Болор.Б 2016.05.31 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив
Сангийн сайд Б.Болор

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.05.31/ өргөн барив.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан нэг тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Уг хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээхээр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан, холбогдох яамдын Сайд, газрын дарга нарын төлөөлөл ажиллаж байгааг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Дээрх ажлын хэсэг болон Сангийн яам зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн саналуудыг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр хэлэлцжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.