УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2016.08.05

Хууль зүй, дотоод хэргийн сайд ОӨУБЕГ, ХХЕГ, ШШҮХ зэрэг агентлаг, байгууллагын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр тус яамны харьяа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

ОӨУБЕГ-ын иргэний бүртгэлийн архив өдөрт 400 орчим иргэн үйлчлүүлдэг бөгөөд архивын баримт материалыг хадгалах байр савны хүрэлцээ хангамж муу, Койкагийн шугамаар дараагийн шатны төсөл хэрэгжсэнээр бүрэн цахим архивтай болох боломжтой болж байгаа талаар танилцуулж байв. Түүнчлэн улсын хэмжээнд хаягийн зөрчил арилгах, Иргэний бүртгэлийн хуулийг яаралтай шинэчлэн батлах шаардлага байгааг уламжлав.

ХЗДХэргийн сайд энэ үеэр 9 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангахыг онцлон хэлэв. Мөн тухайн байгууллагын удирдлагуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд, санал боловсруулж танилцуулах талаар чиглэл өгч, үүрэг болголоо.