Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
2016.08.30

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.29/ хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуусан. Тэрбээр, шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг сурталчлах, дүрэм журам боловсруулах талаар ямар ажил хийсэн талаар Хууль зүйн сайд болон Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлагаас асуусан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сард баталсан ч холбогдох хуулиудыг батлан эцсийн найруулга сонсч, ёсчлоогүй. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй. Холбогдох хуулиудыг баталсан бол хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд хийгдэх байсан.

Тэдгээр ажлууд нь хийгдээгүй учир хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн хариуллаа.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн Эрүүгийн хууль батлагдсаны дараа гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх ажлууд хийгдэж эхэлж байсан.

Гэтэл холбогдох процессын хуулиуд эцэслэн батлагдаагүйгээс тэр ажлууд зогссон гэлээ.

Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт Эрүүгийн хуультай холбогдсон процессын хуулиуд батлагдаагүйгээс дүрэм журам боловсруулах, сургалт явуулах ажил зогссон гэсэн бол ШШГЕГ-ын дарга Б.Билэгт, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар процессын хуулиудыг баталсан бол хуулийг хэрэгжүүлэх бүх арга хэмжээг авч болох байсан гээд хуулийг хэрэгжүүлэх зардал 93 тэрбум төгрөгийн, нэмэлт хүн хүчний асуудлыг мөн шийдвэрлэх шаардлагатай байсан гэсэн хариултыг өгсөн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-аас Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Гэсэн ч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.