ЭРДОГАНЫ ЭХЛҮҮЛСЭН “ШУЛМЫН АНГУУЧЛАЛ”
2016.07.27

ЭРДОГАНЫ ЭХЛҮҮЛСЭН “ШУЛМЫН АНГУУЧЛАЛ”

Туркийн цэргийнхний төрийн эргэлт хийх гэсэн оролдлого амжилтгүй болсны дараа тус улсад өргөн хэмжээг хамарсан баривчилгаа эхлэв. Мөрдөлт, мөшгөлтөнд цэргийнхнээс гадна энгийн иргэд ч өртөж байна. “Шулмын ангуучлал” эхэлснээр олон мянган хүн эсэргүүн болж, зуу зуун боловсролын байгууллага хаагдаж, өсвөр насны хүүхдийг хүртэл “төрд урвасан” хэргээр баривчилж байна.

Шүүх хурал, мөрдөх ажиллагаа явуулалгүй 10 орчим мянган хүнийг баривчилснаас олонхи нь 15-ны өдрийн явдалд оролцоогүй байна. Цэргийн албан хаагчдаас гадна шүүгчид, их сургуулийн багш нар, сэтгүүлчид зэрэг олон чиглэл, мэргэжлийн хүмүүс баривчлагджээ. Amnesty International олон улсын байгууллагын мэдээлснээр баривчилгаанд байгаа хүмүүсийг таагүй нөхцөлд хорьдог, өлсгөдөг, цангаадаг, зодож нүддэг, доромжилдог, тэр байтугай хүчирхийлдэг ажээ.

Эрх баригчдын бүрэн хяналтанд байдаг Туркийн телевизийн сувгуудаар зодуулж эрэмдэглүүлсэн цэргийн дээд албан тушаалтнуудыг харуулдаг байна. Өнгөрсөн долоо хоногт нийтдээ 60 гаруй мянган хүн ажилгүй болж, 15 их сургууль, 1000 гаруй дунд сургууль, зуу зуун ТББ, олон арван үйлдвэрчний эвлэл хаагджээ. 120 гаруй мянган сурагч сургуульдаа явж чадахаа байжээ.

Дундад зууны харанхуй бүдүүлэг үед эмэгтэй болж төрснөөрөө шулам хэмээн буруутгагдаж галд шатдаг байсан. Харин 21 зууны Туркэд сөрөг хүчинг дэмждэг хүн буруутан болж байна. Эрдоганы ойрын хүн, Анкара хотын дарга Мэлих Гёкчэк нь цэргийнхнийг турхирсан гэгдэж буй Гюленыг “жиннүүдийн” тусламжтай цэргийнхнийг удирдсан гэж хэлжээ. Жинн гэдэг нь эртний арабын домогт гардаг шулам ажээ.

Туркийн ард иргэдийн дунд Гюленыг үзэн ядах уур амьсгал хүчтэй байна. Гэхдээ хүмүүс мөрдөлт мөшгөлтөөс айсандаа Эрдоганыг дэмжиж байгаа дүр үзүүж байна. Гэвч дүр эсгэсэн хүн болгон аврагдахгүй. Өмнө нь ямар нэгэн байдлаар Эрдоганыг муулсан, эсвэл муулсан гэж гүтгүүлсэн хүмүүс эсэргүү болж байна гэхэд хилсдэхгүй. Учир нь 30 мужийн амбан захирагчийг халсан, их сургуулиудын бүх факультетын декануудыг “өөрийн хүслээр” ажлаа өг гэж шаардсаныг өөрөөр тайлбарлах аргагүй юм.

Нэг үгээр Туркийн эрх баригчдын талд орохоос өөр сонголт хүмүүст үлдсэнгүй.

Сөрөг хүчний намуудын хувьд байдал адилхан. Тэд бүгд төрийн эргэлт хийх оролдлогыг буруушаасан. Ардын Бүгд Найрамдах Нам, Үндэсний үйл хэргийн нам, Ардчилсан нам зэрэг улс төрийн хүчнүүд эрх баригч Хөгжил, шударга ёсны намын хамт цэргийнхний үйлдлийг буруутгасан.

Удахгүй Эрдоган бүх намын дарга нартай уулзах бөгөөд бүгд найрамдах засаглалтай Турк улсаа Ерөнхийлөгчийн засаглалтай болгох асуудлыг хэлэлцэж эхэлнэ гэж ажиглагчид үзэж байна. Ийм байдлаар намууд болон олонд нэртэй сэхээтнүүд доголонгийн газар доголон, сохорын газар сохор болон явж байна.

Засаглалын хэлбэрийг өөрчлөх эсэхийг Үндэсний хурал шийднэ. Санасандаа хүрэхэд Эрдоганд хоёр намын дэмжлэг хангалтгүй. Тиймээс тэр эдүгээ бий болоод буй хүн амын дундах айдсыг ашиглаад улс төрийн хүчнүүд болон тэдгээрийн гишүүдийг дарамтлах тактик барьж байна. Сөрөг хүчний парламент дахь гишүүдээс хэн нэгэн нь таалагдахгүй бол гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх болно.

Хуулийн ийм өөрчлөлтийг өнгөрсөн хавар оруулсан. Үндсэн хуулинд заасан 367 саналын дэмжлэг авахад Эрдоганд 11 гишүүн хэрэгтэй. Муугаар бодоход асуудлыг бүх ард түмний санал асуулгаар хэлэлцүүлнэ. Энэ тохиолдолд Эрдоган өөрийгөө дэмжүүлэхийн тулд төрийн эргэлт хийх оролдлоготой холбож хүмүүсийг айлгах нь гарцаагүй. Ерөнхийлөгчөө бүх эрхийг гартаа төвлөрүүлэхийг эсэргүүцдэг Туркийн ард иргэд ийнхүү аргагүйдсэн сонголт хийхээр болж байна.