Хүрэлбаатар.Ч О.Батнасан 2016.08.26 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Төсвийн байнгын хорооны хуралдаанар Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг  дараа Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлээд байгаа аж.

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй байгаа юм байна.

Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой.

Мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан тул дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, жилд хэдэн төгрөгийн татвар төлөх тооцоотой байгаа тухай асуусан бол Ж.Энхбаяр, Х.Бадельхан нарийн гишүүд хоёр орны Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээрийн нөхцлийн талаар сонирхож байсан.

Харин О.Батнасан гишүүн, хуулийн төсөлд зааснаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг 100 хувь чөлөөлөх бус тодорхой хувиар чөлөөлөх боломжийн талаар судлахыг санал болгосон юм.

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлөхөөр санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу гишүүдийн 71.4 хувь нь дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.