Эрдэнэ.С 2016.08.16 | Сонин: Өдрийн сонин

С.Эрдэнэ: Үнэндээ фракц жижиг, том бүх намд байдаг зүйл тогтол л доо

С.Эрдэнэ: Үнэндээ фракц жижиг, том бүх намд байдаг зүйл тогтол л доо
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийндарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан удахгүй болох товтой байгаа. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх бол. Намын даргын асуудлыг хэлэлцэх болов уу?

-ҮЗХ-ны хуралдаанаар гол нь намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн болон намын их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах юм. Мөн намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно.

Намын үндсэн дүрмийн дагуу намын даргыг Их хурлаараа сонгодог. Тэгэхээр ирэх арванхоёрдугаар сарын 6-ны намын их хурлаар албан ёсны намын дарга сонгогдох ёстой.

Одоо ҮЗХ- ны хуралдаанаар томилогдох намын даргын үүрэг гүйцэтгэгч намын их хурлыг амжилттай хуралдуулах бүх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Улмаар намын их хурлаар шинэ дарга сонгогдсоноор ажил үүргийн хуваарь нь дуусна.

-ҮЗХ-ны хуралдаан угтаад намаа шинэчлэх тухай яриа хөөрөө их гарч байна. Таныхаар шинэчлэлийг яг яаж хийх нь зүйтэй вэ?

-Би хувь хүнийхээ зүгээс л санаа бодлоо илэрхийлье. Даргаа солих юм уу одоо намын удирдлагад байгаа хэдэн хүн өөрчлөгдсөнөөр шинэчлэгдэхгүй шүү дээ.

Миний харж байгаагаар энэ нам нэгдүгээрт, үзэл баримтлал, онолоо тодорхой болгох ёстой. 2000 оноос хойш үндсэндээ АН үзэл баримтлал, онолоо тодорхойлж чадаагүй л байна.

Намын үндсэн дүрмийн урд талд АН-ын үзэл баримтлал гээд ганц хуудас юм байдаг.

Тэр нь яг ямар онол, үзэл баримтлалтай нам юм бэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт болж хараахан чаддаггүй.

Ер нь 2000 онд баруун, зүүний баахан нам нийлээд АН-ыг байгуулсан шүү дээ. Би тэр үед нийлсэн таван намын нэгнийх нь дарга байлаа.

Миний толгойлж байсан Монголын ардчилсан нам барууны чиглэлтэй байсан бол Монголын социал демократ нам зүүний чиглэлийнх байдаг ч юм уу.

Эдгээр намууд маань АН-ын үзэл баримтлал, онолыг мэргэжлийн түвшинд тодорхойлж гаргаж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь манай нам бодлогоо тодорхойлох, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг гаргахад нөлөөлнө л дөө.

Нөгөө талаас намын үндсэн дүрмийг өөрчлөх шаардлагатай. Анх 2000 онд гаргасан үндсэн дүрэм нээлттэй боломжийн дүрэм байсан.

Харамсалтай нь хөгжлийнхөө явцад дүрмээ янз бүрээр засварласаар байгаад өнөөдөр үндсэн дүрмээрээ

хамгийн хаалттай нам болж хувирлаа. Зөвхөн ҮЗХ-ны 200 гаруй хүний хүрээнд л намын хувь заяа шийдэгддэг болчихлоо. Намын анхан болон дунд шатны оролцоо байхгүй болсон.

Дүрмийн өөрчлөлтөөс болоод ротаци байхгүй боллоо. Үүнээс болоод мөнхийн ҮЗХ бий болсон доо.

ҮЗХ-ны гишүүн хуулиар хориглосон албан тушаалд очих, нас барах, ямар нэгэн гэмт хэрэгт шийтгэгдэх тохиолдолд орон гарсан суудал дээр нь нөхөн сонгууль явагдаж байгаа.

Хуучин бол ҮЗХ-ны гишүүд сайн ч бай, муу ч бай анхан, дунд шат руугаа ажилладаг амьд холбоотой, зөвлөмж чиглэл авдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Аль илүү хүчтэй дарга, фракц руу хошуурдаг ийм л гаж тогтолцоо бий болсон шүү дээ.

АН-ын сонгуульд ялагдахад нөлөөлсөн олон арван алдааны гол эх үүсвэр энэ л байсан.

-Фракцийг устгах хэрэгтэй гэж сүүлийн үед их ярих боллоо. Фракцийг базаад байгаа дөрөв, тавхан хүн байна. Үүнийг тэр хэдэн хүн болиулах хэрэгтэй гэсэн яриа их гардаг?

-Нэг хэсгийг нь устгаад өөрийг гаргаж ирлээ гэхэд тэр нь дахиад л фракц Үүсгээд явах юм бол хэрэг алга байна шүү дээ.

Тэгвэл фракц устгах шалтгаан юу байгаа юм. Манай намд угшил гарал дээрээ тулгуурласан МоАХ, Алтангадас, МҮДН гээд фракцууд байсан.

Нэмэгдээд Шонхор, МоАН нэгдэл гээд фракцууд гарч ирсэн шүү дээ. Угшил гарвал, тодорхой эрх ашгаараа нэгдсэн фракцуудаас АН тогтоод байна шүү дээ.

Тэгээд дотроо эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, янз бүрийн зөрчил гарахад нийгэмд АН тогтворгүй, зөрчилтэй мэт харагддаг.

Үнэндээ фракц жижиг, том бүх намд байдаг. Зүй тогтлоороо байдаг зүйл л дээ. Жишээ нь, МАН бол хамгийн их фракцтай нам.

-Гэхдээ фракцгүй мэт л харагддаг шүү дээ?

-Увсын, хотын гээд хувь хүний фракцууд хүртэл байгаа. Залуучуудын фракц гээд дотроо байдаг арай нэр хүндтэй хүнээрээ нэрлэчихсэн фракцууд зөндөө бий.

Тэрийг нийгэм мэдэж л байгаа. Гэхдээ тэдэнд нэг давуу тал байдаг. Социализмийн үеийн ямар ч үед багцлагдаж чаддаг чадвар нь фракцгүй мэт харагдуулдаг. Энэ бол удаан явахгүй. Нэг л өдөр фракцууд тэсэрнэ шүү дээ.

Тэгээд ямар нэгэн байдлаар зөрчилдөөн үүсч л таарна.

Манай намынхан ч сүүлийн үед фракцийг устгая, фракцгүй болъё гэж байгаа боловч нөгөө амаараа одоо залуучууд гарч ирэх цаг болсон, 70, 80-аад оныхныг гаргаж ирье гэж байна.

Залуучуудаа дэмжих нь зөв.

Гэхдээ угшил гарлаараа фракцладаг байсан бол одоо төрсөн, гарсан он жилээрээ фракцладаг болох нь.

Гэтэл 20, 30 жил улстөрд явчихсан асар их туршлага гэж байна. Халуун, хүйтэнд нь халж өрж, алдаж, онож явсан асар их туршлага хуримтлуулсан тэр дунд, ахмад үеэ яах гэж байгаа юм.

Монголын улстөрийн нас тийм өндөр биш шүү дээ.

Ер нь дэлхий нийтээрээ улс төрийн нас өндөр байдаг. Улстөрд 40-60 насныхныг яг ид насныхан гэж үздэг. Ер нь бол Ази, Америкт 60-аас дээш насныхан гол гол суудлууд дээр очиж суудаг шүү дээ.

Монголчууд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс бол чандмань эрдэнэ гэж ярьдаг. Улс төрд ч гэсэн өнгөрсөн, одоо, ирээдүй цаг байгаа. Энэ гурвын хэлхээ холбоо тасрах юм бол аль нь ч юу ч биш болдог.

Нэг үгээр хэлбэл нэг нэгийгээ нөхөж явдаг залгамж чанар шүү дээ. Тэгэхээр бид ямар нэгэн угшил гарал юм уу насны фракц дээр тулгуурладаг нам биш үзэл баримтлал онол дээр тулгуурласан бодлогын нам байх ёстой.

Өнөөдөр намын гол шинэчлэл юу руу явах вэ гэвэл нэгдүгээрт үзэл баримтлал онолтой болох хэрэгтэй.

Үзэл баримтлал онол дээрээ тулгуурласан бодлогын нам байх ёстой. Намын үндсэн хууль бол үндсэн дүрэм шүү дээ.

Тэгвэл тэр үндсэн дүрэм нь өөрөө жирийн гишүүдэд анхан, дунд шатны намын байгууллагад нээлттэй дүрэм байх ёстой.

-МАН-д ч фракц байгаа ч тэр талаар төдийлөн дурсагддаггүй. Харин АН-ын фракцуудыг дарга нарынхаа халаасанд орсон. Тэднийхээ хувийн эрх ашигт үйлчилдэг гэсэн яриа явсаар ойлголт болчихсон юм биш үү?

-Ардын намыг яаж ойлгож байгаа юм бол. 60 тэрбумтэй албан тушаалын наймаа хийх гэж байгаа яриа гарсан шүү дээ. Угаасаа тэрүүгээрээ алдартай.

Ардын намыг дарга нарынхаа халаасанд ороогүй гэдгийг юугаар батлах юм. Яг үнэндээ Ардын нам бол дарга нар дээр л тулгуурлаж явдаг нам шүү дээ. Ардчилсан нам харин харьцангуй нээлттэй. Сүүлийн үед шилэн гэж ярих их дуртай боллоо.

Тэр утгаар ярих юм бол АН шилэн нам.

Хэт нээлттэй, дотор нь байгаа жижиг маргаан мэтгэлцээн хүртэл нийгэмд гарахаараа зөрчил мэт харагддаг.

Тэрийгээ ч хамаагүй гаргадаг.

Ер нь зарим юм хэмжээтэй байх хэрэгтэй. Бодлогын нам байхын тулд намд тактик, бодлого гэж юм байх ёстой. Тэрийгээ нууцлах үедээ нууцалж чаддаг л байх хэрэгтэй юм даа.

-Та орон нутгаараа явж гишүүд дэмжигчтэйгээ уулзсан гэсэн. Юу захиж, хэлж байна вэ?

-Ерөнхийдөө алдаа оноон дээрээ сайн дүгнэлт хий гэж байгаа. Мөн миний үзэл, баримтлал, онол дээр тулгуурласан бодлогын нам байх ёстой гэдэг саналыг бүгд дэмжиж байсан. Тэгээд үндсэн дүрэм нь дээр эрх барьж байгаа 200 хүнд

үйлчилдэг биш намд жигд үйлчилж чаддаг, дүрмээ ягштал барьдаг тийм л нам болох хэрэгтэй. Ингэж чадвал нам шинэчлэгдэнэ. Тэрнээс нэг фракц нь нөгөөгөө шахаж гарч ирээд шинэ хүн даргаар тавиад нам шинэчлэгдсэн гэж харвал эндүүрэл. Дахиад л тэмцэл өрнөнө шүү дээ.

-АН-ын дарга хэн болох бол?

-Би урьдчилж хэлж чадахгүй. Миний хувьд тодорхой нэг хүн дэмжиж байгаа. Тэрийгээ ч би ҮЗХ- ны түрүүчийн хуралдаанд албан ёсоор илэрхийлсэн. Өнөөдөр намын даргын үүрэг гүйцэтгэгч бол ямар ч байсан УИХ дотроосоо байвал зүгээр юм уу гэж бодож байгаа. Намын бүлгийг толгойлж, . намын хатуу хөтүүг нуруундаа  үүрч, анхан, дунд шатанд ажиллаж үзсэн хүнийх нь  хувьд би Д.Эрдэнэбатыг л дэмжиж байгаа. Тэгээд мэдээж арванхоёрдугаар сарын 6-нд жинхэнэ утгаараа намын дарга  сонгогдоно. Тэр хурал дээр намын дүрмийн дагуу мөрийн  хөтөлбөр, нэрээ дэвшүүлээд хэн ч гарсан нээлттэй шүү дээ.  Мэдээж нам дотроос тодорхойдэмжлэг авч чадах дэмжлэгтэй байж л гарч ирнэ. Гэхдээ би аль нэг фракцийн дэмжлэг гэдэг утгаар биш намын үзэл баримтлал, онолын түвшинд өөрчлөлт хийж чадах, шинэ  дүрмийн төслийг санал болгож гарч ирж байгаа тийм намын дарга байгаасай л гэж хүсч . байна.

Ярилцсан: Ж.БАЯРСАЙХАН