2009.02.23

Мэндчилгээ

Хөвсгөлчүүд та бүхэндээ XVII жарны шороон үхэр жилийн мэнд дэвшүүлье. Өнтэй сайхан өвөлжиж байна уу. Улирч байгаа ам цагаан хулгана жил хөвсгөлчүүд та бидний хувьд олон сайхан үйл явдлаар дүүрэн, амжилт бүтээлийн олз омогтой жил байлаа. Монголдоо хамгийн олон мал тоолуулж өмнөх амжилтаа бататган, аймаг, сум, багаа хөгжүулэхэд иргэн бүр хүчин зүтгэл гаргалаа. Юуны өмнө надад өндөр итгэл үзүүлж, УИХ дахь төлөөллөөр сонгосонд гүн талархал илэрхийлье. Та бүхэн намайг дэмжсэн шиг нутаг, зон олныхоо гэсэн сэтгэл, зүрх надад бий. Нутгийнхаа ард, иргэдийн төлөөлөл гэдгээ гүнээ ухамсарлаж, өөрийн эрх ашиг, сонирхлыг хойш тавьж, аливаа шахалт, нөлөөлөлд авталгүй та бүгдийнхээ дуу хоолойг УИХ-д илэрхийлж байх болно. Та бүгдийнхээ дунд өссөн нутгийн хүний хувьд Хөвсгөл нутгаа, та бүхнийхээ амьдралыг илүү сайн мэднэ. Би урьд өмнө амжуулснаасаа илүү ихийг нутагтаа хийж бүтээнэ гэж та бүхэндээ амалсан. Түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн, амжуулах болно гэдгээ энэ ялдамд дахин илэрхийлье. 2009 онд манай аймагт 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, 18 тэрбум төгрөгийг тухайн жилдээ ашиглах болно.
Шинэ онд "Нутгаа хөгжүүлж, амьдралаа дээшүүлнэ" гэсэн уриан дор нэгдэж, хамтын хүчин зүтгэлээ зориулахыг та бүхэндээ уриалах байна. Бидэнд илүү хөгжиж, сайхан амьдрах олон боломж бий. Хосгүй сайхан нутаг, хамгийн олон мал, хэрэглээний том зах зээл гээд олон давуу талаа хөгжлийн үндэс болгож ашиглах ёстой. Бидэнд уламжлалт мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ онгон сайхан байгаль, ан амьтдаа хамгаалж гадаадынхны сэтгэлийг татан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь урт хугацаанд хэдэн үеийг маань тэжээх орлогыг авчирна. Нутгийн минь баялагт шунагсадын өмнө Хөвсгөл нутгаа онгон төрхөөр нь авч үлдэхийн төлөө хүчээ нэгтгэхийг та бүхнээсээ хүсье. Айлчлан ирж буй шороон үхэр жилд өмнөх амжилтаа бататган, баяжуулах хариуцлага та бидэнд ноогдож байна.
Шинэ он нутагт минь хөгжил, дэвшил авчирсан сайхан жил байх болтугай. Айлчлан ирж буй XVII жарны шороон үхэр жилд нутгийнхан та бүгдийн минь ажил үйлс өөдрөг, мал сүрэг нь өсөж, эрхэлж буй бизнесийн нь орлого нэмэгдэн, айл бүхэн аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан байхын ерөөл өргөе.


Та бүгдийгээ хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.