МАН-ын бүлгийн шийдвэр эцсийнх байх уу?
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
2016.09.02

МАН-ын бүлгийн шийдвэр эцсийнх байх уу?

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр бүлэг дахин хуралдаж төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдсон цаг үеийн хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрчээ.

Архи, дарсны онцгой албан татварыг нэмнэ

Архи, дарс тамхинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэдэг дээр санал нэгдсэн байна. Хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй буюу Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнгүй.

Тодорхой объектуудын санхүүжилтийг олгохгүй

Улсын төсвөөс болон төсвийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр оруулсан хөрөнгө оруулалтыг дотор нь хэд хэд ангилж үзсэн байна. Ингэхдээ, төсөвт өртгийн нэмэгдсэн объектууд, төсөвт өртгийн нэмэгдсэн объектуудын нэмэгдсэн хөрөнгийг олгохгүй байхаар, санхүүжилт нь нэмэгдсэн объектууд буюу өнгөрсөн оны төлөвлөгдсөн санхүүжилтээсээ давсан объектуудад нэмэгдсэн санхүүжилтийг шинээр олгохгүй байхаар, шинээр нэмэгдсэн объектуудыг төсвийн тодотголоос хасна гэсэн шийдвэрүүд гаргалаа.

90 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан байгуулна

Хүн амын орлогын албан татварын талаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг хэвээр үлдээж, оюутны тэтгэлэгтэй холбогдсон асуудлаар 90 тэрбум төгрөгийн тэтгэлгийн сан байгуулж, энэ сангаас оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг авах замаар асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Хүүхдийн мөнгийг 60/40-ийн харьцаатайгаар буюу өмнө нь ярьж байсанчлан 60 хувь буюу зорилтот бүлгийн хүүхдүүдэд  үргэлжлүүлэн олгодогоороо олгож, 40 хувьд нь ногдох мөнгийг хуримтлал үүсгэж байгаад 3 жилийн дараагаас эхлэн өгөхөөр шийдлээ.

Төсвийн ерөнхий тэнцлийг тодорхой түвшинд сайжруулах чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу төсвийн алдагдал тодорхой хувиар буурна гэсэн хүлээлттэй байна. Эдгээр шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, төсвийн тодотголыг баталъя гэсэн шийдэлд хүрлээ. 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдгээр болон бусад чухал асуудлыг авч хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан 16:00 цагт эхэллээ.