Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
2016.08.03

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.31/ Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагч орнуудтай хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээг 1994 оноос байгуулан дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.  

Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар гадаад улс, олон улсын байгууллагаас авах хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээ нь Улсын Их Хурлаас соёрхон баталснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэхүү гэрээний дагуу тухайн гэрээнд заасан төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хуулиар тогтоосон зарим татвар, хураамжаас чөлөөлөх үүргийг хүлээдэг.

Мөн зээлийн болон буцалтгүй тусламжийн гэрээнд тухайн гэрээнд заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн санхүүжүүлэгч байгууллагын дүрэм, журмыг мөрдлөг болгохоор заасан байдаг.  

Гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь харилцан адилгүй байдаг онцлогийг харгалзан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг арилгах, уг төсөл, арга хэмжээний хүрээнд гүйцэтгэгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөлд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай бараанд гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацааг тогтоох талаарх зохицуулалтыг тусгасан болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.  

Хуулийн төсөл  батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үүсээд байгаа хүндрэлүүдийг арилгаж, төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.