Сандуй.Ц 2016.09.01 | Сонин: Зууны мэдээ

Нийслэлийн өмчийг тоолж, “Улаанбаатар нэгтгэл”-ийг татан буулгалаа

Нийслэлийн өмчийг тоолж, “Улаанбаатар нэгтгэл”-ийг татан буулгалаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй

НИТX - ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болов. Хурлаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг нийт нэг их наяд 229.3 тэрбум төгрөгөөр баталгаажуулан тогтоол гаргалаа.

Энэ удаагийн тооллогод нийслэлийн өмчит 733 байгууллагыг хамруулжээ. 32596.2 га талбай бүхий 1847 газрыг нийслэлийн өмчийн оролцоотой 491 хуулийн этгээд эзэмшиж байгааг тоолсон байна.

Мөн бүртгэлгүй байсан 167.169 сая төгрөгийн өртөг бүхий 16 барилга, нэг тээврийн хэрэгслийг байгууллагуудын дансанд тусгуулсан байна.

Түүнчлэн нийт 21 байгуул-лагын дансанд бүртгэлтэй 782 сая төгрөгийн есөн барилга байгууламж, 553 сая төгрөгийн 17 тээврийн хэрэгсэл, 74.5 сая төгрөгийн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж дутжээ.

Үүнээс гадна нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, оронд нь Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрууд болгож өнөөдрөөс өөрчлөн ажиллуулахаар болов.