Амгаланбаатар.Х 2016.09.01 | Сонин: Өдрийн сонин

Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ

Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хүмүүнлэг, ардчилсан, эрх зүйт нийгэмд ажилтай, орлоготой, сайн сайхан ажиллаж амьдрах үндсэн нөхцлөөр хангагдах ёстой.

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямрал гүнзгийрч байгаа гэж өмнөх болон одоогийн эрх баригчид ээлж дараалан мэдэгдэж байна.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тасралтгүй буурч, төсвийн алдагдал үндсэндээ хяналтаас гарч, хүн амын худалдан авах чадвар, гадаадын хөрөнгө оруулалт буурч, төгрөгийн ханш огцом суларч байгаа нь бодит үнэн хэдий ч эдийн засгийн хямралаас гарах гарц нь ард иргэдийн цалин орлогыг багасгаж, ажлын байрыг цомхотгож, татвараа нэмэх арга зам гэж МҮЭ-ийн холбоо, иргэд, хөдөлмөрчид үзэхгүй байна.

Иргэд, хөдөлмөрчид эдийн засгийн хямралын хамгийн гол шалтгааныг тогтоож, нэн яаралтай арилгах гарц шийдлийг тодорхойлон үр дүнтэй хэрэгжүүлэхийг улс төрчид, шийдвэр гаргагчдаас хүлээж байна.

Улс төржсөн хэрүүл маргаанаа хойш тавьж, улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үүрэг хариуцлагаа биелүүлж ажиллахыг Монгол Улсын иргэн бүр сонгосон төр засгаасаа шаардаж байгааг МҮЭ-ийн Холбооноос төлөөлөн мэдэгдье.

Зарим төрлийн татварын зохицуулалт хийж, нийгэмд орлогын шударга хуваарилалт бий болгох Засгийн газрын санал, алхамыг дэмжиж байгаа хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх, ажлын байрыг цөөрүүлэх нь эдийн засгийн хямралаас гаргах гарц бус харин хямралыг улам гүнзгийрүүлж, ажилгүйдэл, ядуурал, дампуурал, гэмт хэргийг өсгөж, нийгмийн тогтворгүй 'байдлыг бий болгоно гэж МҮЭ-ийн Холбооноос үзэж байна.

Хямралыг хэрүүлээр бус хэлцэл зөвлөлдөөнөөр даван туулахыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.