"Дисковер Монголиа" олон улсын чуулга уулзалт ирэх сард болно
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд
2016.08.08

"Дисковер Монголиа" олон улсын чуулга уулзалт ирэх сард болно

"Дисковер Монголиа" уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8, 9-нд болно

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой “Дисковер Монголиа-2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаар ярилцлаа.

-“Дисковер Монголиа”-гийн онцлогоос яриагаа эхэлье?

Энэ жилийн “Дисковер Монголиа” маш онцлог үед болж байгаа. УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Нэг нам дийлэнх олонх боллоо. Эдийн засаг хүндхэн энэ үед улстөрийн бужигнаан эдийн засагт давхар дарамт болохгүй болов уу гэсэн найдлага, хүлээлт хөрөнгө оруулагчдад байна. Тэр ч утгаараа “Дисковер Монголиа” “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриаг сонсгоод байгаа. Мэдээж улстөрийн талаас нь харж энэ уриаг сонгосон.

Үндсэн гол илтгэлүүдийн сэдэв тодорхой болсон. Түрүүчийн алдаануудаа олон жил ярилаа, цаашид авах арга хэмжээгээ онцолж ярья гэсэн чигийг барьж байна. “Дисковер Монголиа”-гийн хөрөнгө оруулагчдыг татдаг хамгийн гол арга хэмжээний нэг нь “Засгийн газрын цаг" байдаг. “Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулахад Уул уурхайн яамнаас бүрэн дэмжлэгтэй ажиллана гэж байгаа.

-Тэгэхээр хөрөнгө оруулагчид сонирхсон яамдынхаа хүмүүстэй уулзах боломжтой байх нь ээ?

Тэгнэ. Ирэх дөрвөн жилд засгаас барих бодлогыг “Засгийн газрын цаг’’-аас мэдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Уул уурхайн яамны төлөөлөл оролцоно. Үүнээс гадна Сангийн яам, Байгаль орчны яам, Зам тээвэр дэд бүтцийн яам, Хөдөлмөрийн яамнаас төлөөлөл оролцоно. Хөдөлмөрийн яамны тухайд гэхэд л аль ноднин өөрчилнө гэж байсан ч гацсаар өнөөг хүрсэн Хөдөлмөрийн хууль буюу хөдөлмөрийн зохицуулалтын асуудлууд бий. Уул уурхай бол манай бодлогын яам.

Хүнд үйлдвэрлэлийн асуудлаа нэмж хариуцахаар болсон. Энэ асуудлаа цаашид яаж хослуулж авч явах талаар сонсмоор байна. Сангийн яамны байр суурь ч хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа. Татвараас эхлээй анхаарал татсан өчнөөн асуудал бий. Төсвийн алдагдал өмнөхөөс эрс ихэслээ, 1.6 триллион хүрлээ, бидэнд яах ч арга алга гээд суух нь уу, эсвэл татварын таатай орчин амлах нь уу гэдгийг хөрөнгө оруулагчид хамгийн их сонирхож байгаа.

Зохион байгуулагчийн хувьд Сангийн яам татвар дээр яг ямар байр суурь илэрхийлж, юу гэж дуугарахыг хөрөнгө оруулагчдад сонсгох зорилго бий. Байгаль орчны яамны тухайд уул уурхайн салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгаа. Нөхөн сэргээлтийн 50 хувийг урьдчилан байршуулаад дараа нь юу хийдэг вэ гэдэг нь их сонин.

Урьдчилан байршуулна гэдэг үнэн хэрэгтээ дээрэм. Өөр газар байсан бол хүү бодогдоод явах ёстой мөнгийг байршуулаад дарчихдаг сонин тогтолцоо бий болчихсон. Дүйцүүлэн хамгаалах гэж сонин зүйл бий. Шуудхан хэлэхэд яам нь өөрөө ч ойлгодоггүй. Ядахад хуулиндаа хүртэл оруулчихаад учраа олохгүй явж байгаа. Энэ мэтчилэн олон асуудал бий.

-Яамдын хувьд энэ мэт хөндөж ярих асуудал уул уурхайн салбарт цөөнгүйбий. Энэжилийн “Дисковер Монголиа”-гаар өөр ямар асуудлыг онцолж хөндөх бол?

Гадаадын Засгийн газруудын хөрөнгөөр Монголын уул уурхайн салбарт чадавх бэхжүүлэх төслүүд гэж байдаг. Яг юуных нь чадавхийг яаж бэхжүүлэх гээд байна гээд харахаар их сонин зураг харагддаг. Тодруулж хэлбэл маш олон давхцал байна. Хөндөж ярих асуудлын нэг бол энэ. Гадаад зах зээлийн нөхцөл маш их нөлөөлж байна гэж ярьж байгаа. Үүн шиг худлаа юм байхгүй. Учир нь манай улсын эдийн засаг зөвхөн Хятадын зах зээлээс бүрэн хамаарч байгаа.

Тэр дундаа уул уурхайн салбар урд хөршөөс зуун хувь хамаардаг. Уул уурхай эдийн засагт голлох үүрэгтэй гэдгийг бид дээр дооргүй мэднэ. Тийм учраас судалгаа, шинжилгээ хийдэг СRU группийн төлөөллийг урьж оролцуулах гэж байна. Олон улсын хэмжээнд ажилладаг энэ байгууллагын төлөөлөл Хятадын эрэлт хэрэгцээ, зах зээл Монголын түүхий эдийн нийлүүлэлтэд яаж нөлөөлөх вэ гэсэн сэдвээр илтгэл тавина.

-СRU-гаас ямар хүн ирж илтгэл тавих юм бол?

Уул уурхайн бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ хийдэг энэ байгууллагын Хятад дахь оффисийнх нь захирал Жон Жонсон гэдэг хүн ирэх юм. Хятадын эрэлт хэрэгцээ Монголд яаж нөлөөлж байна вэ гэдэг сэдвийг барьж илтгэлээ тавина.

-Уул уурхайд хамаатай чигийн агентлагуудаас төлөөлөл орох уу?

Энэ жилийн тухайд агентлагуудаас нэг их хүн оруулах бодол алга. Яагаад гэвэл засаг дөнгөж бүрдэж байгаа энэ үед агентлагууд юу хийх талаараа тодорхой төсөөлөлгүй суугаа.

-“Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр ямар илтгэлүүд тавигдах вэ?

Үндсэн илтгэлийг манай ассоциацийн ерөнхийлөгч тавина. Өнгөрсөндөө дүгнэлт хийж ирээдүйдээ ямар алхам хийвэл зөв явах талаар хөндөнө. Илтгэлийн түлхүүр мессэж гэвэл энэ. “Эрдэнэс Монгол” энэ жилийн “Дисковер Монголиа”-гийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Тэр утгаараа гол илтгэлийн нэгийг энэ байгууллагын зүгээс тавина. Цаашид яаж хөгжих талаараа ярих болов уу. Судлаач М.Дагва бүс нутгийн өрсөлдөх чадвар, тэр дунд Монгол ямархуу явааг илтгэлдээ онцолно. Дэд бүтэц, төмөр зам алга энэ тэр гэсэн ердийн, өмнө нь ярьсаар улиг болсон зүйл ярихгүй. Илүү макро төвшинд асуудлыг хөндөнө.

-“Дисковер Монголиа”-г дэмжиж ажиллаж байгаа компаниуд хэр олон байна?

Эдийн засаг хэцүүхэн үед дэмжиж ажиллах компани ховор байна. Хайгуулын чиглэлээр амжилттай ажиллаж байгаа “Эрдэнэ ресурс" дэмжиж ажиллах нь тодорхой болсон.

-Компаниуд чуулга уулзалтад оролцохоо илэрхийлээд эхэлчихсэн үү?

Хайгуул болон бэлэн болж буй төслүүдтэй танилцах сонирхолтой компаниуд олон байна. Эхнээсээ сонирхлоо илэрхийлээд эхэлчихсэн. Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа учраас ханган нийлүүлэгчдийн сонирхол өндөр байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байна?

Хятадын талаас сонирхол өндөр байна.

-Чуулга уулзалт хаана, хэзээ болох вэ?

Есдүгээр сарын 8-9-нд “Согрогаrе соnvөntion сenter’’-т болно.