Эрдэнэбат.Ж 2016.08.15 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Ж.Эрдэнэбат: Монгол судлалын чанар, үр дүнг шинэ шатанд гаргах хэрэгтэй

Ж.Эрдэнэбат: Монгол судлалын чанар, үр дүнг шинэ шатанд гаргах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдад Засгийн газар, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүслээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Монгол судлаачдыг гадна ертөнц дэх монгол орон, монголчуудын элч төлөөлөгч гэж болно.

Тиймээс монгол судлаачдын тоо өсөж, монгол судлалын сургалт, судалгааны төвүүд нэмэгдэхийн хэрээр гадаад ертөнц бидний талаар хамгийн бодитой, үнэн зөв мэдээллийг авах болно.Ийм боломж улам өргөжиж байна” гэж тэмдэглэлээ.

Төр, засгаас монгол судлалыг бодлогоор дэмжих болсноор энэ салбарт эерэг дүн гарч эхэллээ.

Монгол судлалын байгууллага, эрдэмтдийн сургалт, судалгаа идэвхжиж, БНУУ-ын Өтвөш Лерандын их сургууль, АНУ-ын Берклей их сургууль  монгол судлалын салбар шинээр нээсэн бол ХБНГУ-ын Бонны их сургууль, сургалт, судалгаагаа үргэлжлүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж  байна. Канад, Итали, Турк зэрэг улс монгол судлалын төв шинээр нээх талаар санал солилцож байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, судалгааны томоохон суурь бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх чиглэлээр ч санаачилга гарч байна. 

Монгол судлалыг бодлогоор дэмжсэний дүнд сонирхон суралцагч оюутан залуусын идэвх сэргэж эхэллээ. Тухайлбал өнгөрсөн жил зохион байгуулсан Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуульд дэлхийн 10 орны 17 төвийн 28 залуу судлаач оюутан оролцсон бол энэ жилийнхэд 12 орны 19 төвийн 30 залуу судлаач оролцохоор болжээ.

Гэхдээ монгол судлалын салбарт хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд багагүй байна.

Төсөв хөрөнгөөс шалтгаалж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжиж чадахгүй байгаа учир хүсэлт гаргасан төвүүдэд жил бүр ээлжлэх зарчмаар дэмжлэг олгож ирсэн байна. 

Иймээс төсөв мөнгөний боломжийг бүрдүүлж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжих, батлагдсан зардлыг түргэн шуурхай шилжүүлэх талаар анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох байгууллагад чиглэл болгоно гэдгээ монголч эрдэмтдэд амлалаа.