа. Үүнд олон нийт дургүй байгаа гэдгийг мэдэх ёстой шүү. Ард түмний сонголт учраас Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана.

Хоёр дахь амлалт “Давхар дээлгүй байна” гэдэг амлалт үгүй боллоо. Нэр дэвшигч Ж.Мөнхбатад хэлэхэд Засгийн газар бол ард түмний төлөө ажилладаг байгууллага. Хоёрхон жилийн өмнө төв талбайд маск унжуулаад давхар дээлийг эсэргүүцэж байсан. Амьдрал баян. Төрийн ноён нурууг харуулж ажиллаарай.

Ард түмэн Ардын намыг шилдэг боловсон хүчинтэй гэж үзэн сонгосон. Харамсалтай нь, ус цацлаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би сайд нарын нэрийг сонсоод шоконд орсон, ийм Засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Үнэхээр ийм мэргэжлийн бус Засгийн газар байна гэдэг цаашдаа маш их хор хохиролтой. МАН-ыг дотоод ардчилалгүй байгаад харамсаж байна. Гишүүд өчигдөрхөн л сайд нарын нэрийг мэдсэн, хоёр дарга л мэдсэн шүү. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж байгаа ч гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой байсан.

Мөн сайд нарыг нэр дэвшүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийг өрсөлдүүлж томилох байх гэж бодсон, чадсангүй. Хэтэрхий эрдэж бярдсан юм цаашдаа ямар байх болдоо гэж бодогдох юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бид шүүмжлэлийг сонсож хүлээн авах ёстой. Эрүүл шүүмжлэлээс болгоомжилж, айж, үзэн ядах ёсгүй. Эрүүлээр үг хэлэх боломжийг олгосноор цаашид алдаагаа давтахгүй, хөгжлийн ул суурь болдог. 15 сайдыг оруулаад бүгдийг нь томилох том итгэлийг ард түмэн бидэнд хүлээлгэсэн. Бусад улс төрийн хүчний гаргасан алдааг давтахгүй байгаасай. Тиймээс үлгэр жишээчээр ажиллаасай гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сайд нар томилогдсоныхоо маргаашнаас самарч эхэлнэ шүү. ЗГХЭГ-ын дарга ноён нуруутай байхгүй бол наад хэдэн сайд нар чинь яамдыг самарна. Хамгийн толгой муутай хүмүүс сайд нар байдаг. Зөв удирдахгүй бол төрийн ажлыг самарна. Төрийн ажлын туршлагагүй, бизнес хөөсөн хэдэн сайдаа сайн хазаарлаарай.

Ирэх дөрвөн жилд Тогтвортой хөгжлийн бодлогоо барьж ажиллаарай. Замаасаа төөрөөд хадуурчихав. Хэдэн сайд нараа зөв чиглүүлээд явбал Монгол төрийн бодлого зөв явна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Ж.Мөнхбатад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд онцгой анхаарна гэсэн үг. Монгол хүний эрүүл мэндийн асуудалд онцгой анхаараарай. Эрүүл монгол элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөрт онцгой анхаарахыг хүсье. Бид Монгол хүнийг ажилтай, орлоготой байлгах асуудлыг их чухалчилсан. Тиймээс ажилтай, орлоготой өрх бүлийг бий болгоход их анхаарах хэрэгтэй” гэлээ.