З.Нарантуяа 2016.08.10

Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны удирдлагыг томилов

Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн  хорооны удирдлагыг томилов

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тус хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулсан юм.

Нэр дэвшигч С.Даваасүрэн нь 1995 онд МУИС-ийг төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, Английн Манчестрийн их сургуульд мастер, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, АНУ, Англи, Югослав зэрэг улсад мэргэшил дээшлүүлжээ.

Нэр дэвшигч С.Даваасүрэн

Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж иржээ.

Мөн энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. Тус байнгын хороо С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулах Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжсэн юм