Гарамгайбаатар.Б 2016.08.17 | Сонин: Өдрийн сонин

Б.Гарамгайбаатар: Засгийн газар юу хийх ухаанаа олохгүй байна

Б.Гарамгайбаатар: Засгийн газар юу хийх ухаанаа олохгүй байна
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-2016 оны УИХ-ын сонгуулиар АН ялагдал хүлээлээ. Өнгөрөгч дөрвөн жилд танай нам маш их бүтээн байгуулалт хийсэн ч үр дүн гарсангүй. Иргэдийн сонголт МАН руу эргэсэн шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?

-Ардчилсан намын ялагдал хүлээх болсон хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан нь маш том алдаа болсон.

Өнгөрөгч сонгуулиар нийт сонгогчдын 37 хувь нь Ардчилсан намд саналаа өгсөн.

Үүнээс үзэхэд бид Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд үндэслэгдсэн Ардын намын тоглолтод орж, жижиг мажоритар системээр сонгууль явуулсан нь бидний ялагдах хамгийн том алдаа болсон.

Хоёрдугаарт, Ардчилсан намын удирдлагууд дээд түвшиндээ хэл амаа ололцохгүй тэмцэлдэж байна гэдэг шуугиан дөрвөн жил цацагдсан.

Сөрөг хүчин болох МАН-ынхан Ардчилсан нам ард түмнийг удирдаж чадахгүй юм байна. Төрийг авч явж чадахгүй юм байна.

Сандал ширээ булаацалдаж дөрвөн жилийг өнгөрүүлдэг юм байна гэдэг ойлголтыг төрүүлж чадсан.

Үнэндээ Монгол ардын намынхны хийсэн “гавьяа” энэ л байсан. Уг хоёр хүчин зүйл Ардчилсан намыг ялагдал хүлээх гол шалтгаан болсон гэж хувьдаа бодож байгаа.

-Гэхдээ иргэдийн ая тухтай орчинд амьдрахаас эхлээд бүтээн байгуулалтын тэр том ажлууд үр дүнгүй байсан хэрэг үү. Замтай бол замтай, байшинтай бол байшинтай гээд их зүйл дөрвөн жилд өөрчлөгдсөн дөө?

-Аливаа зүйл хоёр талтай. Ард түмнийг буруутгахаасаа өмнө өөрсдөөсөө буруутныг хайх хэрэгтэй.

Ардчилсан нам бүтээн байгуулалтын ажил хийсэн үү гэвэл хийсэн. Үүнийг яаж ч нуух гээд нэмэргүй.

Хамгийн гол нь Ардчилсан нам өөрийн үнэт зүйлсээ ард түмэнд ойлгуулж чадсангүй.

Учир нь манай нам барууны үзэл баримтлалтай. Манай нам барууны гэж байгаа ч үнэндээ консерватив наүл юм уу, либериал нам юм уу эсвэл либериал консерватив юм уу гэдэг гол ялгаагаа бид ард түмэнд бүрэн утгаар нь ойлгуулж чадаагүй.

Иргэддээ ойлгуулаад өгчихсөн бол бидний хийж бүтээсэн хийгээд хийхээр зорьж, тэмүүлж байсан ажлуудыг ард түмэн ойлгож, мэдрэх байлаа.

МАН өөрсдийгөө зүүний үзэл баримтлалтай нам хэмээн зарлан тунхагладаг.

Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл, Ерөнхий сайд, Сангийн сайдын хоёр удаагийн хэвлэлийн хурлыг нам социал демократ үзэл баримтлалаасаа татгалзаж байна гэж харагдлаа.

Либериал юм уу, консерватив намын үзэл баримтлал социал демократ намаас эрс өөр байх ёстой.

Тухайлбал, консерватив нам уламжлалаа хадгалсан, аажмаар хөдөлгөөн хийх хатуу чиг шугам барьсан тийм нам байх ёстой. Бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийгээ тууштай хамгаалаад, иргэдэд ойлгуулах хэрэгтэй.

Харин зорилтот бүлэгт олгох халамж тусдаа асуудал. Бид либериал гэдэг үзлээ ил үү барьж байсан бол иргэдийн өөрөө өөрийгөө авч явах эрхзүйн орчныг нь яаралтай өөрчилж өгөх байсан юм.

Гэвч харамсалтай нь энэ бүгдийгээ бүрэн гүйцэд хийж чадаагүй.

Ардчилсан нам яг ямар үзэл бодолтой, ямар онолоор зэвсэглэсэн, юуны төлөө явдаг вэ гэдгээ тодорхой болгож чадаагүй нь бидний алдаа мөнөөсөө мөн.

-Ардчилсан нам олон намын нэгдэл гэдэг утгаараа нэг цэгт хүрнэ гэдэг тийм ч амар биш байх л даа?

-Ардчилсан нам олон намын нэгдэл. Манай намд социал демократ, либериал, консерватив тэр бүү хэл пролетарийн үзэл ч агуулагдаж байсан.

Ийм олон үзэл баримтлалтай намууд нэгдэн 26 жил болохдоо үзэл баримтлал маань яг энэ шүү гээд 100 хувь санал нэгдэж чадалгүй явсаар 26 намрыг угтаж байна.

Энэ алдаа байсан гэж би хувьдаа хардаг.

Бид тодорхой үзэл баримтлалыг тухайлбал, либериал консервативыг тугаа болгосон нам гэх юм бол АНУ-ын Бүгд найрамдах нам гэдэг юм уу бусад орнуудын сонгодог загварыг авч Монголын хөрсөнд буулгах ёстой байсан байхгүй юу.

Түүнийгээ Ардчилсан нам хийж чадсангүй. Нэг харахад либериал ч юм шиг, нэг харахаар социал демократ ч юм шиг явсны гай өнөөдрийн байдалд хүргэсэн.

Тиймээс ард түмэнд буруу өгөх боломжгүй. Тэгэх ч хэрэггүй.

Монгол ардын нам өнгөрөгч сонгуулиар үнэмлэхүй олонх болсон. Үнэмлэхүй олонх болонгуутаа бид зүүний үзэл баримтлалтай нам гэдгээ зарласан.

Ардын намын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь зүүний үзэл баримтлалын хүрээнд гарсан байхгүй юу.

Гэсэн ч Ерөнхий сайд, Сангийн сайдынх нь хэлж буйгаар зүүний чиг баримжаанаасаа ухарч байгаа зүйл ажиглагдаж эхэллээ, Үндсэндээ Ардын нам ч гэсэн өнөөдөр 100 хувь зүүний үзэл баримтлалтай нам гэхэд эргэлзээтэй байна.

Аль ч нам өөрсдийн үзэл баримтлалаа тодорхой болгоод үүгээрээ уралдаж байгаа гэдгээ ойлгуулахгүй бол ард түмэн тэр чигтээ үлдэнэ.

Яагаад өнөөдөр гэнэт цалин хасч, ажлын байрыг хорогдуулах болов. Үнэндээ энэ бүхэнд өмнөх Засгийн газраа буруутгаж байгаа боловч чинхүү өөрсдийн үзэл баримтлалаас ухарч байгаа гэдгээ ойлгохгүй байна.

-Ардчилсан намынхан улсын дансыг улайлгаад хаячихсан. Үүнээс өөр сонголт алга гэж байна. Та Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн даргаар ажиллаж байсны хувьд энэ тал дээр тайлбар өгөх ёстой хүний нэг л дээ?

-Намайг Эдийн засгийн байнгын хорооны дарга болсны дараа УИХ-ын дарга “Монгол орны эдийн засаг яг ямар түвшинд байна. Цаашид ямар асуудал тулгарахаар байна. Энэ бүгдээс гарах ямар гарц байна" гэдгийг тодорхойлох том ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийг нь би ахалж байсан. Тэр дүгнэлтийг УИХ- ын гишүүд гаргаагүй. Эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм.

Тийм ч сайхан эдийн засаг үлдээгээд явчихсан хүмүүс нь МАН-ынхан биш шүү дээ.

Ардчилсан намынханд муу муухай бүхнээ нялзаах гээд хэрэггүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Оюу толгой, Таван толгойгоос сонгуульд зориулж халамж өгөх гэж эх үүсвэргүй мөнгө тараасан гэдэг нь тодорхой байсан. Хэрэв эдийн засгийн асуудал ярих гэж байгаа бол эндээс эхэлж ярих ёстой.

Яагаад бонд босгох болов, яагаад УИХ бонд гаргахыг зөвшөөрөв гээд асуултууд урган гарч ирнэ.

2012 онд үнэхээр 17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй, тийм хэмжээний Засгийн газрыг хүлээлгэж өгсөн бол бондын асуудал яригдахгүй. Тэнэг хүн ч үүнийг ойлгоно.

Тийм биш байсан тул бондын асуудал босч ирсэн. УИХ-д бонд босгох асуудал оруулахад таван тэрбум ам.долларын бонд босго гэдэг шийдвэр гарсан. Үүнээсээ эхлээд 1.5 тэрбумаа босго гэж шийдсэн. Одоо хэн нь хэнийгээ буруутгах гээд байгаа юм бэ. Ардын намынхан тэр үед хүчтэй цөөнх байсан.

-Гарцаа тодорхойлохгүй байж эргэж харж яриад байгаа нь мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй боллоо гэдгээ битүүхэн сануулаад байгаа юм биш үү. Нийгэмд ийм хардлага байна?

-Манайхан “нүхээ малтана” гэж ярьдаг даа. Ардын нам тийм зүйл л хийж байхгүй юу.

Яахав дээ ийм явуургүй оролдлого хийгээд эдийн засагтаа ус болно уу гэхээс тус болохгүй.

Монгол ардын намынхан сонгуульд санал авахын тулд боловсруулсан өөрсдийн мөрийн хөтөлбөр нь худлаа байсан юм.

Ард түмний саналыг худалдаж авсан байна гэдгийг илүү тодорхой болгож байгаа хэрэг. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам олонхийг бүрдүүлсэн, Ардчилсан намын Засгийн газар байсан хэдий ч одоогийн МАН-ын гишүүн Ч.Улаан хоёр жил Сангийн сайдаар ажилласан.

Мөн одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэгжил Сангийн сайдаар ажилласан бол Ардчилсан намын Б.Болор Сангийн сайдаар найман сар ажилласан байхгүй юу.

Бүхэл бүтэн гурван жил Сангийн яамны төлөв байдал, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, орлого, зарлагыг хянаж байсан хүмүүс нь эд нар.

Төсвийн байнгын хорооны дарга нь МАН-ын гишүүн Ц.Даваасүрэн, дараагийн дарга нь Ч.Хүрэлбаатар  гээд явсан биз дээ. Бүх зүйл Ардчилсан намаас болсон гэх юм бол өрөөсгөл шүү.

Одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн тухайн үед Төсвийн ажлын хэсгийн гишүүн, МАН-ын бүлгээс төсвийн ажлын хэсгийг ахалж ажилладаг байсан.

Ингэж явж ирсэн байж огт мэдээгүй юм шиг, гэнэтхэн ийм зүйл дээр уначихсан юм шиг ярьж байгаа нь үнэнийг хэлэхэд инээдэмтэй байна. Ардын нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байх арга замыг хайж буруутанг тогтооход бүх анхаарлаа чиглүүлж байна гэдгийг гадны экспертүүд тодорхой биччихсэн байна лээ.

Бодит үнэн ердөө л энэ.

Би МАН-ын Засгийн газрыг 100 хоноогүй байхад нь тийм, ийм гэж ярихаасаа илүүтэй мэдэгдэл хийж байгаа хүмүүс нь туйлын хариуцлагагүй байна л гэж хэлэх гээд байгаа юм.

Ийм нөхцөлд бид юу хийж байсан бэ гэхээр УИХ-ын чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Байнгын хороон дээр эхэлж хэлэлцээд, нийтэд цацах шаардлага байна уу үгүй юу гэдгээ ярилцан хариуцлагатай мэдэгдэл гаргадаг байлаа.

Мэдэгдэл гаргахдаа ийм байгаа зүйлийг ийм болгох гэж байна гэсэн тодорхой чиглэл гаргадаг байсныг санаж байгаа байх.

Одоо УИХ-ын чуулган нь завсарлачихсан, Засгийн газартаа чиглэл өгсөн боловч Засгийн газар нь юу хийх ухаанаа олохгүй байна. Т иймээс ойр ойрхон буруутан хайсан мэдэгдэл хийлээ.

-Одоо асуудлаа шийдэх гарц байгаа болов уу. МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих үү?

-Б.Чойжилсүрэн “Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй боллоо гэдгээ зарлая” гээд зарлачихсан шүү дээ.

Үүнийг Ерөнхий сайд нь баталгаажуулаад өгчихсөн. Энэ бол тодорхой асуудал. Буруутан нь Ардчилсан нам гэж байгаа юм бол энэ нам чинь эзэнтэй.

Тухайн үеийн удирдлагууд, Сангийн яам, Засгийн газрын гишүүд нь байна. Үнэхээр ил тод байлгах гээд байгаа юм бол асуудлыг тодорхой ярих ёстой.

Ерөнхий сайдын ярьж буйг сонсоход аль аймаг нь мэдэхгүй, нэг аймагт таван км авто замыг найман тэрбум төгрөгөөр тавьсан байна гэсэн. Үнэхээр мэдэж байгаа бол нэр устай нь зарла л даа.

Тийм зүйлээ ярихгүй, яагаад бөөрөнхийлөөд байгаа юм. Гаргалгаа нь алга. 12-18 сарын дотор эдийн засгийн эхний үе шатаа дуусгана гэж байсан. Дараа нь хоёрдугаар үе гээд явахад Засгийн газрыг хангалттай шүүмжлэх боломжийг бий боогоно.

Хоёрдугаарт, өнгөрсөн дөрвөн жилийн турш Монгол улсын эдийн засгийг муу байлгах гэж, Ардчилсан намын Засгийн газрыг муухай харагдуулах гэж, ард түмнийг Ардчилсан намын Засгийн газар руу турхирах шат дараатай арга хэмжээ авсан.

Үүний үр дүнд хөрөнгө оруулалтууд байхгүй болсон. Хөрөнгө оруулалт зогссон шалтгаан нь 2012 оноос өмнө гаргасан хууль эрхзүйн орчин байсан. Ц.Нямдорж ч гэсэн үүнийг тодорхой хэлж байсан. Бид хууль эрхзүйн орчныг нь засч залруулсан боловч хөрөнгө оруулагчид итгээгүй.

Итгэхгүй байх бүх арга чаргыг Ардын намынхан өөрсдөө бүрдүүлсэн. Тэдэнд дахиад итгэдэг гадна дотнын хөрөнгө оруулагчид байхгүй. Монголын ард түмэн ойрын хэдэн жилдээ хүнд зам туулна.

Нэгэнт л бид чадна, энэ Засгийн газрыг авч ингэж өөрчилнө, ийм болгоно гэж амлаж орж ирсэн хүмүүст одоо ажлаа хийх цаг чинь болчихлоо гэж хэлмээр байна.

Бид ажил хийхэд нь саад болохгүй байна. Хөндлөнгөөс хийх ажлыг нь харж байна шүү дээ. Харамсалтай нь ярьж байгаа зүйлс нь өөрсдийгөө унагаад байх юм.

-Ардчилсан намын Засгийн газрын үед нэг ч бүтэн ТЭЗҮ гаргасан төсөл алга байна гэж байсан. Дөрвөн жил яг юу хийсэн болж таарч байна вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хариуцлагагүй мэдэгдлийн нэг , нь энэ. ТЭЗҮ гарсан нэг ч төсөл Монгол Улсад алга байна гэхэд надад сонин л санагдсан.

Тусгаар тогтносон Монгол Улсад ганц ч ТЭЗҮ бэлэн болоогүй байна гэдгийг сонсоод гайхаж байгаа юм.

Нэг ч ТЭЗҮ гараагүй байгаа бол буруутан нь Ардын нам шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө яагаад ганц ТЭЗҮ бэлэн болгож чадаагүй юм.

Өнгөрсөн дөрвөн жил тэр хүмүүс бэлэн болгох нөхцөлийг нь хаасаар байгаад дууссан. Төмөр замыг жишээ авч ярьж байгаа бол 2008 оноос эхлэн ярь. Ийм асуудлууд байсаар байтал АН-ынхан зөвхөн буруутай, бид цэвэр цагаан цаас гэж ярьж болохгүй л дээ.

Ингэж ярьж байгаа нь үнэндээ хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байна. Бид гоншгоноод байх юм байхгүй. Энэ бол улс төр. Үнэхээр шилэн байя, үнэхээр хуулийн хүрээнд ярья гэж байгаа бол өөр асуудал.

-Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан байна лээ. Гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх. Эдийн засагт нөлөө үзүүлнэ гэж байгаа юм билээ?

-Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр маш том алдаатай зүйл ярьсан нь наад асуудал чинь. Засгийн газар, Ерөнхий сайдын дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл байгуулж болохгүй.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалсан хуультай. Бид хуульд захирагдах болохоос нэг зөвлөлөөр хууль зөрчүүлсэн шийдвэр гаргуулаад явж таарахгүй.

Хууль цаазтай, парламентын засаглалтай энэ оронд томилогдсон Ерөнхий сайд нь хуулиас гадуур зөвлөлөөр асуудал шийднэ гээд яриад явж байгаа нь энэ хүн хэн бэ гэдгийг харуулж өгч буй том жишээ. Шинэ хүн алдаа гаргалаа гэхэд дэргэд нь байгаа туршлагатай улстөрчид нь яагаад зөвлөхгүй байгааг гайхаж байна.

Ерөнхий сайдыг толгойгүй, эрх мэдэлгүй байна гэж шүүмжилсний хариу болгон толгойтой хүн болох гэж яаран сандран мэдэгдэл хийлээ гэж харж байгаа. Энэ миний харж байгаа өнцөг л дөө.

-ҮЗХ-ны хурал наймдугаар сарын 25-ндаа хуралдах уу. Зургаан асуудал хэлэлцэнэ гээд байгаа ч олны анхаарлын төвд байгаа нь намын даргын асуудал. ҮЗХ-ны хурлын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй гэдгийг хаа хаанаа ярьж байна. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ ямар шинэчлэл вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Ардчилсан нам намын дүрмээ маш сайн хийсэн.

Дүрэмд өөрчлөлт хийж алдаа гаргасан зүйл бий. Үүнийг засч залруулъя гэж байгаа бол өөр хэрэг.

Гэтэл хөгшин, залуу гэж насаар нь хуваагаад тэдээс дээш насныхан хэрэггүй гэж байгаа бол асуудал өөр тийшээ эргэнэ. Залуус нь шинэчлэл хийе гэж байгаа юм бол АН-д ямар шинэчлэл хийх гэж байгаа юм бэ гэдгээ тодорхой болго.

Энэ чинь тодорхойгүй байна. Манай намын залуус сэтгэлийн хөөрлөөр ажиллаж байгаа гэдэг нь харагдаад байна.

Залуус л АН-ыг шинэчилнэ, хөгшчүүл зайгаа тавьж өг гэж байгаа нь учир дутагдалтай. Нам гэдэг бол тасралтгүй эргэлдэж байдаг институци. Тэнд залуу, идэр, ахмад гээд бүх үеийн төлөөлөл эргэж байдаг юм.

Бид дүрмийн алдаанууд засч урагш алхахаас биш цоо шинэ дүрэм батлан гаргана гэх юм бол тэрнээсээ илүү юм болно. Тиймээс энэ талаар ярьж байгаа хүмүүс бодож, тунгааж ярих ёстой.

Наймдугаар сарын 25- нд АН-ын ҮЗХ-ны хурал хуралдана. Хэлэлцэх асуудал нэгэнт тодорхой болсон тул тэр асуудлаа л ярих шаардлагатай.

Намын даргын асуудал тодорхой болсон. Арванхоёрдугаар сарын зургаанд намын даргын сонгууль болно.

Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар Их хурал хүртэл намын даргыг сонгож болох юм. Ер нь намын даргыг анхан шатны бүх нэгжийг хамруулан сонгуулах нь зөв гэдэг дээр бүгд шахам санал нэгдэж байх шиг байна.

Миний уулзсан хүмүүс үүнийг дэмжиж байгаа юм билээ. Би ч өөрөө дэмжигчдийн нэг нь. Марафоноор даргаа сонгох нь зөв. Ингэж намын дарга болсон хүн цаашид хүртээмжтэй байдлаар ажиллаж чадна, хүлээн зөвшөөрөгдөнө.

Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар сонгогдсон намын дарга энэ шаардлагыг хангахад хэцүү. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Үр дүн яаж гарахаас шалтгаалан одоо болсон намын даргыг янз бүрийн байдлаар дайрах хандлага гарч магадгүй.

Одоо хуралдах ҮЗХ-ны хурлаараа ямар хүнийг намын даргаар сонгох вэ гэдгээ сайн ярих хэрэгтэй.

Энэ дарга маань арванхоёрдугаар сарын зургааны өдөр Их хурлаар томилогдох намын даргын марафонд орох эрхтэй юу, эрхгүй юу гэдэг дээр асуудал боссон.

Одоогийн дүрмээр намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажпын хэсгийг удирдуулаад бэлтгэл хангуулж болох ч нам удирдлагагүй боллоо гэдэг яриа байна. Үүнийг ҮЗХ-ны гишүүд шийдэх байх.

-Фракцгүй Ардчилсан нам санаачилга гарч байсан. Одоо намын даргаа бас нэг фракциас сонгочих вий гэсэн болгоомжлол байна л даа?

-Фракциуд намын дарга сонгох гэж байна гэх мэтчилэн янз бүрийн яриа байгаа ч үнэндээ улс төрийн орон зай хайсан тоглолтууд. Үнэхээр Ардчилсан намын төлөө, намын шинэчлэлийн төлөө явж байна уу гээд бодохоор бас өөр дүр зураг харагдана.

Ардчилсан намыг шинэчлэхийн тулд миний дээр хэлсэнчлэн либериал нам юм уу, консерватив юм уу, либериал консерватив нам уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай.

Үүндээ зохицсон дүрэм гарах байх. Би иймэрхүү л итгэл үнэмшилтэйгээр ҮЗХ-ны хурлыг хүлээж байна.

Ярилцсан: Э.ЭНХБОЛД