Үерт автсан айлуудыг нүүлгэж байна
ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа
2016.08.09

Үерт автсан айлуудыг нүүлгэж байна

 Хүчтэй аадар бороо орсны улмаас хот, хөдөөгүй үер усны аюулд өртөх нь их байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн ням гаригт Увс аймгийн Улаангомд хүчтэй аадар бороо орсноос үер бууж, олон арван айл өрх усанд автжээ. Энэ талаар ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.

-Увс аймагт гарсан үерийн улмаас хэчнээн айл өрх усанд автав. Одоо ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Увс аймагт энэ сарын 7-нд буюу өнгөрсөн ням гаригт 10 минут орчим үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, хүчтэй салхи шуурга болсон. Үерийн улмаас 500 гаруй айл өрх усанд автаж, 10 айлын гэр нурж, 50 аж ахуйн нэгж, албан байгууллага усанд автсан гэх дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын газар болон холбогдох мэргэжлийн бусад байгууллагууд ажиллаж байна.

Аймгийн Онцгой комисс энэ сарын 7-нд хуралдаж, усанд автсан таван багийн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, усанд автсан орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын усыг зайлуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, холбогдох мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийг дайчлан ажиллуулах, гамшгийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоох шийдвэр гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Ялангуяа, үерт автсан гэр хорооллын айл өрхийн бохирын цооног хальсан нөхцөл байдалтай байгаагаас яаралтай ариутгаж халдваргүйжүүлэх, зарим айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа. Аймгийн зүгээс ариутгал халдваргүйжилтийн бодис дутагдалтай байна гэсэн хүсэлт гаргаад байна. Одоогоор сэргээх, босгох арга хэмжээнд орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд нийлсэн 120 гаруй алба хаагч, тээврийн 20 гаруй хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

-Үерийн улмаас амь нас нь хохирсон, гэмтэж бэртсэн хүн бий юү?

Одоогоор эмнэлэгт хүргэгдэж, амь нас эрүүл мэндээр хохирсон хүн байхгүй. Эд хөрөнгийн хохирол гарсан. Хохирлын хэмжээг одоогоор гаргаагүй. Аймгийн хэмжээнд ажлын хэсэг гарч ажиллаж байна. Увс аймагт орсон арван минут үргэлжилсэн бороо нь Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд тусгаснаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

-Ойрын үед бороо орно хэмээн цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Иргэдийг үер уснаас сэрэмжлүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

Өнөөдрөөс баруун аймгийн нутгаар цаашлаад ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тиймээс ОБЕГ, нийслэл, орон нутгийн цаг уурын байгууллагатай хамтарч иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

-Үер усны хэчнээн тохиолдол гараад байна вэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн усанд осолдсон бэ?

Голын усны түвшин зарим газарт үерийн хэмжээг давсан, олон жилийн дунджаас ахиу байна. Тиймээс цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллийг үндэслэн иргэдэд сэрэмжлүүлгийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар усны ослын нэлээд олон удаагийн тохиолдол гарсан. Тодруулбал, 78 удаагийн тохиолдлоор нийт 90 хүн амь насаа алдсан. Үүний 30 нь бага насны хүүхэд байна. 90 хүний 40 нь зөвхөн долдугаар сард осолдсон. Наймдугаар сар гараад 13 иргэн усанд амь насаа алдсан бүртгэл байна.

Ялангуяа хэт халуун өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаагаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол ихэссэн байна. Албан байгууллага, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд ордог, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, үерийн аюултай үед гарц гарамгүй газраар гол гаталдаг нь усны ослын голлох шалтгаан болж байгаа юм. Дээр нь хүүхдийг хараа хяналтгүй орхисноос бага насны хүүхэд усанд осолдох тохиолдол буурахгүй байгаа. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж байна.

-Их халж байгаагаас үүл буудсан гэх мэдээлэл байна?

Үүлэнд нөлөөлсөн гэх мэдээлэл манайд ирээгүй. Түүнийг тодорхой үе шаттайгаар, нөхцөл байдлыг судалсны үндсэнд цаг уурын байгууллагаас явуулдаг. Бид байгалийнхаа үзэгдлээр бороо орж байгаа гэж ойлгож байгаа.

-Баян-Өлгий аймагт гарсан үерийн улмаас олон айл өрх усанд автсан. Тэнд нөхцөл байдал ямар байгаа вэ?

Баян-Өлгий аймагт сэргээн босгох ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Нийт 2.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоо гарсан. Үерийн улмаас 105 айл орох оронгүй болсон. Үүний 96 айл өрхөд иж бүрэн гэр олгосон. Үлдсэн айл өрхөд тодорхой тусламжийг үзүүлж байна. Мөн үерийн эрсдэл бүхий газар суурьшсан болон үерт өртсөн айл өрхөд шинээр газар олгосон. Харин дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байгаа гэх мэдээллийг манайд ирүүлсэн. Үүний дагуу манайх Эрчим хүчний яаманд тус мэдээллийг уламжилсан.

-Үерт автсан айлуудад гэр олгох санхүүжилтийг хаанаас гаргасан бэ?

Орон нутгийн Гамшгийн нөөц сангаас, шаардлагатай гэж үзвэл тодорхой хувийг Засгийн газраас гаргаж байна.