Даваасүрэн.Ц 2016.09.02 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн: Гэртээ хоносныхоо төлөө яагаад татвар төлнө гэж?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг авч хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асууж асууж, санал хэлж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. 

Тэрээр төсвийн тодотголоор дундаж орлоготой иргэд рүү нилээд халдаж байна, гэр бүлээ авч яваа, боломжийн орлоготой болохоор тэмүүлж байгаа хэсгийг нам цохиод хаячихаж байна гэж нилээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Түүгээр ч барахгүй том талбайтай орон сууцанд амьдардаг байлаа гээд гэртээ хоносныхоо төлөө яагаад татвар төлж байгааг асууж байлаа.

Эдийн засгийн хямралтай үед татвар нэмэх бус татварын бодлогоороо ажлын байр нэмж, татвар төлөгчийнхөө тоог нэмэгдүүлэх бодлого баримталбал хямралаас гарна шүү дээ гэсэн саналыг дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах хоёр асуултыг хууль санаачлагчаас асууж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

- “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн босгыг өөрчлөхдөө 2020-2024 оныг оруулж байгаа нь ямар шалтгаантай вэ? Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 жил, төсвийн хүрээний мэдэгдлийг дунд хугацаанд буюу 3 жилийн хүрээнд хийж болдоггүй юм уу?

- Хөрөнгийн албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлого нэмэгдэхээр татвар нэмэх нь хэр оновчтой вэ?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол санхүүгийн сахилга батыг хамгаалах зорилготой. Бидний тооцоолж байгаагаар 2024 он гэхэд төсвийн алдагдлыг 2 хувь болгон буурах магадлалтай байна. Засгийн газрын өр хэт их байгаа учраас төсвийн алдагдлыг огцом буурах, бууруулах боломжгүй байна. 2020 он гэхэд 2 хувь руу аваачихыг чармайж ажиллана.

Хүн ам орлогын албан татварын тухай хуульд, жилийн 30 сая төгрөгөөс доош орлоготой бол 10 хувийн татвар ногдуулдаг, 30 сая төгрөгөөс дээш орлоготой хэсгүүдэд шаталсан хэлбэрээр 25 хувь болгож байна. Энэ нь сарын 2,5 сая төгрөгтэй тэнцэх цалинтай хүн гэсэн үг.

Таны шүүмжлээд буй 2,5 сая төгрөг гэдэг нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэг гэсэн статистикийн судалгаа байна. УИХ-д татварыг нэмэх эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь байгаа учраас зарчмын зөрүүтэй санал оруулж болох байх" гэлээ.