Ерөнхий сайдад амьсгаа авах хугацаа хэрэгтэй байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.08.30

Ерөнхий сайдад амьсгаа авах хугацаа хэрэгтэй байна

Ямартай ч Ерөнхий сайд Засгийн газраа бүрэлдсэнээс хойш 60 хоногтоо багтаан ирэх 4 жилд баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-д оруулж ирлээ. Таван бүлэг, 381 заалт бүхий энэхүү хөтөлбөрийг батлах эсэх асуудал нь энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы хэлэлцэх гол сэдэв.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Байнгын хороод Лхагва, Пүрэв гарагуудад хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар санал дүгнэлтээ УИХ-д уламжлах юм. МАН-аас сөрөг хүчин, ард түмэн сонгуульд ялсан мөрийн хөтөлбөрөө тэр чигээр нь Засгийн газрын хөтөлбөртөө тусгана гэсэн хүлээлттэй байсан. Тэгвэл ёсоор болж чадав уу?

  • -Эдийн засгийн хүндрэлийг давах онцгой бодлого
  • -Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого
  • -Нийгмийн бодлого
  • -Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого
  • -Засаглалын бодлого

Энэ таван бүлэг бодлогыг Засгийн газар 2012-2016 онд барьж ажиллахаар хоёр ч удаагийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэжээ. Ерөнхий сайдын гол тайлбар бол эхлээд эдийн засгаа аврах, дараа нь аврагдсан эдийн засгаа тогтворжуулах, нэгэнт тогтворжсон эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой байгаагаа чуулганы индэрээс илэрхийлсэн.

Энд нэг зүйл сонирхол татаж байгаа нь “Эдийн засгийн хүндрэлийг давах онцгой бодлого” гэж. “Онцгой” гэдэг нь юугаараа онцгой юм бол? Өөр нэг зүйл гэвэл өнөөгийн нөхцөл байдлыг Засгийн газраас хямрал биш “хүндрэл” гэж тодорхойлов. Энэ Засгийн газар хүнд ачаа үүрснээ нэгэнт хүлээн зөвшөөрч, байдалтайгаа эвлэрэв бололтой. Шинэ Засгийн газар “Сайн” хөтөлбөрүүдийг бүгдийг зогсоож, харин өөрсдийн өмнө нь засгийн эрхэнд байх үедээ хэрэгжүүлж байсан бодлогуудаа дахин сэргээхээр болж байх шиг.

...Тухайлбал, “Монгол мал”, “Монгол малчин”, “Малжуулах хөтөлбөр”, “Атрын III аян”, “Эрүүл хүнс”, “Мах, сүүний анхдугаар аян” томоохон ажлуудыг төлөвлөөд байгаагаа УИХ-ын гишүүдэд танилцуулсан...

Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй болов уу. Учир юу гэвэл төрийн бодлогод хүнд аж үйлдвэр, уул уурхай гэж ихээхэн тусгагддаг байсан бол энэ удаад түүний амнаас хөнгөн үйлдвэр гэж үг гарлаа. Мөн “Хүн төвт бодлого” гэсэн хэллэг ч цухалзаж байлаа. Одоогийн Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын алдааг шүүмжлэхээ ч мартсангүй. Гэхдээ түүний өнөөдрийн ярьж буй мөрийн хөтөлбөр нь илүү дээр болохыг, эхнээсээ гаргаж буй шийдвэрүүд нь зөв эсэхийг цаг хугацаа харуулах байх. Засгийн газрын шийдвэрүүд эхнээсээ сөрөг хүчний эгдүүг хүргээд авсан.

Энэ тухайгаа ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ бусадтайгаа хуваалцав. Тэрээр мэдэгдлийнхээ эхэнд Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь намын мөрийн хөтөлбөртэйгээ зөрчилдөж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Засгийн газрыг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлж, дүгнэж байгаа нь бодит бус, эрх баригчид өмнөх үйлдлээ үгүйсгэн, эдийн засгийг улам бүр сөхрүүлэх мөрийн хөтөлбөр барьж орж ирлээ гэж эрс шүүмжлэлтэй хандаж байлаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бүлгийнхээ санал дүгнэлтэндээ Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан мэдэгдлийг буруутгаж байгаагаа ч орхигдуулсангүй хэлээд авлаа.

Арга ч үгүй биз? Учир нь тэр хэдхэн сарын өмнө Засгийн газрын гишүүн байсан хүн. Тэр дундаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр түүний өргөн барьж батлуулсан, эхлүүлсэн, хэрэгжих хугацаа нь хараахан болоогүй байсан хууль, төсөл хөтөлбөрүүдийг зогсоож эсвэл ухрааж байгаад тун ч дургүйлхэж байгаа нь ил байлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар чуулганы индрээс үг хэлсний дараа УИХ-ын гишүүд Засгийн газрынхнаас сонирхсон асуултандаа хариулт авч байлаа. Гэхдээ энд нэг зүйл хэлэхэд, УИХ, Засгийн газрын гишүүдэд нийтлэг дутагдал гэх үү нэг тийм зүйл байгаа нь үг хэлэх, асуулт асуух хугацааныхаа ихэнхийг гол асуудалдаа шууд орох бус нэг нэгнийхээ хэлсэн үгийг үгүйсгэх, алдааг нь шүүмжилсээр цаг дуусдаг.

...Телевизийн нэвтрүүлэг, кинон дундуур реклам явж байгаад үзэгчид юу үзэж байснаа мартлаа гэж шүүмжилдэг шиг хэлэлцэж буй гол асуудлаа умартах үе байх юм, гишүүд минь...

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нарын нэр бүхий 20 гаруй гишүүд үг хэлж, асуулт асууж байлаа. Эрх баригчдыг төлөөлөн үг хэлж буй гишүүдийн дийлэнх нь мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, лавшруулах, нарийвчлах, улам тодорхой болгох зүйлс байгааг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг эдийн засгийн талаар хоёр үе шаттай бодлого баримталж байгааг сайшаагаад яг үүнтэйгээ адилхан нийгмийн бодлогыг ч гэсэн шат дараалсан байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн бол Г.Занданшатар өнөөгийн үүсэн бий болсон хүндрэлийн гол буруутан болохыг Ерөнхий сайдаас хэлэхийг хүсч, хойшлуулах гээд байгаа төсөл хөтөлбөрүүдээ хэдий хэр хугацаанд хойшлуулж байгаагаа нарийн тусгахыг шаардсан.

...Буруутан хэн болохыг Ерөнхий сайд биш шадар сайд Ч.Хүрэлхүү хэлээд өглөө.Тэрээр өнөөгийн нөхцөл байдлын буруутан нь 2012-2016 оны УИХ-д олонхи болсон АН, хамтран Засгийн газар байгуулсан МАХН гэж хэллээ. Эдгээр нөхдүүдэд ард түмэн улс төрийн хариуцлага тооцсон, одоо хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодож байна гэдгээ ч илэрхийлсэн...

Энд нэг зүйлийг бодогдож байсан нь хариуцлагын тогтолцоо шат, шатандаа алга гэж УИХ-ын гишүүдээс авхуулаад энгийн бид ч ярьдаг. Тэгвэл яагаад УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл санаачилж, өргөн барьж болохгүй гэж? Засгийн эрхэнд байсан ч бай, огцорсон ч бай улс орноо хямраасан, хүндрэлд оруулсан гэдэг нь тогтоогдсон бол хууль зүйн хариуцлага тооцдог бол л доо.

Үеийн үеийн УИХ, Засгийн газар өмнөхөө шүүмжлээд л суудаг шүү дээ. Монголын улс төрийн 26 жилийн түүхийн амьд гэрч нь би байна гэж өөрийгөө тодорхойлсон УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ өмнөхөө шүүмжилдэг энэ байдалд дургүйцлээ илэрхийлж, нийгмийн хамгааллын бодлогыг сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн дагуу явуулахаа эрх баригчдаас шаардсан.

Ерөнхий сайд үүний хариуд, хэрэгжүүлнэ. Гэхдээ одоо боломж алга. Өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд эдийн засгийн боломжоо бий болгоё. ЖДҮ-ийг дэмжье, төслүүдээ явуулъя, 12-18 сарын дотор энэ бодлогоо эхлүүлэн хэрэгжүүлье. Үүний дараа нийгмийн халамжийн бодлогоо хэрэгжүүлье гэж байгаа юм. Тухайлбал, Хүүхдийн мөнгөний тухайд 60 хувь нь сар сардаа хүүхдийн мөнгөө авчихдаг хэсэг, 40 хувь нь 3 жилийн дотор 420 мянга хүртэл нь дансандаа хадгалдаг хэсэг гэсэн юм. Ерөнхий сайдын хэлэх гээд байгаа санаа нь бага зэрэг амьсгаа авах боломж олгооч гэж байгаа бололтой.

Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Сангийн яамны ажлын хэсгээс гаргасан.

Засгийн газар Монголбанктай хамтран Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой төлөвлөгөөг боловсруулж байна. Уг төлөвлөгөөг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Мөрийн хөтөлбөр батлагдмагц хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө боловсруулж, ажил хэрэг болгохоор шуурхайлан орох болно гэдгээ Ерөнхий сайд чуулганы индэрээс илэрхийллээ.

Ингээд гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон 69 гишүүний 50 нь буюу 72,5 хувь нь зөвшөөрч, дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо болон холбогдох байнгын хороод, намын бүлэгт шилжүүлсэн юм.