2016.07.22

Эрээвэр хураавар Засгийн газар бүрдэх нь

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 95.4 хувь дэмжлээ.

Томилгоог батлахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эрээвэр хураавар Засгийн газар бүрдэх нь. Засгийн газрын бүрэлдэхүүн бүтэн орж ирсэнгүй. Дөрвөн сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. АТГ-аас дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэхийг нь түдгэлзүүллээ гэж мэдээлэл яваад байна. Үүнд Ерөнхий сайд хариулт өгөөч.

МАН 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцлаа. Мөнгөний тендерийн Засгийн газар байгуулагдах шахуу явлаа. Үүнд олон нийт дургүй байгаа гэдгийг мэдэх ёстой шүү. Ард түмний сонголт учраас Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана.

Хоёр дахь амлалт “Давхар дээлгүй байна” гэдэг амлалт үгүй боллоо. Нэр дэвшигч Ж.Мөнхбатад хэлэхэд Засгийн газар бол ард түмний төлөө ажилладаг байгууллага. Хоёрхон жилийн өмнө төв талбайд маск унжуулаад давхар дээлийг эсэргүүцэж байсан. Амьдрал баян. Төрийн ноён нурууг харуулж ажиллаарай.

Ард түмэн Ардын намыг шилдэг боловсон хүчинтэй гэж үзэн сонгосон. Харамсалтай нь, ус цацлаа" гэсэн юм.