Чойжилсүрэн.Б 2016.09.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 9,7 их наяд төгрөг байхаар оруулж ирлээ

Эдийн засгийн тогтворгүй байдал, тэр дундаа дотоод ба гадаад орчны нөлөөлөл, экспортын бараа бүтээгдэхүүний уналт, гадаадын хөрөнгө оруулалтын сааралт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр Монгол Улсын 2016 оны төсвийг зайлшгүй тодотгох шаардлагатай болсныг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны индэрээс мэдэгдлээ.

Тэрээр 2016 оны Монгол Улсын төсвийн орлогыг бодитой тогтоож, дахин төлөвлөх, урсгал зардал болоод бусад зайлшгүй зардлуудтай уялдан дахин тооцоолох, хуваарилах шаардлагатай учраас холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр танилцуулж байна.

Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5 их наяд 341,1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 9 их наяд 724,8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -4 их наяд 383,7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 18,1 хувьтай тэнцэхээр байна. 

Эдгээр хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 11 хуулийн төслийг хэлэлцүүлж байна.