Чойжилсүрэн.Б 2016.07.23 | Сайт: Vip76.mn

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би Чойжилсүрэн гишүүнийг бага юманд итгэмжтэй хандсан гэж бодож байна. Тиймээс их юманд итгэмжтэй хандаасай гэж хүсье. Нилээн хүнд үед энэ албыг хашихаар очиж байна. Тиймээс зөв бодлого, зөв менежмент зөв багаар ажлаа явуулаасай.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Б.Чойжилсүрэнг Сангийн сайдад нэр дэвшүүлэхэд эхэндээ гайхсан. Энэ албанд санхүүгийн өндөр мэдлэг чадвар, туршлагатай хүнийг томилж ирсэн байтал санхүү, эдийн засгийн хямралтай үед өөр мэргэжлийн хүн гаргаад ирэхээр нь гайхаад МАН-ынхнаас асуусан. МАН-ынхан “Манай Б.Чойжилсүрэн толгой сайтай хүн, хар ухаантай хүн” гэж хариулсан.Таны толгойд, таны хар ухаанд итгэж байна.

Өнгөрсөн парламентад 2016 оны төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Мөнгөний бодлого дээр мөн ажиллаж байсан учраас тодорхой туршлага суусан болов уу”.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Засгийн газрын ажил бол олон ажлыг зэрэг санаачилж, хүчээ үзэж, зэрэмдэглэж болохгүй ажил шүү. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд аливаа асуудлыг санхүү хөрөнгийн хэмжээнд тохирсон байдлаар цөөн ажлуудыг төгс хийх хэрэгтэй”.  

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Сангийн сайддаа захиж үг хэлмээр байна. 2003 оны Монгол Оросын Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны гэрээг УИХ соёрхон баталсан. Энэ хууль зүйн актын дагуу үйлдвэр ажиллаж эхэлсэн. Тиймээс сангийн сайд болоод хуулийн хүрээнд нухацтай судалж үзээрэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон. Төсвийн алдагдал 1.1 их наяд байгаа, ийм хүнд нөхцөлд энэ албыг авах нь. “Эрдэнэт” саалийн үнээ хэвээр байгаа, 25-30 хувийн нөлөө үзүүлдэг. Энэ том үйлдвэрийн 49 хувийн асуудал хөндөгдөөд байгаа нь ард олонд шийдвэртэй хариу өгөх.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авсан тухай мэдээлсэн. Гэтэл арилжааны 13 банк нийлээд 500 тэрбумыг гаргах боломжгүй. Тэгэхээр нэг банк тэр хэмжээний хөрөнгө гаргахад бэрх”

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Хамгийн түрүүнд төсвийн бодит байдлын талаар гадаад, дотоодын өрийн талаар мэдээлэл хийх хэрэгтэй байх. Улсын эдийн засгийг босгоход онцгой бодлогууд явуулах ёстой. Зээл тусламж, өрийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Су.Батболд: Засгийн газрын гадаад өрийг зохицуулах шаардлага үүссэн. Төв банктайгаа нийлээд дөрвөн жилийн төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад аваарай. Ингэвэл төлөвлөлттэй болно.

Хөрөнгийн зах зээлээ олон улсын жишгийн дагуу явуулаарай. Бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь Сангийн яаманд гарах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрдэнэтийн асуудлыг шийдэхэд хаанаас эхлэх вэ? Мөн Оюутолгойн гэрээ хэлэлцээрт анхаарах хэрэгтэй. Шинэ Засгийн газарт их хэмжээний мөнгө төвлөрүүлэх боломж бий. Тиймээс үүнд онцгойлон анхаарч ажиллаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, төсвийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаараасай гэж хүсч байна. Орон нутгийн хөгжлийн сантай болсноор орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бололцоо бүрдсэн”.

УИХ-ын гишүүн Х.Оюунчимэг “Хурдан хугацаанд төсвийн тодотголоо оруулж ирээрэй. Тоог худлаа батлуулж болохгүй шүү. Төсвийн хөрөнгө оруулалтын оновчгүй байдлын илрэл сургууль, цэцэрлэг дээр харагдаж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Санхүү эдийн засгийн гүн хямралд орж, хөгжил мухардсан байдал ажиглагдаж байна. Энэ нь төрийн буруу тогтолцоотой холбоотой юм. Энэ хямрал зах зээлээс биш, улс төрөөс угшилтай. Тиймээс төрийн тогтолцоог өөрчлөх шаардлага үүсээд байна.