Тэрбишдагва.Д Ж.Мөнхбат 2016.09.01 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Эдийн засгийн байнгын хороо засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжлээ

 Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурласан гэлээ.

Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогоор эхэлж байгаа хэмээгээд, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас Мөрийн хөтөлбөр бүрдэж байгааг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа мөн илэрхийлсэн. Тухайлбал гишүүд, улсын төсвөөс санхүүждэг, алдагдалтай ажилладаг улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын талаар мөрийн хөтөлбөрт тусгасан эсэх, иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдаагүй Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих асуудлыг яагаад оруулж ирсэн, Төрийн орон сууцны корпорацийг цаашид ямар журмаар ажиллуулах талаар тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Засгийн газраас одоогийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах аж.

Түүнчлэн ажлын хэсгээс Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг эргэж харах шаардлага бий хэмээн хариулсан. Энэхүү бодлогод өөрчлөлт оруулах баримт бичгийг Засгийн газраас боловсруулж байгаа хэмээгээд энэхүү асуудлыг шийдвэрлэсний дараа Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөөд буйг хэллээ. Эдгээр замууд нь эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.

Төрийн орон сууцны талаар Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлнэ хэмээн салбарын сайд Г.Мөнхбаяр хэлсэн Гэхдээ менежментийн хувьд сайжруулах зүйл байгаа гэж тэрбээр хариулсан юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо