Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхгүйн тулд саад учруулж байхыг үгүйсгэхгүй
МАХН-ыг УИХ-д төлөөлж буй гишүүн О.Баасанхүү
2016.08.30

Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхгүйн тулд саад учруулж байхыг үгүйсгэхгүй

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой асуудлаар МАХН-ыг УИХ-д төлөөлж буй гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

-Эдгээр хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахыг яагаад дэмжихгүй байгаагаа тайлбарлаач?

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжих байтал дахин ирэх оны долдугаар сар хүртэл хойшлуулах хуулийн төсөл өргөн барьсан. Гол нь уг төсөл нь хэрэгжилтийг хойшлуулах тухай ганцхан заалттай. Ингэснээрээ Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1-14.3 дахь заалтыг зөрчиж байна. Эдгээр заалтын дагуу бол аливаа төсөлд үзэл баримтлал, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээгээ тусгах ёстой.

Мөн хууль, тогтоомжийг баталсантай холбоотой үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдэх арга хэмжээг тусгана, Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдуулснаа оруулна гэсэн. Гэвч эдгээр шаардлагыг хангаагүй төсөл оруулж ирлээ. Дээрх заалтад тусгасан шаардлагыг хангаж байж хуулийн төсөл болно. Үүнийг мөрдөхгүй юм бол гишүүд одоо хэрэгжиж буй бүх хуулийг ганц өгүүлбэрээр хүчингүй болгодог жишиг тогтоох нь.

Үндсэн хуульд харшилж байна. Ийм төслийг хууль гэж батлах боломжгүй. МАН-ын 65 гишүүн хүч түрэмгийлж, уг хуулийг баталбал Үндсэн хуулийн 38.2-ыг зөрчинө. 38.2.1-д заасны дагуу хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулахаа татгалзсан болно. Энэ бүхэн нь Монгол Улс хууль, эрх зүйт засаглалтай гэдгээс ухарсан хэрэг болно. Тиймээс үүнийг дэмжих боломжгүй.

Эдгээр хуулийг хэрэгжүүлж үзсэнийхээ дараа амьдралд нийцэхгүй байгаа заалтыг нь өөрчилнө гэсэн бол өөр хэрэг. Хуулиудад гэрийн хорионд оруулахаас эхлээд албадлагын шинэ арга хэлбэр тусгасан. Мөн 2000 гаруй иргэн ял, шийтгэлгүй болох байлаа. Хуулийн хэрэгжилтийг ингэж бүдүүлгээр зогсоож болохгүй. Өнгөрсөн есөн сарын хугацаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг холбогдох байгууллагууд яагаад хангаагүй юм бэ.

-Ингэж хойшлуулах гэж буй нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэсэн мэдээлэл бий.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлнэ. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн эцсийн шийдвэр гараагүй, Их хурлаас шийддэг юм. Харин улстөрчид таамаг дэвшүүлж, “Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцвол хүчтэй өрсөлдөгч болно” гээд ямар нэг саад тотгор учруулах гэж оролдож байхыг үгүйсгэхгүй.

Эрүүгийн хуулийн дагуу ирэх сарын 1-нээс намын дарга ял шийтгэлгүй болно. Үүнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг сунгах гэж буйг ч үгүйсгэхгүй. МАН-ын 65 гишүүний 47 нь Н.Энхбаяр даргын багт ажиллаж байсан. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасад түүний Тамгын газарт хуулийн зөвлөх байсан. Тиймээс тэд арай ч ийм алхам хийхгүй байх гэж найдаж байна. Асуудлыг бүхэлд нь улс төрийн өнцгөөс тайлбарлах түвэгтэй л дээ.