Бямбасайхан.Б 2016.08.19 | Сонин: Өдрийн сонин

Б.Бямбасайхан: Дэлхий нэг хэсэг л болчихсон бол том талбар дээр тоглож сурах хэрэгтэй

Б.Бямбасайхан: Дэлхий нэг хэсэг л болчихсон бол том талбар дээр тоглож сурах хэрэгтэй
“Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан

“Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт таагүй байгаа. Хөрөнгө оруулагчдад Монгол ер нь ямархуу харагдаж байна вэ?

-Өнөөдөр хоёр уулзалт хийлээ. Вьетнамын хөрөнгө оруулагч, Японы компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Тэд “Танай Монгол чинь ямар гоё юм бэ. Бизнес хийх боломжоор дүүрэн улс байна шүү” гэх жишээний. Боломжийг гэхэд л олон янзаар нь олоод харчихсан.

Газар нутаг, байгалийн нөөц ихтэй, хүмүүс нь бэлтгэгдээд дажгүй болоод эхэлчихсэн, өчнөөн мөнгө хийх боломжтой гэж хараад байна л даа. Гэтэл бид өнөөдрийн жаахан юмаа яаж хуваах вэ гэдэг дээрээ л гацчихаад байгаа.

“Эрдэнэс Монгол" сүүлийн арван сарын турш яаж дараагийн шатанд гаргах вэ гэсэн гарцыг хайж ажиллалаа.

Өнөөдрийн бизнесээ хүн шиг хийж, зардлаа багасгаад дараагийн шат руу шилжьө гэж хичээлээ. Эдийн засаг томрох тусмаа л Монголд, монгол хүнд сайн.

Томрох сууриа одооноос тавих хэрэгтэй. Гэхдээ төсөл гэдэг юм сэтгэлийн хөөрөл, улстөрийн шийдвэрээр бий болдоггүйг бултаараа харлаа.

Ерөнхий сайд сая хийсэн мэдэгдэлдээ ч хэлсэн. Олон жил ярьсан ч одоо болтол зөв хийгдсэн төсөл нэг ч алга гэдэг нь үнэн. Үүнээсээ салах хэрэгтэй.

-Алдаагаа давтахгүйн тулд өмнөх засгийн үед ярьсан, тодорхой хэмжээнд ахиулсан төслүүдээ үгүйсгэх биш, харин ч илүү сайжруулаад явах ёстой байх, тийм үү?

-Сууриа сайн бэлдэхгүй зүгээр л шүүмжлэхийн тулд шүүмжлээд орхивол ахиад нэг нөхөр гарч ирээд бидэнд юу ч алга гэж гомдоллоод сууна.

Ахихын тулд системтэйгээр ажиллах хэрэгтэй. Өнөөдөр байгаа хөрөнгөндөө түшиглэж шинэ бизнест орох нь тодорхой. Түүнээс биш хов хоосон бол хэцүү.

-“Эрдэнэс Монгол” хөгжил авчрах том төслүүдээ хөдөлгөх суурийг системтэйгээр бэлдээд эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Товчхондоо тийм. Гол зорилго тодорхой. Ерөөсөө л шинэ бизнес бий болгох. Хүмүүс “холын юм ярьж байна" гэх мэтээр янз бүрээр шүүмжилнэ л дээ.

Холын юмыг өнөөдөр барьж авч байж л эдийн засаг томорно. Түүнээс биш өнөө маргаашаа харж, байгаа жаахан юмаа биенээсээ өрсөж идэх гэж өрсөлдвөл эдийн засаг хэзээ ч томрохгүй.

Холын юмыг эхлүүлэхдээ дунд нь ямар нэг шат алгасвал буцаад унах эрсдэл бий.

-Та сүүлийн жилийн хугацаанд хийсэн ажлаа энгийнээр тайлбарлаач. Том төслүүдээ хөдөлгөх суурь чухам юу байхав гэдэг нь сонирхол татаж байна?

-Компанийнхаа санхүүгийн тайлан балансыг дэлхийн том дөрвийн нэг “Эрнст Янг”- аар хийлгэчихлээ. Өмнө хэрэглэдэг байсан стандартаа орхиод өөр стандарт руу шилжиж байгаа гэдэг утгаараа их удаан процесс л доо.

“Багануур”, “Шивээ- Овоо” гээд хэдэн арван жил ажилласан компаниуд өөр өөрийн гэсэн стандартуудтай байсан. Буруу, зөвийн асуудал биш, зүгээр л өөр стандарт хэрэглэдэг байсан.

Стандартаа өөрчлөхийн тулд хүн нь өөрчлөгдөх ёстой, хүн нь өөрчлөгдөхийн тулд шинэ стандартаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой.

Энэ бүхэн тэр чигээрээ процесс.

-Улстөрчид хэр ойшоох бол доо, хэдэн цаас л байна гээд харахгүй өнгөрөөх эрсдэл манайд бол өндөр шүү. Та тэгж болгоомжлохгүй байна уу?

-Магадгүй. Гэхдээ ийм юмтай байж л бид дараагийн том бизнесийнхээ гарааг хийнэ. Хөрөнгө оруулагчидтайгаа ярьж эхэлнэ. Хэрвээ үүнийг үргэлжлүүлэхгүй, ойшоохгүй орхивол дөрвөн жилийн дараа ахиад л “Шаардлага хангах ямар ч төсөл алга” гэж яриад сууна.

Үүнийг хийж чадсан маань их олон давуу талыг бий болгосон. Компаниудын санхүүгийн захирлууд нь ямар ч байсан шинэ стандартаа ойлгодог болчихсон.

Ажлаа графикийнхаа дагуу хийдэг болсон. Тайлан бүртгэл нь арай өөр болоод ирж байна. Хоёр жилийн дараа улам сайжирна. Гадныхантай суугаад ярихад харуулах зүйлтэй, ярих юмтай болно гэдэг том давуу тал.

-Азийн хөгжлийн банкнаас авсан санхүүжилт ч энэ зүг рүү чиглэж байгаа байх аа?

-Тийм. Монголд том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай институци хэрэгтэй. Үүнийг л хийх гээд байгаа юм.

Төслийн нэгж гэж яамны дор ч юм уу байгуулчихдаг байсан. Яам бодлого хийх ёстой газар, зохицуулалтаа хариуцдаг институци. Гэтэл дээрээс нь хөрөнгийн удирдлага, шинэ төслийг боловсруулж ажиллана гэхээр чадамж талаасаа хэцүү.

Төсөл явдаггүйн гол шалтгаан ерөөсөө л энэ. Олон улсын байгууллагын санхүүжилтыг авч зөв институци бий болгочихвол байдал эерэгээр эргэнэ.

Ирээдүйн бизнес бол коннективити. Эдийн засаг болгон хоорондоо санхүү, дэд бүтцийнхээ гээд аль ч хүрээнд уялдаатай холбоотой болчихсныг хэлээд байгаа хэрэг л дээ.

Үүн рүү бид орох ёстой. Үүнээс л шинэ бизнес төрнө. Хятадууд “нэг бүс-нэг зам” гээд байгаа нь цаанаа ийм учиртай. Япон, Хятад гэх мэт том эдийн засгууд ирээдүйгээ тавь, зуун жилээр хардаг.

Яаж тогтвортой байлгах вэ гэдгээ харж хөгжиж байна. Энэ дунд Монгол бөөн боломж байгаа. Гэхдээ сайн дурын уран сайханч маягаар ажиллавал ахихгүй л дээ.

-Нэг том төслийн нийт хөрөнгө оруулалтын ядаж таван хувь нь эхний шатандаа зарцуулагддаг гэж та ярьж байсан. Таван хувийн зардлаа гаргаж чадахгүй бол төсөлд мөнгө татах боломжгүй юу?

-Ямар ч боломж байхгүй. Өнөөдрийн хувьд төслөө зөв хийдэг болох гэж таван хувийн зардлаа гарган ажиллаж эхлээд байна. Зөв институтциэ бий болгохоор ажиллаж байна.

Энэ компанийн чинь эзэн Монголын Засгийн газар. Иргэдийнхээ өмнөөс эзэмшиж байгаа нь засаг гэсэн үг.

Энэ компани ямар ч засгийн үед зөв явж, ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд явж байна.

-Ямар ажлыг хэн хийж байна вэ гэдгээс их зүйл шалтгаалаад байх шиг санагддаг. Жишээ нь таны дараагийн хүн хэн байхаас том төслүүд цаг алдалгүй хөдлөх эсэх нь хамаарах байх...?

-Систем гэдэг юм байхгүйгээс хувь хүнтэй холбоотой болоод байгаа юм. Систем нь бүрэлдсэн үед тодорхой шалгуур хангасан хүн нь ирээд энэ ажлыг хийхэд асуудалгүй.

-Систем нь бүрэлдээгүй энэ цагт хувь хүн дээр ярихаас аргагүй л дээ...?

-Бодит байдал тийм л байгаа биз. Компанийн хувьд яривал хувьцаа эзэмшигчид нь бодлогоо тодорхойлдог, тэрэндээ үндэслээд менежмэнтээ томилоод явдаг зарчим бий. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалт чухал гээд хүн бүр ярьж байна.

Макро эдийн засгийг тогтворжуулахад хөрөнгө оруулалтыг зайлшгүй нэмэх шаардлагатай. Хөрөнгө оруулалт том төслөөр дамжиж орж ирнэ. Хоосон юманд хэн ч хөрөнгө оруулахгүй.

Төслөө хийх хэрэгтэй. Жишээ нь Оюу толгойг стандартын дагуу хийсэн учраас модоор цохисон ч унахгүй байгаа.

Дараагийн Оюу толгойг бий болгохгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Улстөрчийн үгээр төсөл бүтдэггүйг бид их сайн ойлгосон. Улстөрийн мэдэгдэл хийгээд байдаг ч бизнес болтлоо өдий шүү дээ.

-Гэхдээ улстөрчид төслийг ийм шат дараалласан процесстой, хугацаа, хөрөнгө шаарддаг гэдэгтэй эвлэрдэггүй, тийм тэвчээр ч байхгүй. Өнөөдөр яриад маргааш эхлүүлнэ л гэдэг улс. Энэ тохиолдолд улстөртэйгээ том төслүүдээ яаж уях вэ?

-Ганц манай улсад ч биш Америкт ч тийм. Улстөр маш хурдан өрнөдөг онцлогтой. Бизнес бол яриа хэлэлцээ өрнүүлж байж тодорхой ахиц гардаг.

Анх намайг “Зөв гольдрилд нь оруулахын тулд дөрвөөс зургаан жил хийх ёстой ажил” гэхэд хүмүүс “Чи юу ч хийхгүй л гэж байгаа юм байна ш дээ” гэж байсан. Тайлан балансаа зөв стандартад оруулах гэж л бүтэн жил болж байна шүү дээ.

-Одоо тайлан баланс лав зөв стандартдаа орсон, дэлхийн төвшинд очсон гэж ойлгож болох уу?

-Ямар ч байсан хүнд үзүүлэх юмтай болсон. Ийм хэмжээний хөрөнгө, орлого, зардал, ашигтай юм байна гэдгийг хөрөнгө оруулагчид хараад ойлгодог болсон.

Миний сурсан ажлын орчин онцлогтой. Ямар ч зүйлийг дороос нь эхэлдэг. Төсөл хийхийн тулд эхлээд зах зээлээ судалдаг. Зах зээл дээр ямар асуудал байгааг судална.

Эрчим хүчний төсөл гэхэд л асуудал нь юу байна, шалтгаан нь юундаа байгаа вэ гэдгийг харж, зах зээл эдийн засгаа судлахаас эхэлдэг. Тэгээд хөрөнгө оруулалтаа ярьдаг.

Улстөрийн шийдэл хэрэгтэй бол энэ бүхний дараа хийгддэг асуудал. Гэтэл бид хөрөнгө оруулалтаа өмнө нь тавиад тэрэндээ тааруулах гээд үзээд байдаг.

Харамсалтай нь зах зээлийг хэн ч хуурч чаддаггүй. Зах зээл гэдэг өөрийн гэсэн дүрэм журамтай. Тэгэхээр салбарынхаа суурь анализыг хийгээд, тэрэндээ таарсан шийдлийг олсны дараа төсөл боловсрогддог.

-Манайх төслүүдээ дээрээс нь эхэлдэг юм байна. Улстөрийн шийдвэр гаргачихаад дараа нь асуудлаа судлахаар мөнгө босгож чаддаггүй байх нь ээ?

-Зах зээлийн шалгуур хангахгүй болохоор мөнгө босохгүй нь ойлгомжтой асуудал.

Хотыг тойроод өчнөөн эрчим хүчний төсөл байгаа боловч аль нь ч хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл цаанаа ийм учиртай. Том корпорациуд шийдвэр гаргахдаа уддагийн учир нь бүхнийг дороос нь эхэлж судалдагтай холбоотой.

Оюу толгойн ТЭЗҮ гэхэд л маш олон шатаар орж батлагдаад, эцэс нь хөрөнгө оруулалтаа босгоод явж байна.

Хэр хугацаа зарсныг бид харсан.Олон жил ярьж байгаа макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад мэргэжлийн суурь хэрэгтэй. Систем нь, компани нь, институци нь зөв байж хөрөнгө татахаас биш улстөрчдийн үгэнд итгэж хөрөнгө оруулдаг хүн байхгүй.

-"Эрдэс Монгол" том хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадсан уу?

-Чадсан. Бид портнёруудтай болсон. “Женерал электрик” хамтаръя гэж байна. Мэдээж тэд эхлээд Хятад, Япон, Орос зэрэг том эдийн засгуудаа харна.

"Женерал электрик”-ийн хувьд Монгол бүхэлдээ бизнесийн боломж гэж харагдаж байгаа. Технологийн том компани бизнесийн боломжоо олоод харчихсан гэсэн үг.

“Эрдэнэс Монгол”-ыг портнёроо гээд харчихсан. Өмнө нь хамтарч ажиллая, баримт бичиг гэрээнд гарын үсэг зуръя гэдэггүй байсан. Санхүүгийн тайлан балансаа дэлхийн компаниар гаргуулчихсан учраас тэд ирсэн.

“Женерал электрик”- ийн IT хариуцсан захирал гэхэд л энэ долоо хоногт ирж байна. Туршлагаасаа хуваалцъя гэж байгаа. IТ-г зөвхөн компьютер гэж харах аргагүй. Бизнесийг амжилттай, ашигтай ажиллуулахад чухал үүрэгтэй эд. Тэр дундаа уул уурхайн бизнест.

-Том төслийг амжилттай бэлдэх суурийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бэлдэж байгаа талаар сая та бид хоёр ярилаа. Энэ санхүүжилт ирэх дөрвөн жилд үргэлжл эх үү?

-Тэгэхийн тулд засаглал зөв байх ёстой. Төрийн өмчтэй бизнесийн засаглал, менежмэнт аливаа улстөрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэж үеийн үед ярьдаг.

Мэргэжлийн, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцээ сайн мэддэг, салбартаа танигдсан, хараат бус хүмүүс ТУЗ-д орж байж компанийн I засаглал зөв байна.

Төрийн өмчит компанийн ТУЗ-ийг өмнө нь хэдэн яамдын дарга нар байдаг бүтэц гэж ойлгодог байсан. Гэтэл ТУЗ гэдэг компанийнхаа стратеги, бизнес төлөвлөгөөг баталдаг, ашиг орлоготой байх эсэхээ хянадаг, компани, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг бүтэц.

ТУЗ зөв байх нэгдүгээр асуудал. Асуудалд сайн дурын уран сайханч төдий биш мэргэжлийн үүднээс ханддаг болох тухай яриад байна л даа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах суурь нь мэдээж сайн төсөл. Энэ эрчээ алдахгүй ажиллавал сайн төсөл бэлдэх суурийг гурав, дөрвөн жилийн дотор хийж чадах уу?

-Боломж бий. Хэрвээ тэгж чадвал ахиад хорин жилийн турш хөрөнгө тал нь ашигтай ажиллаад, шинэ бизнес нь тогтвортой өсөх боломжтой.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах бүтцийг засгийн дэргэд байгуулсан нь хэр зөв шийдэл вэ?

-Би Бизнесийн зөвлөлийн даргын албатай. Гурав, дөрвөн жилийн өмнөөс л энэ чигээр ажиллаж эхэлсэн. Засгийн дэргэд бүтэц байгуулсан нь зөв.

Гадаадын хөрөнгө оруулагч Монголд их зовдог. Олон шалтгаантай л даа. Өөрийнхөө буруу үйлдлээс болох нь бий. Гэхдээ ихэнхдээ өнөөгийн системээс болдог. Шинэ стандартаар юм хийх гэхээр өнөөгийн стандарттай зөрчилддөг.

Тэдэнд тулгарсан асуудлыг Ерөнхий сайдын хэмжээнд бүртгэж аваад, шийдлийг нь гаргаад явбал их зөв алхам.

-“Эрдэнэс Монгол”-ын ирэх дөрвөн жилд анхаарах асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-“Эрдэнэс Монгол’’-д Багануур, Шивээ-Овоо, Оюу толгой, Таван толгой гэж дөрвөн том хөрөнгө бий.

Юуны түрүүнд энэ компаниудынхаа стандарт, засаглалыг шинэчилж, зөв менежмэнт хийж, санхүүгийн зардлыг нь багасгаад явбал ашигтай ажиллана. Эхлээд хийх ажил бол энэ. Тэгвэл манай баланс эрүүлжинэ.

Эрчим хүчний том эх үүсвэр, дамжуулах шугам гэх мэт төслүүд рүү цэвэрхэн баланстай компанитай орж хэрэгжүүлбэл асуудалгүй. Учир нь Засгийн газарт мөнгө байхгүй.

Дэлхийн Засгийн газрууд ч ялгаагүй, дэд бүтцийн том төслүүд хэрэгжүүлэхэд ийм зовлон хэлдэг.

Тийм учраас хөрөнгө оруулалт татахад анхаардаг. Засагт өнөөдөр нэг боломж бий. Энэ их хөрөнгөд зөв менежмэнт хийвэл дараагийн зам буюу шинэ төсөл хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.

Тэгэхээр зардлаа бууруулахад анхаарахаас аргагүй.

-Хөрөнгө оруулагчидтай амжилттай яриа хөөрөө өрнүүлэхэд таны ажлын туршлага их нөлөөлсөн байх...?

-Хөрөнгө оруулалтын банк, том сангууд их цөөхөн. Бүгдбиенээ мэднэ. Тэр орчинд худлаа ярьж болдоггүй. ёс зүйгүй авирлаж болдоггүй.

Төрийн өмчийн компани гэхээр мөнгөө төлөхгүй унждаг гэх мэт сул тал байсан.

Би нэг юмыг өнөө хүртэл ойлгодоггүй. Бизнесийн орчин нь олон улсын зах зээлтэй нийлчихээд байхад тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй явах нь маш буруу. Прогрессийг удаашруулаад байгаа л хэрэг. “Монголд өөр, та нар юу мэдэх вэ, барууныхаар бүх юм явдаггүй” гэж шүүмжилдэг хэсэг улс бий.

Нэг талаасаа зөв шүүмжлэл байх, гэхдээ байнга ингээд байвал хэцүү. Том юмны нэг хэсэг болчихсон л бол том талбар дээрээ тоглож сурах хэрэгтэй. Тод жишээ нь олимп.

Бүх юмыг сумын наадам шиг харж болохгүйг олимпийн талбар дөрвөн жил тутам харуулж, мэдрүүлж байна.

Ярилцсан. Ц.БААСАНСҮРЭН