3000 орчим эрдэмтэнтэй Монголын ШУ-ны салбар
ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Социологийн секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтох
2016.08.29

3000 орчим эрдэмтэнтэй Монголын ШУ-ны салбар

Шинжлэх ухааны салбарыг өөрчлөн зохион байгуулж, шинэчлэх талаар засгийн эрхэнд гарсан нам, эвсэл бүр тодорхой санаа цухуйлгаж ирсэн ч бодитой ажил болгож хэрэгжүүлэх нь цөөн байв. Харин 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө “шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх”[1] гэж тусгасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолд үндэслэн 49 эрдэм шинжилгээний хүрээлэнг 23 болгож нэгтгэсэн юм.

ШУ-ны салбарт ийнхүү өөрчлөлт хийхийг эрмэлзсэн нь сайшаалтай ч анхаарах шаардлагатай цөөнгүй асуудал байна. Тухайлбал, ойлголтын хувьд ШУ-ны салбарт “шинэчлэл” хэрэгтэй байсан эсэх, шинэчлэл хийснээр тус салбарын нийгэм-эдийн засгийн үр өгөөж дээшлэх эсэх, тэнд ажиллагсадын ажилдаа хандах хандлага (ажлын нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулах)-д хэрхэн нөлөөлөх вэ, судалгаа туршилтын ажлын нийгэм-эдийн өгөөжийг хэрхэн дээшлүүлэх тухай асуудал орхигдсон юм. Иймээс энэхүү нийтлэлийн хүрээнд ШУ-ны салбарыг хөгжүүлж, нийгэм-эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд юу шаардлагатай талаар өөрийн байр суурийг илэрхийлэхээр шийдлээ.

Төрөөс ШУ-ны талаар баримтлаж буй бодлогын шүүмжлэлт тал

Шинэчлэл гэх нэр томъёо нь бүтэц болон агуулгын хувьд өөрчлөх гэсэн утгыг агуулах бөгөөд нийтлэг тохиолдолд “уламжлалт нийгэм бүх талаараа, үндсээрээ шинэчлэгдэж орчин үеийн, үндсэндээ барууны шинж төрхтэй шинэ нийгэм болж хувирах үйл явц”[2] гэж ойлгодог.

Монголд социалист нийгэм байгуулсан цагаас эхлэн нүүдлийн болон суурин соёлын хэв маяг зэрэгцэн оршиж ирсэн. 1990 оноос нийгэмд эргэлт гарч нийгэмд үйлчилж байсан зарчим ор үндсээрээ өөрчлөгдөж, Монголчууд зах зээлд чадах чинээгээрээ, ардчиллыг хэтийдтэл нь (эрх, эрх чөлөөний талаарх ойлголтын гажуудал бий болсон[3])хүлээн авч, дэлхийн улс үндэстнүүдийн материаллаг болон оюуны соёлын шимийг хүртэж, техник технологийн ололт амжилтыг цаг тухайд нь нутагшуулахуйц чадвар, чадамжтай болсон. Мэдээж хэрэг хөгжингүй орнуудаас соёл, хөгжлийн түвшнээрээ хоцорч, нийгэмд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал шийдлээ хүлээж байгаа нь үнэн боловч хил хязгааргүй даяарчлалд бүх талаар гүн автсан одоогийн нийгэмд шинэчлэх хэмжээнд хүртэл дордсон, эсвэл соёл, хөгжлийн хувьд ухралт хийсэн зүйл төдийлөн харагдахгүй байна. 

Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс ШУ-ны салбарыг өөрчлөх алхам хийж, барууны хэв загварт ойртох алхам хийж байгаа нь зарчмын хувьд зөв гэж үнэлэх үндэслэл болох ч энэхүү ажлын үр дүнг бүхэлд нь харвал “шинэчлэл” гэж үзэх нь ойлголтын хувьд алдаатай байсан нь харагдана.

Хэрэв “шинэчлэл” гэх нэршлийг хэрэглэх хэмжээнд хүрвэл энэ нь 1924 оны хувьсгал, 1990 онд хийсэн нийгмийн өөрчлөлт, түүний үр дүнд гарсан нийгмийн үйл явц, үзэл санааны, арга барилын хувьд агуулгаараа өөр түвшинд хүрэхийг хэлнэ.

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд тулгарч буй асуудлыг шинжилсэн олон тооны социологийн судалгааны тайлан, дүгнэлтэд нийгэмд тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахын тулд шинэчлэл бус харин сайн менежмент, шат дараалсан бодлого хөтөлбөр шаардлагатай болохыг олон дахин тэмдэглэн хэлсэн байдаг.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын шинжтэй асуудал нь цаг үеэсээ хоцорсон хэлбэрийн төдий байна.

Учир нь МУ-ын шинжлэх ухааны салбарын хөгжлийн хүрсэн түвшнийг үгүйсгэж, тэнд ажиллагсадын чадавхийг дорд үзсэн өнгө аястай хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь дээрх гаргалгаанаас харагдаж байгаа юм.

ШУ-ны байгууллагын өнөөгийн байдал

Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүссэнээс хойш 94 жил, Шинжлэх ухааны академи болж зохион байгуулагдаад 54 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Шинжлэх ухааны академийн харьяа, хувийн эрдэм шинжилгээний байгууллага, төв нийлээд 71 (төрийн өмчийн 49, хувийн өмчийн 7, их дээд сургууль 15)[4] байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс зөвхөн ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдэд 2724 хүн ажиллаж байгаагаас эрдэм шинжилгээний ажилтнаар 1725 хүн, үүний 1521 нь эрдмийн зэрэг цолтой ажиллагсад[5] өөрийн харъяа хүрээлэнгийн байранд байрлан ажиллаж байна.

Судалгаа, туршилтын ажлын үр дүнг харвал 2014 онд технологи, бүтээгдэхүүний загвар 1454, хэвлүүлсэн бүтээлийн тоо 8686, шинэ бүтээлийн патент 46-г авчээ.[6] Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны байгууллага тогтвортой, үр бүтээлтэй ажиллах орчин нөхцөл, шинжлэх ухааны байгууллагын ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх талын ажил чамлалттай боловч нэгэнт бүрэлдэн тогтсон юм. Гэхдээ энд авч үзэж буй гол асуудал бол шинжлэх ухааны салбарыг үр дүнтэй, улс орон, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц өөрчлөлтийг хийх тухай асуудал юм.

Сэтгэлгээний хувьд “Эрдэмтэй хүн их мөрөн лугаа дөлгөөн” гэх цаг үедээ тохирохоо байсан энэ үзэл шинжлэх ухааны байгууллагад олон жил хадгалагдаж ирсэн. Үүний үрээр шинжлэх ухааны байгууллагууд юу ч хийхгүй төрөөр тэжээлгэдэг гэх ойлголт газар авч, зарим улс төрийн нам, улс төрчид энэ хандлагыг дэвэргэж байгаа юм. Харин энэ хооронд олон нийт лам хуврага, мэргэн түргэн, илбэч жатгач гэх хүмүүсийн мунхруулгад автаж, тэднээр асуудлаа шийдвэрлүүлэхээр оочир дараалал үүсгэн гүйлдэх болсон нь шинжлэх ухааны байгууллагууд оршин буй өнөө цагийн эмгэнэл гэлтэй. Олон нийт оюуны хэрэгцээгээ хангах үүднээс мэдлэгт тэмүүлэх бус цаг аргацаасан зугаа цэнгэлийг эрхэмлэх болсонтой холбоотой. Өнөөдөр иргэд сонирхдог мэдээллийнхээ 85-90 орчим хувийг телевизээс авдаг бөгөөд үүний дотор солонгосын сериал (22.9%), дуу хөгжим (11.1%), бизнес (10.8%), тв шоу (9.7%) цаг үеийн мэдээ мэдээлэл (9.1%)-ийг хамгийн их авч байгаа бол танин мэдэхүйн чиглэлийн мэдээллийг 7.9 хувь нь л сонирхдог[7] гэжээ. Энэ нь Монголчуудын дунд тархины тураал гэгч зүйлд хөтлөгдөж байгаагийн том баримт юм.

Нөхцөл байдал ийнхүү дордоход нэг талаас шинжлэх ухааны байгууллагын идэвхигүй байдал буюу бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэл сул, судалгаа туршилтын ажлын үр дүнг танин мэдэхүйн хийгээд практикт нэвтрүүлэхэд санаачлагагагүй ажилладагтай нь, мөн цаг үедээ үл нийцэх хандлагыг баримтлаж ирсэн зэрэгтэй нь холбоотой гэж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны салбарт ажиллагсад маань нийгэмд чиглэсэн танин нөлөөллийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг харуулж байна. Нөгөө талаас төр шинжлэх ухааны байгууллагад чиглэсэн бодлогын асуудалд өмнө дурдсанчлан суурь шинжтэй хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй, бүтэц, зохион байгуулалтын төдийд хэлбэрийн шинжтэй өөрчлөлт хийхээс илүү гарч чадахгүйгээр үл барам энэ салбарт ажиллагсдыг бусдаар тэжээлгэгч гэсэн нэр зүүлгэж, гадуурхаж ирсэнтэй нь холбоотой юм. Үр дүнд нь шинжлэх ухааны салбар нь хөгжихгүй байгаагаас гадна нийгэм олон нийт мэдлэгт тэмүүлэх бус түр зуурын зугаа цэнгэлийг илүүд үзэх болсон юм.

Дурдан буй талуудын өнөөгийн харилцааг тоймловол төрөөс шинжлэх ухааны байгууллагуудаар суурь болон захиалгат судалгааны ажил гүйцэтгүүлж байгаа ч тэдгээрийн үр дүнг практикт нэвтрүүлэхээс илүүтэй “ажил гүйцэтгэсэн” гэх байдлаар үнэлж хүлээж авдаг бол шинжлэх ухааны байгууллагууд судалгаа, шинжилгээний ажлыг олон нийтэд таниулж, практикт үр ашгийг нь мэдрүүлэх тал дээр санаачлага багатай ажиллаж байна. Зарим тохиолдолд төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, бодлого боловсруулагчид, яам, агентлагийн түвшинд (төрийн удирдах байгууллагууд сонгуулиар солигддогтой холбоотой) хаана ямар судалгаа хийснийг ч мэддэггүй, ижил төрлийн судалгааны үр дүнг бусдаас хайх, байгаа судалгааны ажлын үр дүнг ойлгохгүй байх явдал гардаг. Өөрөөр хэлбэл, төрийн болон шинжлэх ухааны байгууллагын хооронд амьд холбоо алдагдсаны дээр үйл ажиллагааны тасралтгүй шинж чанар орхигдсон.

Хандлага өөрчлөх тухай. Өнөөдөр бодлогоор хангах (төр), чиглүүлэх үүрэг (шинжлэх ухааны байгууллага) бүхий байгууллагад “буруу хандлага тогтсон”-оос үүдэлтэй олон нийтийн оюуны хэрэгцээ, сонирхлын хооронд тасалдал үүсээд байгааг өөрчлөх шаардлагатай юм.

Схем-1. Шинжлэх ухаан, төр, олон нийтийн харилцааны өнөөгийн байдал

Тогтсон хандлагыг өөрчлөхийн тулд, нэгдүгээрт: Аливаа улс үндэстний хөгжлийн түвшин, хурдац нь шинжлэх ухааны салбарт оруулдаг хөрөнгийн хэмжээнээс хамаардаг гэж үздэг. Өнөөдөр төрийн өмчийн шинжлэх ухааны байгууллагуудад санхүүгийн хүрэлцээгүй байдлаас үүдэлтэй туршилт, судалгаа хийж чадахгүй байх, үр дүнг практикт нэвтрүүлж чадахгүй байх нь түгээмэл бөгөөд судлаачид үүнийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, 2013 онд хийсэн судалгааны үр дүнгээс харахад судлаачдын 43.8 хувь[8] нь төсөв санхүү хүрэлцдэггүй гэж хариулсан байдаг. Иймээс төр засгийн зүгээс хайхрамжгүй байдлаа өөрчилж, Монгол улсад ШУ-ны салбарыг хөгжүүлэхэд тусгайлан анхаарал хандуулбал зохино.

Дэлхийн хөгжингүй, хурдацтай хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг харвал Израйль (4.456%), Финлянд (3.934%), Швед (3.597%), Өмнөд Солонгос (3.561), Япон (3.357%), Дани (3.063%), АНУ (2.897), Герман (2.822%), Австри (2.722%), Сингапур (2.428%)[9] зэрэг улсууд ШУ-ны салбараа хөгжүүлэхийн тулд дунджаар ДНБ-ийхээ 3.28 хувийг зарцуулж байгаа бол манай улсад шинжлэх ухааны салбарт 2008, 2010-2014 онуудад тус бүр ДНБ-ий 0.2 хувийг, 2009 онд 0.3 хувийг зарцуулсан байна. 2015 онд 0.4[10] хувьд хүргэхээр төлөвлөсөн нь ШУ-ны салбар дахь хөрөнгө оруулалт сайжрахаар ирээдүй харагдаж байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг цаашид ч нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд ШУ-д зарцуулах зардал ДНБ-ий 0.8 хувь[11] хүрсэн тохиолдолд ололт, амжилт, ашиг нь нийгэмд мэдрэгдэж эхэлдэг аж.

Дээрхтэй холбоотой ШУ-ны байгууллага дахь хүний нөөц, технологийн чадавхийн асуудлыг хамааруулж үзэх нь зөв юм. Учир нь эдгээр нь төсөв, санхүүжилтээс хамааралтай шийдэгддэг. Шинжлэх ухааны ололт, амжилт, үр өгөөж нь төсвийн хөрөнгө оруулалтын зэрэгцээ тухайн салбарт ажиллагсдын тоо, чадавхиас хамаарна. Өөрөөр хэлбэл, тоо болон чанарын үзүүлэлт давхар яригдах учиртай.

Манай улсад 2015 оны байдлаар шинжлэх ухааны байгууллагад 2724 хүн ажиллаж байгаагаас эрдэм шинжилгээний ажилтнаар 1725 хүн ажиллаж байгаагаас 1521 нь эрдмийн зэрэг цолтой ажиллагсад байна (доктор Sc.D-ын зэрэгтэй 135, доктор Ph.D-ын зэрэгтэй 496, магистр зэрэгтэй 890)[12]. Хүний нөөцийн 74 хувь нь эрдмийн зэрэг цолтой ажиллагсад байна. Тооны хувьд цөөн ч чадварлаг боловсон хүчин ажиллаж гаа нь үүнээс харагдаж байна. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай бус байна гэх үзэх үндэслэл харагдаж байгаа юм. Харин чадавхийг нэмэгдүүлэх тал дээр төрөөс анхаарч эхэлсэн нь илүү үр дүнтэй бүтээл туурвил гаргахад түлхэц үзүүлнэ. Тухайлбал, Сүүлд БШУЯ-аас олон улсад тухайн судлаачийн эрдмийн бүтээлээс иш татсан тоог үндэслэн эрдмийн ажлын үр өгөөжийг үнэлэх болсон.

Гэхдээ эрдэм шинжилгээний ажилтнуудын тоог нийт хүн амтай харьцуулбал 1 сая хүнд ойролцоогоор 556 эрдэм шинжилгээний ажилтан ноогдох бөгөөд дэлхийн дундаж (1500 орчим[13]) үзүүлэлтээс даруй 3 дахин бага байгаа нь шинжлэх ухааны ололт, үр нөлөө нийгэмд мөн мэдрэгдэх төдийд байгааг илтгэж байна.

Шинжлэх ухааны салбарт технологи нэвтрүүлэх нь судалгаа шинжилгээний ажлын чанар үр дүнд эергээр нөлөөлдөг. Тухайлбал, үүнтэй холбоотой БСШУЯ-аас “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2007-2013 онд эрдэм шинжилгээний байгууллагуудад нийт 6.3 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалтын 70.0 хувь 2007-2009 онд хийгдсэн нь мэдлэг бүтээх ажилд эерэг нөлөө үзүүлж гадаадын сэтгүүлүүдэд нийтлэгдсэн үндэсний хэмжээний шинжлэх ухааны өгүүллийн тоо огцом өссөн байна.”[14] хэмээн тэмдэглэсэн нь шинжлэх ухааны салбарт технологийн шинэчлэл хийхийн ач тусыг харуулж байгаа юм. Гэтэл судалгаа, туршилтын ажилд хэрэглэж буй технологи (88.6%)[15] нь судлаачид (хими, физик, байгалийн ухаан г.м)-ын хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Энэ нь шинжлэх ухааны салбарт технологийн шинэчлэл хийх, шинэ технологи нэвтрүүлж ажиллах шаардлагатайг харуулж байгаа юм.

Ажиллах нөхцөл, техник технологийн хангамжийг нь сайжруулж, хувь судлаачдын чадавхийг дээшлүүлэхэд төрийн зүгээс анхаарч ажилласан нөхцөлд монголын судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нээлт хийх бололцоотой гэдэг нь олон баримтаар нотлогдож байна. Тухайлбал,

Иймд төрийн зүгээс шинжлэх ухааны салбар дахь хөрөнгө оруулалт, ажиллах хүчний тоог нэмэх, технологийн шинэчлэл байнга хийснээр шинжлэх ухааны судалгаа, туршилтын ажлаас гарч буй үр өгөөж нийгэм, эдийн засагт үр дүнгээ үзүүлэх бололцоотой юм. Энэ нь мөн шинжлэх ухааны байгууллага нийгэмд үйлчлэх чиг үүргээ гүйцэтгэх бололцоог олгох, улмаар олон нийтийн зүгээс шинжлэх ухаанд итгэх итгэл нэмэгдэж, үл ойшоох хандлага өөрчлөгдөх бололцоотой.

Хоёрдугаарт. Шинжлэх ухаан нь түүнд өөрийгөө зориулж чадах хүсэл тэмүүлэлгүйгээр хөгжихгүй. Харин хүсэл эрмэлзэл нь шинжлэх ухааны байгууллагад ажиллагсадын тогтсон хандлагаас шууд хамаарах тул юуны түрүүнд шинжлэх ухааны байгууллагад ажиллагсад өөрсдийн хандлагыг өөрчлөх нь шаардлагатай юм.

Шинжлэх ухааны байгууллага судалгааны шинжилгээний үр дүн, үр өгөөжийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, таниулах үүрэгтэй гэж ойлгож болно. Гэтэл өмнө тэмдэглэсэнчлэн эрдэмтэй хүн даруу гэх үзэлд хэт хөтлөгдөн нийгмээс тусгаарлагдмал, нам жим байдлаар үйл ажиллагаа явуулсаар өнөөг хүрэв. Үүнийг шинжлэх ухааны байгууллагын удирдлагын түвшинд ч хүлээн зөвшөөрдөг. Академич Д.Рэгдэл “...манай эрдэмтэд хийж байгаа ажлаа сурталчилж огт чадахгүй байгаа. Яаж сурталчилдаг вэ гэдгээ мэдэхгүй.”[16] хэмээн тэмдэглэсэн байдаг. Эндээс судалгаа, шинжилгээний үр дүнг тайлагнаж, танилцуулсан мэдээллийг нийгэмд цаг тухайд нь хүргэж байх нь зүйтэй гэсэн шаардлага маш тодорхой харагдаж байна.

Үйл ажиллагааны зарчмын хувьд нийгэм, эдийн засгийн амьдралд болж буй үйл явцыг ажиглагчийн байр сууринаас буюу түүний өрнөл үйл явц, үр дүнг харж, шинжлэхээс илүүтэй түүний үр дагаварыг таниулах ажилд идэвхитэй оролцон тухайн асуудлын талаар судалгаа шинжилгээний ажлын үр дүнд үндэслэн бодит гаргалгаа хийх байдлаар идэвхитэй оролцож байх шаардлагатай байна. Энэ нь нийгэм эдийн засгийн хөгжилд нэмэр болохоос гадна олон нийтийг соён гэгээрүүлэхэд тустай.

БСШУЯ-аас санхүүжүүлж ШУА-ийн Философийн хүрээлэнгээс хийсэн “Төсвийн бус эх үүсвэрээр хэрэгжиж буй  судалгаа, хөгжлийн ажлын судалгаа” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээс ШУ-ны байгууллагын үйл ажиллагааны шүүмжлэлт талыг шууд харж болно. Үүнд:

  1. Эрдэм шинжилгээний байгууллагууд аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааны хурд, зах зээлийн эрчмийг гүйцэхгүй, хэрэгцээг нь хангаж чаддаггүй (19.1%),
  2. Яам, агентлаг, аймгуудын тухайд ЭШБ-уудын судалгааны ажлын үр дүнг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах боловсон хүчний чадвар, чадавхи сул байгаагаас үүдэлтэй судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэрэглэж чаддаггүй (18.8%),
  3. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд албан байгууллагуудын оролцоо, оролцооны хэлбэр (34.4%) тодорхой бус,
  4. Хийсэн ажлынхаа үр дүнг практик хэрэглээ болгох тал дээр анхаардаггүй (15.0%),
  5. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, ач холбогдлыг ойлгуулах (13.0%)гэсэн санаачлагатай холбоотой дутагдал,
  6. Боловсон хүчний дэмжлэг үзүүлэх буюу шинэ залуу судлаачдын чадавхийг дээшлүүлэх (10.5%) буюу боловсон хүчний чадавхижуулахтай холбоотой доголдол,
  7. Аж ахуй нэгжүүдийн хувьд хүрээлэн, төвүүдтэй хамтарч ажиллахаас илүүтэй бие даасан судлаачидтай хамтарч ажиллахыг илүү үздэг бөгөөд ингэснээр санхүүгийн хувьд хэмнэлттэй, хүнд сурталаас болж цаг алдахгүй байх, хариуцлага тооцоход хялбар гэх мэт харилцааны уян хатан байдлыг хангахтай холбоотой бэрхшээл байдаг тул шинжлэх ухааны байгууллагад ажиллагсад төдийгүй удирдлагын түвшинд анхаарах шаардлагатай юм.

Гуравдугаарт. Нийгмийн чиглэлээр хийсэн судалгааны ажлын хүрээнд тэд хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдийг амьдрах ухаанд сургах, ёс суртахууны төлөвшил олгох шаардлагатай талаар байнга тэмдэглэдэг. Монгол улсын томоохон аж ахуй нэгж, байгууллагуудын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, яам, агентлаг, аймгуудын удирдлагууд Монгол улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд “хүний хөгжил төлөвшил, боловсрол шинэчлэлийн технологид тулгуурлах хэрэгтэй” гэж 10 хүн тутмын 7 нь[17] хариулсан. Өмнө тэмдэглэсэнчлэн өнөөдөр олон нийтийн дунд мэдлэгт тэмүүлэх хэрэглээ багассан бөгөөд оюуны бүтээлч үйлийг хайхрахаа байжээ. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас 2015 онд хийсэн “Хөдөөгийн амьдралын хэв маяг” суурь судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдоос ном уншдаг эсэхийг тодруулахад 32.3 хувь нь ер нь уншдаг гэж хариулсан бол 47.2 хувь нь нэг их сонирхдоггүй ч хааяа нэг уншдаг гэж, 20.5 хувь нь огт үгүй[18] гэж хариулсан. Энэ нь нийгэмд танин мэдэхэд чиглэсэн оюуны хэрэгцээ зугаа цэнгэлээр солигдсоныг харуулж байгаа юм. Тэгвэл мэдлэгт чиглэсэн хэрэглээг нэмэгдүүлж, оюуны бүтээл үйлийг тэтгэхэд төрийн дэмжлэг, шинжлэх ухааны байгууллагын оролцоо нэн түрүүнд тавигдана.

Төр засгаас нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн бодлого баримтлаж, үүнд чиглэсэн ажил хийхгүй бол мөн шинжлэх ухааны байгууллагуудын зүгээс соён гэгээрүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүй, нөхцөл байдал яг хэвээр үргэлжилсэн тохиолдолд олон нийт шинжлэх ухааны үр дүнг хэрэглэх бус соёл урлаг, хэрүүл маргаан, тэр тусмаа зугаа цэнгэлд хошуурсан хандлага өөрчлөгдөхгүйгээр үл барам Монголчуудын “тархины тураал[19]” улам даамжрах болно.

Гаргалгааны хувьд урлаг, уран сайхны олон хэлбэрийг олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн “танин мэдэхүйн” арга хэрэгсэл болгон ашиглаж болох юм. Учир нь өмнө тэмдэглсэнчлэн олон нийт соёл, урлагийн чиглэлийн мэдээлэл илүү сонирхож байгаа нь үүнийг боломжтой гэдгийг харуулж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх-JFPR9152-MON” төслийн хүрээнд “Саятан болгох дамжаа” сэдэвт олон ангит кино бүтээсэн бөгөөд уг киногоор дамжуулж ядуу иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийг зорьсон нь нэлээд амжилттай хэрэгжсэн юм. Тухайлбал, төслийн үр өгөөжийг тооцож үзэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 91.5 хувь нь тухайн киног үзсэн гэж хариулсанаас гадна уг кино нь Боловсрол сувгаар цацагдаж буй хөтөлбөрүүдийн 2 дугаар байрт шалгарсан[20] нь ийм хэлбэрээр ШУ-ны ололт, үр өгөөжийг олон нийтэд сурталчилж, хандлагыг нь өөрчлөх бололцоотой юм.

Эцэст нь тэмдэглэхэд шинжлэх ухааны салбарт ажиллагсад өөрсдийн хандлагыг өөрчилж судалгаа шинжилгээний ажлын үр дүн, үр өгөөжийг сурталчилан таниулах, харин төр шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхийн хэрээр шинжлэх ухааны салбарын нийгэм, эдийн засаг, олон нийтэд чиглэсэн ажлын үр дүн, өгөөж дээшлэх болно.

 

Ашигласан материал

 

  1. БСШУЯ. Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын статистикийн мэдээллийн эмхтгэл (II). УБ., 2015. 148 дахь тал.
  2. БСШУЯ, ШУА-ийн ФСЭЗХ. “Төсвийн бус эх үүсвэрээр хэрэгжиж буй  судалгаа, хөгжлийн ажлын судалгаа” тайлан. УБ., 2013.
  3. БШУЯ, НҮБ-ын БШУСБ. “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогоын шинэчлэл” үндэсний чуулган / 2013-IX/5-6. Уб., 2013. Илтгэгч: Зао Мулан. “Шинжлэх ухааны парк” илтгэлийн хэсгээс. 54 дэх тал.
  4. “Maxima media” судалгааны төв. “Саятан болгох дамжаа”[1] хөтөлбөрийн рейтингийн шинжилгээ. УБ., 2014.
  5. ШУА-ийн ФСЭХ. “Философи эрхийн судлал” эрдэм шинжилгээний цуврал. О.Баасантогтох. “Хотжилт ба иргэдийн соёлжилт, зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” эш-ний өгүүлэл. // №XXVII. УБ., 2012.
  6. “ШУ-ны салбарын санхүүжилт” илтгэл. Илтгэгч: Г.Батхүрэл Эдийн засгийн хөгжлийн яам Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга. 2013.09.05.  / 2016.01.22
  7. Б.Энхтүвшин, Д.Рэгдэл. “Технологийн инновацийн хөгжилд суурь судалгааны гүйцэтгэх үүрэг, чиг хандлагын тухайд”. 15 дахь тал.
  8. Т.Ган-Эрдэнэ. “Шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал” (УБ., 2011.12.21) илтгэлийн хэсгээс.
  9. “МУ-ын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах” тухай МУ-ын УИХ-ын тогтоол. №37. 2012.09.18.
  10. http://www.mas.ac.mn // Н.Одонгарав. “Ямба, ял хоёрыг нь үүрүүлж” шинжлэх ухааны “эрх чөлөөг” хангах нь монгол улс хөгжих гол гарц мөн // нийтлэл. 2016.02.02
  11. http://www.meds.gov.mn/data/1409/Tusul2015.pdf // БШУЯ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2015 оны төсвийн төсөл. 10 дахь тал. 2016.01.22

12.  http://news.gogo.mn/r/157096 // Д.Рэгдэл: 1997 оноос хойш шинжлэх ухааны салбарт ийм дорвитой өөрчлөлт хийгээгүй. 2016.01.22