Бямбацогт.С 2016.07.23 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн сайд боллоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн сайд боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлэг хүлээв.

Сайдад нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АТГ-ыг татан буулгаж, мөрдөх албыг байгуулаач гэж хүсч байна. Зөв юмын төлөө хөдлөх ёстой. Эрдэнэтийн эзэн тодруулах их ажилд та мордох нь дээ. Эр зоригтойгоор ажиллана шүү.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бизнесийн эрх зүйн орчинг бий болгоход анхаарах. Эдийн засаг хүндэрсэн нь бизнесийн байгууллага муу ажилласандаа биш засаглал оновчтой биш, улстөржилт маш их учраас бизнестээ саад учруулж байна. Бизнесийнхэн айх аюулгүй ажиллах боломжоор хангагдах ёстой. Засгийн газар, төр бизнестээ өөрийгөө хөгжүүлж явах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх.

Бизнесийн айдас хүйдсийн тухай ярихад хуулийн байгууллага нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зүйл бий.

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тайван орчин бүрдвэл ажлын байр бий болгоход ч нэмэртэй,  эдийн засгийн хүндрэлийг давахад ч хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “МАН-ын мөрийн хөтөлбөрт төрийн дампуурлыг засна гэж амласан.  Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу ард иргэдийн саналыг авна. Энэ хуулийг эргэн хараарай. УИХ төр ард түмнийг холбодог гүүр. Тиймээс хууль тогтоох дээд байгууллагын хувьд хамтран ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тахарын алба татан буугдлаа, гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг яаж бий болгох вэ гэдгээ оновчтой болгоорой.

Цагдаагийн байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаарай. Сонгуулийн дараа явцуу сонирхлоор цагдааг хөдөлгөв. Ноён нуруутай хандаарай. Бизнесмэнүүд хувийн сэдэл агуулсан хүмүүс шахаас дарамт үзүүлнэ. Монгол төрийн тогтвортой байдал нэг номер, хүний эрх нэг номер.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монголын төр өнгөрсөн хугацаанд ард түмэндээ дүлий хандсан. Өнгөрсөн хугацаанд Бямбацогт дарга нэр төртэй ажилласан. Олон чухал хуулийн ард гарсан. Тиймээс хуульзүйн сайдын ажлыг сайн хийж, ард иргэдийн хүсэн хүлээж буй шийдвэрийг гаргаж чадна гэж итгэж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Цагдаагийн байгууллагын улстөржсөн томилгоог зогсоогоорой. Цагдаагийн хуулийг ойрын хугацаанд оруулж ирээд батлуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэн дуртай нь цагдаагийн албыг улстөржүүлж томилгоо хийдэг. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.