Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
2016.08.16

Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Шадар сайдаар дахин томилогдсонд нь ноён К.К.Азизов баяр хүргээд ОХУ-ын Шадар сайдын мэндчилгээг уламжиллаа.

Уулзалтаар онцгой байдал, чөлөөт бүс зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийг хамтран ашиглаж хөгжүүлэх, Оросын аж ахуйн нэгжүүдийг тус бүсэд хөрөнгө оруулах таатай нөхцөлөөр хангах, хил, гаалийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх талаар ярилцлаа.

Байгалийн гамшгийн давтамж ойртож, хүний амь нас, эд материалын хохирол учрах болсон энэ үед онцгой байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.

Хоёр улсын Засгийн газар хооронд өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө байна гэдгээ Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. 

Тухайлбал, хил орчмын халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, тархалтыг зогсоох, шуурхай мэдээлэл солилцох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр тогтоох зэргийг зохицуулах механизм бий болгох чиглэлээр хамтран ажиллах бодлого барьж байгааг хэлэв.

Мөн дээрх хөтөлбөрт “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг нь арилгах салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлнэ” гэж заасан нь онцгой байдлын салбарын  хамтын ажиллагаа хөгжих нэг түлхэц болсон гэдгийг Шадар сайд онцлов.