Батзандан.Ж Пүрэвдорж.Б Ганболд.Д Оюундарь.Н Ш.Раднаасэд Б.Дэлгэрсайхан Цогтбаатар.Д undefined undefined undefined undefined undefined undefined undefined undefined undef 2016.08.01 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Байнгын хороодын харьяа дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн дэмжив

Байнгын хороодын харьяа дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн дэмжив

Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2016.07.29/ хуралдаанаар Байнгын хороодын харьяа дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар тогтов.

Хууль зүйн байнгын хороо:

Хүний эрхийн дэд хороо

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 18 цаг 13 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав.

Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн саналыг харгалзан тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энхболд нарыг харьяалуулан батлахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Төсвийн байнгын хороо:

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

Төсвийн байнгын хорооны хуралдаан 18 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг танилцуулсан юм. Тус дэд хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурал дахь МАН, Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарын бүрэлдэхүүнтэй батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Тус байнгын хорооны хуралдаан 18 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хороонд харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг дөрвөн дэд хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг харгалзан батлахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Ёс зүйн дэд хороог одоогоор Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын, Нутгийн удирдлагын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Б.Наранхүү, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Э.Цэрэнбат, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Харин хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулдаг. Иймээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг батлахыг дэмжлээ.

Мөн Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 19 цаг 09 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнийг байнгын хорооны дарга Ц.Гарамжав танилцуулав.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд намын бүлгүүдийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарыг харьяалуулан батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

Тусгай хяналтын дэд хороо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 19 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Дэд хорооны бүрэлдэхүүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр танилцуулсан юм.

Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлдэг.

Тус дэд хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд намын бүлгийн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарыг харьяалуулан батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 19 цаг 26 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.6, 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу тус дэд хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд намын бүлгүүдийн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, С.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, С.Эрдэнэ нарыг харьяалуулан батлахаар болов.

Эдийн засгийн байнгын хороо:

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Л.Элдэв-Очир нарыг, харин Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, З.Нарантуяа нарыг харьяалуулахаар санал болгосон ч Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нэрээ татсан юм. Иймээс дэд хороог дээрх нэр бүхий найман гишүүний бүрэлдэхүүнтэй батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.