Нийслэлийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа
2016.08.10

Нийслэлийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзаж байхаар болсон.

Тэрээр өнөөдөр газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авч уулзав. Иргэд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан, газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс газрын маргаан, дүүргүүдийн газрын албаны мэргэжилтнүүдийн хүнд сурталтай холбоотой гомдлууд их ирж байна. Төрийн албан хаагчид иргэдээс ирсэн хүсэлтийн хариуг өгөхдөө тухайн иргэнтэй биечлэн уулзаж маш тодорхой тайлбарлаж өгөх шаардлагатай. Бид иргэддээ үйлчлэх ёстой болохоос биш хүнд суртал гаргах ёсгүй гэдгийг хатуу анхааруулж ажиллах болно.

Мөн газар олгохдоо сугалаагаар азаа үздэг уг аргыг зогсоож, газар олголтыг нээлттэй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж ажиллана. Цаашид нийтийн эзэмшлийн талбайд барилга бариулахгүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй барилга барьсан тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд хариуцлага тооцно” гэлээ. Мөн тэрээр иргэдээс ирсэн гомдлуудыг дахин шалгуулж, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.

Нийслэлийн Засаг дарга дараагийн уулзалтаа нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  “Дүнжингарав”  салбарт хийх юм. Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хүссэн иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж, хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.