Жавхлан.С 2016.09.02 | Сайт: Polit.mn

Дэлхийтэй хөл нийлүүлэх биш Монголтойгоо толгойгоо нийлүүлэх цаг иржээ

Дэлхийтэй хөл нийлүүлэх биш Монголтойгоо толгойгоо нийлүүлэх цаг иржээ
УИХ-ын гишүүн С.Жавхлан

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе.  Гурав дахь удаагаа нэр дэвшин ялалт байгуулсан болохоор нэлээн бодож байж, зорилготой энэ танхимд орж ирсэн байх.

Гялайлаа. Жавхлан яллаа гэхээсээ илүү Жавхлангийн дотор булгилж явдаг “Монгол” яллаа гэж хэлмээр байна. Миний нэрний өмнө ямар ч цол гуншин нэмэгдсэн Жавхлан яг л байсан хэвээрээ л нөгөө ажлаа хийгээд бүтээгээд явна. Монгол ёс заншил, газар шорооныхоо төлөө, түмэн олноо хөдөлмөрч байх, зохион байгуулалттай байх тэр чиглэл рүү залахад бүх хүчээ дайчилж ажиллана.

-Одоо эдийн засаг хүнд байгаа. Нийгмийн халамжаа хасахаас эхэллээ. Энэ зөв үү?

Бид “эдийн засаг” буюу эд юмаа засаж авч чадахаа больсонтой холбоотойгоор хямарсан. Өнгөрсөн 26 жилийн турш Монгол орон ажилгүйдэл, залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээ, халамжийн улс болж хувирсан. Энэ бүхэн хослоод ирэхээр тэр улс орон дампуурдаг, сүйрдэг. Дампуурч буй оронд эмнэлэг, цагдаагийн байгуулага нь хүч орж байдаг бол мандан бадарч байгаа оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нь ажил хөдөлмөрт уриалж, боловсролын байгууллага нь хойч үеээ зөв үнэн амьдралд бэлдэж хамгийн сайн ажиллаж дэвжиж байдаг. Мөнгө хаслаа нэмлээ зөв буруу гэхээсээ өмнө бүр углуурганаас нь нийгмийн оюун санаанаасаа эхэлж цэвэрлэж авах зайлшгүй цаг нь иржээ.

Жавхлангийн хувьд монголын нийгмийг хөдөлмөрт уриалах, хуучин ахуй, ёс заншлаа дэлгэрүүлэх, хөгжил гэж залхуурч суухынхаа оронд хөрс шороогоо хүндэтгэж, байгаль эх дэлхийтэйгээ нийцсэн өвөг дээдсийнхээ нүүдэлчин малчин соёлыг буцаан сэргээн мандуулах ажил үйлс рүү ханцуй шамлан орж байна. Гадны улсаас гуйлга гуйж, улс орныг өөд нь татна гэж байхгүй. Бүгдээрээ нийлж хөдөлмөрлөж байж эд юмаа өөрсдөө засаж, бүтээж, үйлдвэрлэж байж, тансаг хэрэглээгээ хасаж танаж хэмнэж байж хямралаас гарна. Ядарч зүдэрч байгаа түмэн олныхоо нуруун дээр татвар нэмж үүрүүлж яллаж байж энэ хямралаас гарахгүй.

-Оюутны 70 мянга, МСҮТ-ийн суралцагсдад өгдөг мөнгө танагдсан. Үүнийг дэмжиж байгаа юу?

Энэ бол анхнаасаа загас барих аргыг бус загас идэх аргаар залуусыг угжсантай холбоотой. Анхнаасаа яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ. Бүр эхнээсээ хариуцлага ярья. Үүсгэлийг нь хийсэн нөхөртэй хариуцлага ярья. Одоо хөдөө малчин айлын хүүхдүүд хотод ирж, мал дээрээ ихэнхдээ хоёр хөгшин 300-1000 малтай үлдчихсэн байна.

Боловсрол нэрийн дор үндсэндээ хадгаламж зээлийн хоршоо ажиллуулж, боловсрол нэрийн дор түмэн олныхоо халаас, өврийг ухасны хар гайгаар өнөөдрийн энэ их ажилгүйдэл үүсэж байна. Хот сууриндаа маш их төвлөрөл үүссэн. Аав ээжийнхээ хуруу хумсаа хугалж олсон юмыг аваад ирсэн хүүхдүүдийг улам илүү бэлэнчлэх сэтгэлгээ рүү түлхсэн. Сонгуулийн зорилгоор л хийсэн асуудал ш дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан гэх юм билээ?

Тийм. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж хийсэн хошин жүжиг. Шунал залийн сэдэлтэй хийсэн зүйлийн үйлийн лай заавал эргэж ороодог. Хүн ямар үр тарина тэр үйлийн үрээ л эргүүлж хүртдэг.

-Асем болж өнгөрлөө энэ талаар таны бодол?

Монгол дээл ёс заншилаар түрий барьж гуйлга гуйсан л зүйл болсон. Угтаа бол Их эзэн Чингис /чин-ихэс/ хаан 8 зууны өмнө дэлхийг хүлэг мориороо явж хурааж байсан бол, одоо дэлхий өөрөө бидэн дээр ирж хураагдах ийм үйл хэрэг юм. Тэгэхэд бидний байж байгаа царай. Төр нь түмнээсээ ичээд хотоос хөөж туух дээрээ хүртэл юм боллоо. Уг нь Монголчууд яаж нэгдэж амьдардгийг харуулах байсан юм.

Монголоороо бахархуулаад буцаах байсан юм. Монгол хүн гэртээ ирсэн зочны цүнх савыг юутай ирж вэ гээд ухаад байдаггүй биздээ. Гэтэл ямар бэлэг өгөх нь вэ л гэж бараг гарыг нь дагуулж хараад гуйж гувшсан ийм явдал боллоо. Муу аавтай айл ийм л байдаг. Ерөнхийлөгч нь тэр улс тийм бэлэг өглөө гэнгүүт л бусад нь “уухай” ямар гоё вэ гээд л. Ичиг ичиг ёстой ичиж байна.

Залхуу халамжийн бэлэнчлэх сэтгэлгээтэй зохион байгуулалтгүй улс гэж л энийг л хэлэх байх. Тэр ирсэн гийчид яасан сайхан нутаг энэ их боломжин дээр ямар залхуу улсууд байдаг юм бэ гэж бодоод явсан байх даа хөөрхийс. Урд жилүүдэд бусад улс гүрнээр явж очоод гуйлга гуйдаг байсан бол одоо бүр ирсэн зочин гийчнийхээ халаасыг ухсан ийм л зүйл боллоо. Олон улсад Монголыг “Ардчилал” гэж Ардаа-чилээж-алсан гуйлгачин улс гэж харууллаа.

-Та уул уурхай, газрын баялгаа ашиглахын эсрэг байдаг. Сангийн сайд нь уул уурхайн бизнестэй, Тосон Бумбын нуруунаас эхлээд лиценз эзэмшдэг гэдэг. Уул уурхайгаа ашиглаж байж л Монгол хөгжинө гэж үздэг улстөрч олон бий.

Дэлхийн улс үндэстэнүүд байгаллаг буюу эко амьдрал луу орж хэвийж байхад манайх сүйрээд дуусаж байгаа юмны төгсгөл рүү гүйдэг хаанахын ёс вэ? Уг нь таван хошуу малаа дээдэлдэг нүүдэлчин амьдрал байгаллаг амьдралын хамгийн дээд оргил. Өнөөдөр байгаллаг амьдрал, хөдөлмөрч ахуйч зан чанараа ярихаасаа өмнө газар шороо, газрын хэвлий элэг зүрхийг нь эмтэлнэ, сэмлэнэ гээд байгаа асуудал маш том гэсгээл, оюуны мунхрал, завхрал.

Эх орноо гомдоож өр элгийг ухаж сэндийлж, зарж үрж хямралаас гарна гэсэн бодол бол яавч эрүүл хүний бодлого биш энэ бол элийрэл солиорол. Монгол улс мал аж ахуйн орон, нүүдлийн соёл иргэншилтэй. Энэ иргэншлээрээ мандан бадарч, дэлхийг мянган мянганаар хурааж, дэлхийн оюун санааны төв төрт ёсыг тогтоож өгдөг уламжлалтай улс.

Түмэн олон нь сэрчихээд зөв зохион байгуулахыг хүлээгээд, хүсээд байдаг. Энэ төөрсөн хэдэн илжгэн толгойтнууд нь энэ газар шороогоо заръя, ухъя гээд байдаг. Ийм л хоёр том зөрүү гарч ирж байгаа юм. Тэгэхээр Монголын энэ хөрс шороо, сайхан онгон байгаль, энэ таван тансаг мал үеийн үед биднийг өлсгөхгүйгээр, мөр бүтэн аваад ирсэн. Газар шороогоо ухахгүй хэдэн мянган жил амьдраад ирсэн. Одоо яахаараа газар шороогоо ухахгүй бол болохоо байчихаад байна вэ? Энэ зүйлийг зөв зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй.

-Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна.

Энэ арга хэмжээгээр их таалагдах, оноо авах, хөшөө дурсгалд нь өвс өргөх иймэрхүү байдлаар хараад байх шиг байна. Үгүй. Энэ хүний үед ажиллаж байсан буурлууд өнөөдөр амьд сэрүүн байгаа, зөвхөн энэ буурлаас биш тэр үеийнхнээс нь ч мөн адил 26 жил Монголыг сөхрүүлж дампууруулсан нөхөд өршөөл эрэх хэрэгтэй. Өлмийд нь сөгдөөд уучлаарай гээд гуйх хэрэгтэй.

Энэ хугацаанд дөрвөн ерөнхийлөгч байлаа, 6 удаагийн их хурал сонгогдлоо, 16 засгийн газар солигдлоо хэдэн хүн ээлжлэн сайд болж, ингэж хэрэлдэж уралдаж, хөлөө жийлцэн шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсныхаа гэм нүглийг өнөөдөр Алтан-Өлгий ихсийн газар очиж уучлал гуйж нүгэлээ наминчлах хэрэгтэй. Энэ өвгөд хөгшид өнөөдөр хуучин цагийг зөв сайхан дамнуулж авч ирсэн ахмадаасаа өршөөл эрэх хэрэгтэй. Бидний үеийн залуус ичиж байна. Тэр хүний өмнө юу хийчихээд босгосон дурсгал дээр нь ямар нүүрээрээ очих гэж байгаа юм гэж хэлмээр санагдаж байна.

Тэр агуу хүн, бөгөөд тэдний үеийнхэний үлдээсэн зүйлүүд хаачив. Гутлын үйлдвэр, эсгий гутлын үйлдвэр хаана байна, Монголын дотооддоо хийдэг байсан үйлдвэрлэлүүд, баялаг гардан бүтээж байсан эв нэгдэл хаана байна. Тэр хүний хумсны толионд ч хүрэх хүн алга.

Хувьчлал нэрийн дор хувааж бүтээснийг нь бүгдийн сөнөөцгөөлөө. Тэр их буян хишгээс хувааж л хүртэцгээсэн улсууд байгаа болохоос нэмж хийж бүтээсэн зүйл эдэнд байхгүй шүү дээ. МҮОНТ-ийн дэлгэцээр Ю.Цэдэнбал гуайн 100 жилийн ойд зориулаад тухайн үед ажиллаж хөдөлмөрлөж байсан баримтат кинонуудыг гаргах хэрэгтэй. Тэр нийгмээ үгүйсгэж болно, гэхдээ тэндээс авах ёстой зүйлээ авч үлдье, зөв байсныг нь сэргээе.  

Хичнээн мянган залуучуудыг илгээлтийн эзэд аянаар мал ахуй руу нь гаргаж байв. Өнөөдөр бүгдийг нь малаас зугтаалгаад хотод авчраад, ид юм хийж бүтээх насны залуусаа гомдоогоод харьд боолын ажилд заруулж аргагүйдээд гарцгаалаа. Энэ бурууг 25 жил хагаралдаж, амин хувиа хичээсэн улсууд хүлээх ёстой.

Энэ хүмүүсээс ял асуух ёстой. Наад захын жишээ: Цэдэнбал гуайн гэргий, орос хүн ш дээ, гэтэл тэр хүн ирээд “Хүүхдийн төлөө сан” байгуулж байж. Гэтэл энэ дөрвөн ерөнхийлөгчийн авгай тэргүүн хатагтай нар тухайн тухайн цагтаа нэг ширхэг асрамжийн газар очсон уу? Сэтгэлээсээ нэг очоод ядаж харсан болов уу? Би лав олж хараагүй гэх мэт.

-Мэргэжлийн засгийн газрын тухайд юу бодож байна?

Одоо мэргэжлийн гэхээсээ илүү эх оронч сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна. Монголчууддаа хайртай, энгийн байж чаддаг хүмүүсийн засгийн газар байх ёстой. Түүнээс биш том нэр хөөргөдчихсөн, гэрийнхээ хэрэглээг хүртэл тооцоолж мэдэхээ больсон хүмүүс өнөөдөр энэ Монголын бор зүрхээрээ явж байгаа, учраа олохоо байсан түмэн олныг зөв чиглүүлж чадахгүй, зохион байгуулна гэдэг худлаа.

-Яаж хямралаас гарах вэ. Энэ талаар таны бодол?

Одоо тансаг хэрэглээгээ танах ёстой. Дэлгүүр орохоор 20-30 төрлийн 00-ийн цаас. Зөвхөн бөгс арчаад хаяхад зориулагдсан эд. Энэ чинь тансаглал биш үү. Харийн гадаадаас ирж байгаа хэдэн төрлийн хэрэггүй юм хэрэглэж байна. Урд хөршид ямар том сайхан Эрээн гэдэг хот босгож өгөв. Монголоо аварцгаая гээд түмэн олноо зөв сайхан зүйлд уриалан дуудъя.

10 жилийн хүүхдүүд 100 төгрөгний үнэтэй болчихсон байгаа арьс нэхий яагаад элдэж болохгүй гэж. Цүнх бээлий дээлээ хийгээд өмсөх ёстой. Энэ бол гарц энэнээс өөр зам байхгүй. Хүн бүр худал дүр эсгэхээ зогсоож дор бүрнээ хэв маягаа өөрчилж хичээж хөдлөх цаг ирсэн. Хуучин хэв маягаараа урагш нэг алхах гэж зүтгэвэл Монголын өнөөгийн нийгэм задарна. Хүссэн эс хүссэн ч чи Монголоороо байж чадахгүй бол яаж ч гүрийгээд амьдрал чинь доошоо л орно. Тийм болохоор яг одоо Монголоо өөрөөсөө бүтээж эхэл.

-Хэмнэе гамная гэж байгаа ч дарга нар дээр энэ нь харагдахгүй байна. Дарга нар өрөөгөө засаад тохижуулаад л байна. Дэд сайдаа ч хасаж чадсангүй?

“Би үхэхээр чи үх, үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая…” гэдэг зарчмаар, ийм л сэтгэлгүй 25-26 жил өнгөрлөө. Үүний хар гай нь Монголын түмэн олны нуруун дээр ачаа болж овоорчихоод байна.Ер нь олон өрөө том байранд орно, орд харшид амьдарна, хамрандаа шороо ч хүргэхгүй цэмцгэр амьдарна гэдэг нэг талаасаа үйлийн лай юм.

Хүний шунал дуусдаггүй. Харин толгой шийрээ хуйхалж идчихээд, бор шөлөө хувааж уучихаад, хэдэн бор шар хүүхдүүдээ тойруулаад болно доо гээд амьдарч байгаа нь дэндүү гэгээн сайхан амьдрал. Хоёр үнээгээ сааж сүүг нь уучихаад байгаа юмандаа ханаж цадаад байгаа нь дэндүү агуу баян амьдрал.

Би 20-30 машин гаднаа сойчихсон, олон давхар байртай байж үзсэн. Энэ бол амьдрал биш гэдгийг би хар залуудаа ухаарчихсан. Энэ хүмүүс ухаарахгүй амин хувиа хичээж явсандаа нийгмийг ийм болголоо. Хүний амьдрал тансаглал, хэрээс хэтэрсэн олон өрөө байр, үнэтэй машинаар хэмжигддэггүй. Хөдөлмөрөөр баян, ажил үйлсээр баян, сэтгэлийн баян гэдэг хамгийн сайхан зүйл байдаг юм.

Уг нь амиа хичээж Монголоосоо хумсалж хохироох биш Монголоо бүгд зүтгээд чинээлэг болгочихвол сайхан орондоо бүгд л чинээлэг амьдарна. Энэ зүйлийг уриалан дуудах гэж би Монгол төрдөө ирлээ. Хөдөлмөрт уриалах гэж Монголын төрд ирлээ. Жавхлан ямар нэг байдлаар өмнөх жишгээр хүний ул шагайж хэрүүл дэгдээх гэж энд ирээгүй. Энэ нурсан, хэн ч биш болгосон, нэр хүндийг нь унагачихсан төрийнхөө сүлдийг мандуулъя гэж ирлээ.

-Энэ төрийн ордны хамгийн жижигхэн, энгийн өрөө танд оногдож. Та сонгож авсан уу?

Цаанаасаа хуваарилсан юм.

14194255_1136734863063640_151687891_n

-Сонгуулийн хууль зөрчин, тоглолт хийж өвс тараасан эргүүлэн татна гэсэн яриа үе үе гарах юм.

Энэ хавар байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэж улс орон даяар онцгой байдал тогтоох хэмжээний айхтар зуд нүүрлэсэн. Үүнийг суурин газрын улс төдийлөн сайн мэдрэхгүй байна. Яаж малчин түмэн зовж, бидний идэш уушийг бэлдэж, ходоодыг дүүргэх гэж хөдөлмөрлөж явааг бид ухаарахгүй байна.

Тэр тоглолтын орлогоор Онцгой байдлын газар, МУ-ын засгийн газарт хандивын өвсийг хүлээлгэж өгсөн юм. Бид бас мугуйд хууль мэддэггүй улс биш ээ. Засгийн газар, Онцгой байдлын дарга нь талбай дээр гарч ирээд хүлээж авсан.

Түүнээс нэг нэг боодлоор нь тарааж, чирч гүйсэн юм байхгүй. Энэ бол цэвэр засгийн ажил. Нөгөө талдаа Жавхланг улс төр хэрэггүй, дуугаа дуул гээд байсан биз дээ. Би яагаад мэргэжлийнхээ ажлыг хийж болдоггүй юм бэ? Би одоо дуулж болохоо больж байна уу? Хэцүү байдалд байсан малчидынхаа төлөө дуулсан би мэргэжлийнхээ ажлыг л хийсэн.

-УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалд очихоор байдал өөрчлөгддөг. Та мэргэжлийн дуучин, одоо найр хуримын үе, таны хэмжээний дуучин их эрэлттэй байх цаг. УИХ-ын гишүүн болоод арга хэмжээнд уригдан дуулсан уу?

Би сүүлийн 6-7 жил дуулах асуудлыг их танасан байдаг. Бие даасан тоглолтоо хийнэ үү гэхээс, энд тэндхийн баяр цэнгэлд очиж дуулахаа больсон. “Хамаг Монгол”-оороо явж ая дуугаа өргөсөн зүйлүүд байгаа. Найр хуримд дуулахыг таван жилийн өмнөөс ор тас хаасан. Энэ хоолойд хоёрхон судас байгаа, үүгээрээ дуулаад нэг насаараа амьдарна гэж байхгүй.

Ганцхан эрхтнээрээ тэжээлгээд яваад байна гэж байхгүй. Тэгвэл 4 мөчөөс өгсүүлээд бусад нь яах болж байна. Оюун бодол, ухаан сэтгэл, толгой, гээд зөндөө эрхтэн байна. Энэ бүхнээ бүгдийг нь хөдөлгөж ажиллуулахыг хүссэн юм. Ер нь урлагийн хүн дуулж яваад нас ахиад ирэхээрээ миний анзаарснаар мартагдахаас их айдаг.

Тэрэндээ чирэгдэн жүжиглэж эхэлдэг. Мартагдахгүйн тулд дүр эсгэж эхэлдэг. Зөвхөн хоёрхон судсаараа өөрийгөө тэжээлгэж явсны горыг насныхаа эцэст амсдаг. Тийм учраас өөр зүйлийг давхар заавал тавилангаа олж хийж бүтээх учиртай байдаг. Зөндөө олон эрхтэн байхад хоёрхон судсаа зарчихаад амьдрахыг хүсээгүй. Харин хоёргүй сэтгэлээр бүх биеэ Монгол улсдаа зориулъя гэсэн чин сэтгэл буцалж явдаг учраас өнөөдөр энд сууж байна.

-Орон нутгийн сонгууль хаяанд иржээ. Танд юу бодогдож байна вэ?

Баянзүрх дүүргийн хэмжээнд дээлтэй эх оронч 41 залууг дэвшүүлэх санаатай байна. Баянзүрх дүүрэгтээ өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд суурь хэрэгтэй байна. Сэтгэл зорилго нийлэх залуусыг ирж хамтраарай гэж дуулгамаар байна. Баянзүрх дүүрэгээ жишиг хөдөлмөрч дүүрэг болгоно. Усны эхнээс л их ажлыг эхлүүлнэ дээ.

-Та фэйсбүүк, пэйж хуудсаа өөрөө хөтөлдөг үү?

Миний хувьд цахим ертөнцөд байдаггүй. Миний нэрийг барьж цахим хуудас ажиллуулж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад өгөхөөр баримтжуулж байгаа. Хүний өмнөөс мэдэгдэл хийгээд, хүний өмнөөс цаг хугацаагаа өнгөрөөж байна гэхээр утгагүй. Надад цахим ертөнцөд цаг хугацаагаа өнгөрөөх зав байдаггүй.

-Ирэх 9 сарын 16-нд Ю.Цэдэнбал гуайн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ болно. Та очих уу?

Энэ хүний арга хэмжээнд маш анхааралтай хандах ёстой. Би дээр хэлсэн Зөвхөн найр наадам өвс хөшөөнд нь өргөх байдлаар аргацаах юм бол шүүмжлэлтэй хандана. Бүхэл Монгол даяарын юм шүү дээ. Тэр хүний үйл хэргийг үргэлжлүүлж, Монголоо сайхан болгож сүнсийг нь амраах ёстой.

Үр ачид нь хүндэтгэл үзүүлж МУ-ын иргэншилтэй болгох хэрэгтэй. Гомдоосон хүмүүс уучлах гуйх ёстой. Энэ бол түүх. Сайн муу, хар цагаан ч бай бидний өвөг дээдсийн түүх. Хүн аав ээжээ муулдаггүй. Болж өнгөрсөн зүйлүүдийг, түүхийг бүх л хүмүүс хүндлэх ёстой, өршөөл гэмээ эрэх ёстой. Ингэж чадвал энэ үйл ажиллагаанд оролцоно.

-Бөх ярихаар Увс, Архангайнхан хоорондоо маргалддаг. Сая наадмаар Архангай, Увс аймгийн бөхчүүд өрсөлдөж, нутгаараа баахан талцалаа. Сонирхож асуухад Архангай, Увс аймгийн хоёр бөхийн хэнийг нь та дэмжив?

Хүмүүс ёс заншлаараа ажил хөдөлмөрөөрөө талцах бус уралддаг байгаасай. Яс ясныхаа хувцсыг өмсөөч. Дөрвөд баяд хувцсаа оёж өмсөөч, боржгонууд нь боржигон дээл хувцасаа өмсөөч, зөв өрсөлдөөн бий болгооч. Ёс заншлаа сэрээж уралдаач. Торгууд тоохуу гутал хаачив.

Тууль хайлж, уул ус, хайрхнаа магтаж талц л даа. Увс аймгийг дандаа Дөрвөд л гээд ярих юм. Увс аймагт Баядын 4 сум, Халх 3 сум, 1 Хотон сум байдаг шүү дээ. Хамаг Монголчууд маань яаж биднийг санаж, яаж Монголынхоо зүг сүүгээ өргөж байгаа, бидний тухай мэдээллийг чих тавин чагнаад, өр зүрх нь өмрөөд хайрлаж байдгийг харж мэдэрсэн хүний хувьд надад нутгархах үзэл байдаггүй.

Дэлхийн 30 гаруй улс орноор явлаа. Тэнд намайг чи “Монгол хүн үү?” гэж асуудаг болохоос “Чи Увсынх уу?” гэж асуудаггүй. Архангайнх уу гэж асуухгүй чи “Монгол уу?” гэж дэлхий асуудаг юм. Голын наана цаана, нам эвсэл, уулын ар өвөр, багц бүлэг, жалга довоор хуваагдах үзлээс Жавхлан ангид хүн.

Үнэхээр талцмаар санагдаад байвал яс ясныхаа зан заншил, хэв маягаар уралдаач. Цолны найрааны мөнгө авчихаад надад ийм бузар мөнгө хэрэггүй наадамчин олон минь хуушуур авч идээрэй гээд боодол боодлоор нь задлаад үзэгчид рүү цацаж чадах тэр түүхэн зөв үнэн аавын хүүг л би хувьдаа хүлээж суудаг хүн. Тийм хүн Монголд төрнө харж л байгаарай. Хүнлэг зөв үнэн явсан хүн л түүхэнд сайнаар үлддэг. Унаж босож л байдаг хорвоо шүү дээ.

-УИХ-ын гишүүдэд дээл өмсүүлнэ гэсэн. Сурах шинж байна уу. Нэг гишүүн гэхэд саяас дээш төгрөгийн үнэтэй брэндийн, зарим нь 5-6, 10, 20 саяын гутал, костюм, пальто өмсөж байгаа даа. Манайх сайн чанарын костюм хийдэггүй. Гишүүд монгол дээлээ өмсвөл гадагшаа урсах мөнгө цөөн ч гэсэн хасагдана даа.

Ер нь өөрөөсөө өөрчлөлтийг хийж чадахгүй байгаа хүн, өргөн олныг өөрчилж чадахгүй. Монголоо өөрчилье гэвэл танаас эхэлж нэг гэж тоолдог. Та өөрчлөгдөхгүй бол хэзээ ч монгол өөрчлөгдөхгүй. Энэ цаг хугацаанд үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй зарчмаар л явах ёстой. Маш энгийн байх ёстой.

Монголын төлөө хуралдаж байгаа бол хуралдайд монгол хувцсаа өмсөөд, монгол жаягаараа, монгол үг хэллэгээрээ байх ёстой. Ингэж байж Монголын хуралдай монголчуудын төлөө болж эхэлнэ. Энэ хуралдаан, Монголын төрт ёс алдагдсан, гадаадын маш том урсгал Монголын төрд ороод ирчихсэн байгаа учраас энэ зүйл арилахгүй байна. Ер нь монгол ёс заншлаа хайрлаж чадаж байгаа хүн эх орноо хайрлана, газар шороогоо хайрлана, хүн зоноо хайрлана.

Ийм зүйлдээ хайртай гэдгээ мэдрүүлж өөрийнхөө зүрхэн дотор бодогдож байгаа хайрыг гаднаа гаргаад, харагдах өнцгөөсөө үлгэрлээч гэж энэ уриалгыг хэлсэн юм. Магадгүй энэ зүйлийг анзаарч байгаа хэрнээ хөшөөд гүрийгээд байж байгаа улсууд байгаа. Жаахан цаг хугацааны дараа оюун ухааны хүлээн зөвшөөрөлт явагдаж эхэлнэ. Үүнд ерөөсөө санаа зовох асуудал байхгүй. Хүмүүс 10 жилийн дараа ухаарах уу, 10 хоногийн дараа ухаарах уу гэдэг нь тэр хүний оюуны асуудал.

Монголдоо хайртай, сэрж чадаж байгаа сэтгэл зүрхнийх нь асуудал. Монгол дээл гэж ярьж эхэлснээс хойш миний хоёр удаа унасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан шүү. Миний мөрийн хөтөлбөр УИХ-д орсон ч, ороогүй ч хэрэгжээд явж байна. Монголчууд дээл хувцсаа хичнээн сайхан оёж шиддэг болж байна, охид бүсгүйчүүд сайхан урлаж шагладаг болж байна. 365 хоногоос тавхан хоногт нь баяр ёслолоор монгол дээл хувцсаа өмсдөг ёсолдог.

Монгол дээл хувцас инээд хөөр, баяр цэнгэл авчирч байна гэсэн үг. Баяр наадмаар, цагаан сараар баярлахдаа өмсдөг. Тэгэхээр Жавхлан жилийн 365 хоног, тэр жилдээ тэр чигээрээ баяр хөөртэй явахыг бодсон юм. Монгол хувцсаа өмсөн 365 хоног өдөр болгон баяр хөөртэйгөөр ажилдаа яваач. Энэ зүйлийг уриалан дуудаж, Монголчлолыг авчиръя гэж уриалж байгаа.  

Урьд цагт “Ардын хувьсгал” гэдэг үг монголчуудын уриа туг дуудлага байж. 1990 оноос хойш “Ардчилал” гэдэг үг монголчуудын уриа туг болж байгаад сая дууслаа. Энэ үгийн ид шид, дэм тус нь хэрэггүй гэдэг ойлгомжтой боллоо, энэ үгийн үнэ цэнэ уналаа. Өнөөдөр Монголд дахиад шинэ үгийн үнэн цэнэ, уриа дуудлага гарч ирэх ёстой. Тэр нь “Монголчлол” юм байгаа юм.  Дэлхийтэй хөл нийлүүлэх биш Монголтойгоо толгойгоо нийлүүлэх цаг иржээ.

-Ярилцсанд баярлалаа.