З.Нарантуяа 2016.09.01 | Сонин: Зууны мэдээ

Иргэдийн халаас руу орохгүйгээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий

Иргэдийн халаас руу орохгүйгээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий
УИХ-ын гишүүн З.Нарантуяа

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Төсвийн тодотголоор нэлээдгүй хэмнэлт хийхээр болсон. Гэхдээ эргээд хөрөнгө оруулалт, урсгал зардлаа нэмлээ гэсэн  шүүмжлэл яригдаж байна. Та ямар байр суурьтай байна вэ? 

Төсөв хүндрэлтэй, төсвийн орлого бүрдүүлэлтэд асуудал байгааг  ойлгож байгаа. Хамгийн гол нь төсвийн орлогын бууралтыг нөхөхийн тулд шууд аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татвар руу дайрч байгааг буруу гэж үзэж байна.

Олох ёстой төлөвлөсөн орлогуудаа цуглуулах тал дээр Засгийн газар үлдсэн дөрвөн сард сайн ажиллах ёстой. Орлого олох суурь боломжуудыг нэмэх хэрэгтэй. Нийт төсвийн орлогын бүрдүүлэлтийг татварын ба татварын бус орлогоор нэмж байгаа.

Татварын орлого дотор хүн амын орлогын, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд цөөхөн орлогоор төсвөө бүрдүүлж байна. Гэтэл  орлого бүрдүүлэх бааз суурийг нэмэгдүүлэх өөр олон боломж байна. Үүнийг Засгийн газар олж хараасай гэж хүсч байна. 

-Таны олж харснаар өөр ямар боломжууд байна вэ? 

Газрын төлбөрийг нэмэх боломжтой.  Манай улс 1998 оноос хойш өнөөг хүртэл газраа үнэлээгүй. 1998 онд Газрын төлбөрийн тухай хууль гараад Засгийн газар анх удаа төрийн өмчийн газрыг эзэмшиж байгаа байгууллагуудын газрыг үнэлсэн байдаг. Гэхдээ өнөөдөр газрын төлбөрөө төлдөг аж ахуйн нэгж, төлбөрийн дүн дэндүү бага байна.

Гэтэл бусад улс оронд энэ төрлийн  хураамжаас багагүй орлого олдог. Хоёрдугаарт, газар эзэмшиж байгаа хүмүүс бусдад шилжүүлэхдээ эрх борлуулсны орлого гэж ерөөсөө төлөхгүй байгаа.

Энэ бол татварын бааз суурийг нэмэгдүүлэх маш том боломж. Үүн дээр Дэлхийн банкны судалгаа гарч байсан. Энэ мэтчилэн Засгийн газар суурь орлогын  бүтцээ өргөжүүлж, орлого олох илүү олон боломжийг эрж хайх шийдэл тал руугаа дорвитой зүйлсийг төсвийн тодотголд оруулж ирээгүй. 

-Найман төрлийн татвар нэмж, цалин бууруулахын оронд урсгал зардлаа танах зэргээр өөр гарц бий юу? 

Төрийн өндөр албан тушаалтан, шүүгчдийн цалин, урамшуулалыг бууруулах, нөгөө  талд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа тэнцвэрийг харахад өчүүхэн бага зөрүүтэй байгаа.

Тиймээс урсгал зардлын 576 тэрбум төгрөг дотроосоо асуудлаа эхэлж яримаар байгаа юм. Үнэхээр 576 тэрбум төгрөг урсгал зардалд зайлшгүй  шаардлагатай эсэхийг харж байж цалингийнхаа хяналтыг ярих хэрэгтэй. Тоймоор харахад 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа.

Засгийн газар заавал иргэдийн халаас руу орохгүй, бодит амьдралынхаа түвшинг дордуулахгүйгээр өөр олон арга хэмжээ хэрэгжүүлэх гарцыг хайх хэрэгтэй. Тийм гарц  бий. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр хуралдана. Энэ хурлаар зайлшгүй юу эсвэл танаж болох зардал уу гэдгийг нэг бүрчлэн ярилцана.

 -Төсөвт суугаагүй мөртлөө 16 обьект шинээр барих асуудал бий гэсэн. Тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу? 

Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг, УИХ-ын Хяналт үнэлгээний хэлтсийн ажилтнууд обьектуудын жагсаалтыг тараасан. Жагсаалт бүр үнэхээр хэрэгтэй юу гэдгийг нэг бүрчлэн судлаагүй байна. Хяналтын дэд хороон дээр ярина. 

-Эрүүгийн, Зөрчлийн хууль гээд батлагдсан хуулийг тогтоолоор буцаадаггүй гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

Эрүүгийн болон Зөрчлийн хуулиас гадна таван хуулийн асуудал бий. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль батлагдаад эцсийн найруулга нь уншигдаад Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдчихсэн.

Тийм учраас эдгээр хуулиудыг хэзээ үйлчилж эхлэх вэ гэдэг асуудлыг ярьсан. Есдүгээр сарын 1-нд үйлчилж эхлэх байсныг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Энэ хоёр хуулийн хугацааг хойшлуулах шалтгаанаа процессын таван хуультай холбож тайлбарлаад байгаа. Эдгээр хуулиудыг батлагдаагүй гэж ярьж байгаа нь буруу тайлбар.

Ёсчлох л асуудал бий. Техникийн асуудал хийгдээгүй болохоос биш батлагдчихсан хуулийг УИХ-ын тогтоолоор буцааж байгаа нь үнэхээр хуулийг буруу ойлгож хэрэглэсэн үйлдэл боллоо. Мэдэхгүйдээ биш мэдэн будилж буруу ойлгож хэрэглэлээ гэдэг байр сууриа илэрхийлсэн. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг буцаасан нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Өмнөх парламентын эмэгтэй гишүүд энэ хуулийг батлуулахын төлөө төрөл бүрээр тэмцсэн. Эмэгтэй гишүүд уулзаж ярилцсан зүйл бий юу? 

Батлагдчихсан хуулийг УИХ-ын тогтоолоор буцааж байгаад үнэхээр харамсч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нийгэмд маш хэрэгтэй чухал ач холбогдолтой хууль байсан.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эхчүүд, эмэгтэйчүүд олон хүний эрх ашгийг хамгаалах хууль байлаа. Нэгэнт буцааж татсан бол ойрын хугацаанд оруулж ирж хурдан хугацаанд батлуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Яагаад энэ хуулийг татах болсон гэх шалтгаан нь өчүүхэн.

Эрүүгийн процессын хуулийг батлахгүй байх хүрээнд таван хуулийг багцаар нь татчихлаа. Үнэхээр харамсалтай. Өмнөх парламентын үед Гэр бүлийн хүчир­хийлэлтэй тэмцэх хуулийг санаачилж батлуулсан гишүүд хөдөлгөөн өрнүүлсэн.

Ялангуяа санаачилж идэвхтэй явсан Ц.Оюунгэрэлтэй эмэгтэй гишүүддээ уриалга гаргахаар ярилцсан. Өмнө нь батлалцахад оролцож байсан гишүүд дэмжээсэй гэдгийг ярьж байгаа. Удахгүй энэ асуудлаар МАН-ын бүлгийн эмэгтэйчүүдтэй ярилцах болно.