Ангар.Д 2016.08.24 | Сонин: Монголын үнэн

Д.Ангар: Хувийн хэвшилд суурилсан хөрөнгийн бирж байгуулна

Д.Ангар: Хувийн хэвшилд суурилсан хөрөнгийн бирж байгуулна
Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.АНГАР

 Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.АНГАРТАЙ ярилцлаа.

-Эдийн засгийн хямралыг даван туулах гарц нь хөрөнгийн зах зээлийг эрчимтэй хөгжүүлэх явдал гэж танай холбооноос тодотгож байгаа. Энэ талаар тайлбарлаач?

-Аливаа улсын эдийн засгийн хөгжилд санхүүгийн системийн тогтолцоо маш чухал үүрэгтэй байдаг . Яагаад гэвэл аливаа үйлдвэрлэл явуулах, аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалт бий болгох төслүүдэд шаардлагатай зүйл нь хямд, урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэр байдаг.

Өндөр хөгжилтэй ихэнх орны санхүүгийн тогтолцоог задлаад үзэхээр урт ба богино хугацаатай санхүүжилтийн талбар, санхүүгийн бусад үйлчилгээ гээд гурван тулгуур хөлтэй байдаг.

Урт хугацаатай санхүүжилтийн талбар гэдэг нь хөрөнгийн зах зээлийг хэлдэг. Богино хугацаатай санхүүжилтийн талбар нь банкны салбар юм.

Дээр нь хөрөнгийн зах зээл банкнаас гадна санхүүгийн бусад үйлчилгээ гээд энэ гурав баланслагдаж байж санхүүгийн тогтолцоо цэвэр, эрүүл, өрсөлдөх чадвартай, аж ахуйн нэгжүүдийнхээ санхүүжилтийн хэрэгцээг зөв хангадаг.

Ерөнхий харьцааг авч үзвэл хөрөнгийн зах зээл нийт зах зээлийн 40 хувийг эзлэх ёстой. Банкны сектор 30, үлдсэн 30 хувийг санхүүжилтийн бусад салбар эзлэх юм бол тухайн улсын санхүүжилтийн механизм зөв, солонгорсон байна гэж үздэг.

Гэтэл Монгол Улсын санхүүгийн систем сүүлийн 25 жил арилжааны банк гэсэн ганцхан хөлтэй явж ирсэн.

Нийт санхүүгийн системийг задлаад үзвэл 95-96 хувь нь зөвхөн арилжааны банк дээр тогтож, үлдсэн 4-5 хувийг хөрөнгийн бирж болон санхүүгийн бусад үйлчилгээ бий болгож байна.

Цаашдаа энэ системээр явах боломжгүй болжээ. Ялангуяа эдийн засаг зогсолттой, өсөлт нь удааширсан үед бид суурь асуудлаа ойлгож эхэллээ.

Өнөөдөр манай улсын аж ахуйн нэгжүүд 10 гаруй их наяд төгрөгийн зээл буюу санхүүжилттэй байгаа.

Энэ зээлд дунджаар 2-3 их наяд төгрөгийг банкны зээлийн хүү байдлаар төлж байна.

Гэтэл энэ хүү нь тухайн бизнесийн үйл ажиллагааг дэмждэггүй, зардал гардаг учраас сүүлийн 10-15 жил аж ахуйн нэгжүүд хуримтлалгүй, бүтээн байгуулалт бий болгох санхүүжилтгүй болж эхэлсэн.

Сүүлийн 18 сард банкны чанаргүй зээл маш хурдацтай нэмэгдэж байна. Хоёр жилийн өмнө 300 тэрбум байсан чанаргүй зээл өнөөдөр нэг их наяд төгрөг давсан.

Ингэснээрээ аж ахуйн нэгжүүдийг 700-800 тэрбум төгрөгийн өрийн дааж давшгүй сүлжээнд оруулсан байна. Үүнийг засах гол механизм нь хөрөнгийн зах зээл.

Хөрөнгийн зах зээл нь аж ахуйн нэгжүүдэд урт хугацаа, бага хүүтэй хүүгийн болон үндсэн төлбөрийн дарамтгүй санхүүжилтийг бий болгодог. Өндөр хөгжилтэй ихэнх улсын санхүүжилтийн 40-50 хувь нь хөрөнгийн биржээр дамждаг.

Тиймээс бидний зүгээс Монгол Улсад хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж гэдэг зүйлийг зайлшгүй хөгжүүлэх цаг нь болжээ гэж харж байна.

-Та хөрөнгийн биржийг хөгжүүлэх цаг болсон гэж хэллээ. Тэгэхээр улсын статустай санхүүгийн салбарын явц ямар байгаа вэ. Цаашид хэрхэн хөгжүүлэх шаардлагатай байна вэ?

-Хөрөнгийн бирж 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. Гэтэл хууль эрхзүй, засаглал, удирдлага талаасаа төрийн 100 хувийн өмчит хөрөнгийн биржтэй улс бараг байхгүй.

Хөрөнгийн бирж ашгийн төлөө бизнесийн байгууллага байдаг. Ашгийн төлөө бизнесийн байгууллага байж гэмээнэ өрсөлдөх чадвартай болдог шинэ бүтээгдэхүүн санаачилдаг, олон нийтийг тухайн бизнестээ оруулах  талаар санаачлагатай  ажилладаг.

 Гэтэл Монгол Улсын хувьд Хөрөнгийн бирж гэдэг нь 100 хувь төрийн өмчид явж ирсэн учир өрсөлдөх чадвар маш бага, өнөөдрийг хүртэл нийт эдийн засагтаа оруулсан хувь нэмэр багатай, нийт санхүүгийн зах зээлийнхээ дөнгөж хоёр хувийг эзэлж байна.

Зөвхөн ягаан, цэнхэр тасалбар зохион байгуулсан гүйцэтгэлтэй л байдаг.

Үүнийг цааш нь явуулахад гол нь хувийн хэвшлийн оролцоо чухал байдаг учраас Хөрөнгийн биржийг хувьчилна гэсэн зар явуулахад нь бид худалдаж авах гэж үзсэн.

Гэтэл хувьчлахаа болилоо гэсэн. Тэгэхээр бид төрийн өмчийн зүйлтэй зууралдалгүй шинээр анхнаас нь зөв Хөрөнгийн биржийг байгуулах гэж байна.

Гэхдээ энэ бол ойрын хугацааны төлөвлөгөө биш. Магадгүй дунд хугацааны 2-3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажил.

-Та холбооныхоо талаар болон цаашид юу хийхээр төлөвлөж байгаа талаар танилцуулна уу?

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сонирхолтой, санхүүгийн зах зээлд 10-15 жил ажилласан мэдлэг  туршлагатай  залуус нийлж тус холбоог байгуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Улсын  бүртгэлийн  ерөнхий газарт бүртгүүлж, албан ёсны гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гарц, шинэ боломжийг нээх, шинэ бүтээгдэхүүнийг санаачлах үүндээ олон нийтийг татан оролцуулах зорилготой. Монголын жирийн иргэний хөрөнгийн зах зээл болон санхүүгийн мэдлэг маш нимгэн байна.

Үүнээс болж хөрөнгийн болон санхүүгийн зах зээлд байгаа боломжуудыг ашиглахгүй байх нь элбэг. Тиймээс бид анхан болон дунд шатны хөрөнгийн зах зээлтэй холбоотой сургалтыг тогтмол явуулна.

Хөрөнгийн зах зээлийг баавгай болон бухаар илэрхийлдэг. Бух нь үнийн өсөлтийг, баавгай нь бууралтыг илэрхийлдэг.

Энэ хоёр элемент зэрэг явж байж хөрөнгийн зах зээл хөгждөг. Гэтэл манай улсад зөвхөн бух талын зах зээл хөгжсөн учраас хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа цэвэр өрсөлдөөний зарчмаар хөгжиж чадахгүй байгаа юм.

Тиймээс Монгол Улсын дотоодын хөрөнгийн зах зээлд дутагдаад байгаа, хамгийн гол нь бусад улсад нийтлэг хэрэглэдэг олон улсын стандарт практикийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бий болгоё гэж үзэж байгаа. Мөн зах зээлийн эдийн засагтай улсад өрсөлдөөн чухал байдаг.

Манай улсын хувьд Хөрөнгийн бирж ганцхан байдаг учир өрсөлдөөн алга. Тиймээс бид хувийн хэвшилд суурилсан Хөрөнгийн биржийг байгуулах зорилгыг тавьж байна.

Монголын дотоодын зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгосноороо хөрөнгийн зах зээлийн чанарыг сайжруулах, олон нийтийн сонирхлыг татах энэ ажлыг явуулах үүднээс хувийн хэвшилд суурилсан хөрөнгийн биржийг ойрын болон дунд хугацаанд байгуулна.

-Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр иргэдэд ямар ашигтай вэ?

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн эцсийн зорилго нь тухайн улсын иргэн бүр хөрөнгө оруулагч болох, ашигтай байгаа бизнесийн хувьцаа эзэмшигч болох хүсэлтэй байдаг бөгөөд түүгээрээ дамжуулаад жил болгон ногдол ашиг авах боломжийг хөрөнгийн зах зээл нээж өгдөг.

Жишээ нь АНУ-д нийт насанд хүрсэн иргэдийн 50-60 хувь нь хөрөнгийн зах зээлтэй холбоотой байдаг.

Ингэснээрээ жил бүр тогтмол орлоготой байж чаддаг. Харин Монгол Улсын иргэдийн хувьд зөвхөн цалингийн орлоготой, нэмэлт орлого гэж байхгүй. Гэхдээ үргэлж иймээрээ байхгүй. Дотоодын хуримтлалыг бий болгоно.

Ингэснээрээ дотоодын аж ахуйн нэгжүүд өөрийн гэсэн санхүүгийн шинэ хувилбартай, аж ахуйн нэгжүүд шинээр ашигтай ажиллах төслүүдэд хувьцаагаар дамжуулан хөрөнгө оруулдаг, хувь эзэмшдэг болно.

Хамгийн гол нь дунд болон урт хугацаандаа байнгын орлоготой болох тогтолцоог хөрөнгийн заах зээл нээж өгнө. Уг нь 1990 онд ягаан, цэнхэр тасалбар гаргаж, энэ нь хөрөнгийн зах зээлийн зорилгыг агуулсан. Харамсалтай нь, иргэдийн мэдлэг, мэдээлэл хомс байснаас үнэгүйдүүлсэн.

Түүнээс болоод өнөөдрийг хүртэл 1990-ээд онд хувьчлагдсан 475 аж ахуйн нэгжээсээ ногдол ашиг авч чадахгүй байгаа. Харин хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр иргэд зарлагаасаа давсан орлогоосоо ашигтай компаниудын хувьцаанд оруулж тухайн компаниас урт хугацаатай ногдол ашиг авах боломж гарна.

Зөвхөн иргэн талаасаа бус хамгийн гол нь аж ахуйн нэгж талдаа маш том шинэчлэлийн хэмжээний давуу тал гарна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд банкны 18 сар хүртэлх хугацаатай жилийн 20-30 хувийн хүүтэй зээл авах биш төслөө нээлттэй танилцуулж, үнэт цаасны танилцуулгаа хийснээр иргэдээс хүүгүй хувьцааны санхүүжилт бий болгох боломжийг зөвхөн хөрөнгийн зах зээл нээж өгнө.

-Монголын эдийн засагт хямрал гүнзгийрч байна гэж яриад байгаа. Гэтэл Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн. Энэ нь аж ахуйн нэгж, компаниудад хүндээр тусч байна. Энэ нөхцөлд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар хэдий хугацаанд эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

-Азийн орнуудын түүхийг аваад үзэхээр яг хямралын жилүүдэд болон түүний дараа тухайн улсын хөрөнгийн зах зээл маш хурдацтай хөгжих нөхцөл үүсдэг.

Аж ахуйн нэгжүүд хямралтай байсан учраас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл биш зайлшгүй шаардлагын улмаас хувьцааны санхүүжилт хүсдэг.

Тиймээс Монгол Улсад нүүрлээд байгаа санхүүгийн хямрал, банкны хүндрэлтэй нөхцөл байдал нь эдийн засаг, санхүүгийн хямрал дотоодын хөрөнгийн зах зээлийг хурдацтай хөгжүүлэх хөшүүрэг болно гэж харж байна.

Төвбанк бодлогын хүүгээ 4.5 нэгжээр нэмэгдүүлсэн нь цаанаа нөгөө л аж ахуйн нэгжүүдийн өмнө нь өндөр байсан зээлийн хүүг дахиад л нэмнэ гэсэн үг. Тиймээс эдийн засагт үүсээд байгаа санхүүгийн хямралыг хөрөнгийн зах зээлийн шинэ үе шаттай холбож үзэж байна.

Манай холбоо ерөнхийдөө эхний 6-8 сарыг олон нийтэд сурталчлах, сургалтуудаа зохион байгуулах чиглэлээр явуулах байх. Ер нь эхний хувьцааны хөрөнгийн зах зээл дэх томоохон санхүүжилтийг нэгээс хоёр жилд бий болгоно гэж төлөвлөж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны хоёр дахь зах зээл нээгдээгүй байхад иргэдээс 30 хувийг нь Засгийн газар худалдаад авсан нь зөв үү?

-Энэ бол мэргэжлийн шийдвэр байгаагүй. Улс төрийн шийдвэр байсан. Тиймээс улс төр нь тухайн шийдвэрийг зогсоох шиг боллоо.

Иргэдээс “Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааг Засгийн газар худалдаж авах нь санхүү, эдийн засаг талаасаа ямар ч боломжгүй зүйл байсан.

Яагаад гэвэл, компани нь ашигтай ажиллаагүй учраас ногдол ашиг тараах, хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаанд оруулах боломжгүй байлаа. Энэ бол зүгээр л сонгуульд зориулсан, сонгуулийн өмнө явуулсан улс төрийн үйл ажиллагаа байсан. Цаашид хэрхэн үргэлжлүүлэхийг улстөрчид л мэдэх байх даа.

-Энэ нь хөрөнгийн зах зээлд хэрхэн тусч байна вэ?

-Энэ нь хөрөнгийн зах зээлд маш сөргөөр тусч байгаа. Иргэдэд санхүүгийн боловсрол бий болгох бус харин хувьцаа гэдэг зүйлийн ойлголтыг 180 хэм эргүүлчхэж байгаа юм.

Хувьцаа гэдэг маань компанийн хувь эзэмшил. Мөн үүгээр дамжуулан ногдол ашиг авдаг бус халамжийн хэрэгсэл гээд ойлгуулчихлаа. Дундаж иргэнээс асуухад л хувьцаа гэдэг нь банкинд очиж сул мөнгө авдаг хэрэгсэл гээд ойлгочихлоо шүү дээ.

Тиймээс бид үүний эсрэг ажиллана. Хувьцаа гэдгийг олон улсынх нь стандартын дагуу санхүүгийн шинжлэх ухааны дагуу иргэдэд таниулах зорилготой байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийг хувийн компанид өгчихлөө шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Миний зүгээс бол хувийн хэвшилд шилжүүлснийг дэмжиж байгаа. Төрийн өмч гэдэг нь ихэвчлэн санхүүгийн сахилга бат, засаглал муу, хиймэл зардал ихтэй, тендерийн шахаатай байдаг.

Тиймээс хувийн хэвшил орж байж засаглал нь нээлттэй ил тод, худалдан авалт нь өрсөлдөөнтэй шударга болдог. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллах боломжтой болно.

Гагцхүү нэг компанид давуу эрх олгосныг л миний зүгээс буруу гэж харж байна. Товчхондоо хувьд очсон нь зөв, гэхдээ нэг компанид нэр заагаад өгсөн нь буруу.

Уг нь гурван сая иргэндээ хувьцааг нь авах эрхийг санал болгох байсан. Харин авахгүй гэвэл тухайн компани ч байна уу, Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” компани ч байна уу авах нь нээлттэй байх ёстой гэсэн бодолтой байдаг. 

Ярилцсан. М.Энхцэцэг