Содбаатар.Я 2016.09.05 | Сонин: Монголын үнэн

“СТЭНД БАЙ” хөтөлбөрт хамрагдах эсэхийг удахгүй шийднэ

“СТЭНД БАЙ” хөтөлбөрт хамрагдах эсэхийг удахгүй шийднэ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ цаг үеийн талаар ярилцлаа.

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд нийгмийн хамгааллын чиглэлийн зарим бодлого, үйл ажиллагааны хугацааг зогсоох, хойшлуулах зэрэг хэмнэлтийн горимд шилжүүлэх саналыг тусгасан нь олны шүүмжлэлд өртөөд байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

2016 оны сонгуулиар манай ард түмэн МАН-д маш их итгэл, өндөр хариуцлага хүлээлгэсэн. Энэхүү итгэлтэй хамт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амаргүй нөхцөл байдлыг бид хүлээж авлаа. Бид сонгуульд өрсөлдөхийн тулд улс орны статистик болон холбогдох бусад төсөв санхүүгийн байгууллагаас гаргаж байсан тоон мэдээлэлд үндэслэн тооцоо судалгаа гаргасан.

Харамсалтай нь, бодит байдлыг дүгнээд үзвэл төсөөлж байснаас илүү хүнд нөхцөл энэ удаагийн эрх баригчдыг угтан авлаа. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага үүссэн. Бид Монгол Улсын төсөв санхүүгийн сахилга батыг сайжруулах асуудлыг нэгдүгээрт тавьж байна.

Учир нь, сүүлийн жилүүдэд санхүүгийн сахилга бат алдагдсанаас болж Монгол Улс олон төсөвтэй болж, Үнэ тогтворжуулах, Хөгжлийн банкны зэрэг олон төсөв мөнгийг гарын салаагаар урсгасан. Улсаас гарч буй бүх хөрөнгө Монголын ард түмний, татвар төлөгчдийн мөнгө учраас бид бүгдийг нэгтгэх байр суурийг барьсан.

Бүх концесстой холбоотой, Монгол банк, Хөгжлийн банк болон Засгийн газар дээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт зарцуулсан санхүүжилтийг тооцоод үзвэл асар их өр зээл нэмэгдэн гарч ирж байгаа. Энэ бүхнээс улс орныхоо нийгэм, эдийн засгийг хэрхэн аварч гарах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгарч байна. Засгийн газар нөхцөл байдлыг судлаад, энэ удаагийн төсвийн тодотголыг өргөн барьж байна.

Ер нь төсвийн тодотголыг боловсруулахдаа хэмнэлтийн горимд шилжих, шаардлагагүй зардлуудыг хасч, төсөв мөнгийг хэмнэх, цаашлаад нийгмийн хамгааллын чиглэлийн зарим бодлого, үйл ажиллагааны хугацааг зогсоох, хойшлуулах зэрэг саналыг тусгаж Засгийн газраас оруулж ирсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг.

Харин одоо Засгийн газраас оруулж ирсэн төсвийг тойрч нэлээд хэлэлцүүлэг өрнөж байна. Нийгмийн олон салбарын дуу хоолойноос төрийн бодлого алийг нь тусгаж, яавал нийгэм, эдийн засгийн хүндрэлийг ард иргэдэд хохирол багатай даван туулах вэ гэдэг арга замыг тодорхойлохоор хичээж байна.

-Нийгэм, эдийн засгийн хүнд байдлыг ямар арга замаар даван туулах вэ? 

МАН-ын бүлэг төсвийн тодотголын асуудлаар хэд хэдэн удаа хуралдаж, зарим зүйл дээр зарчмын дараах саналуудтай байгаа. Нэгдүгээрт, цалин, тэтгэвэр тэтгэмжийг хасахаа больё. Энэ бол иргэдийн хийсэн ажлын хөлс, нөгөө талдаа тухайн айл өрхийн амьжиргааны үндсэн эх үүсвэр учир ийм санал гаргасан.

Хоёрдугаарт, энгийн иргэдийн ажил амьдралд шууд нөлөөлөхүйц татвар хураамжийг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчим барьж байгаа. Харин тансаг хэрэглээний чиглэлтэй гэж үзэж болохуйц зүйлийн зарим татварыг нэмж болох юм гэж үзсэн.

Тухайлбал, архи тамхи, их талбайтай орон сууц гэх мэтчилэн цөөн тооны тансаг хэрэглээний зүйлд татвар нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, аль болох аж ахуйн нэгжид ачаалал бага үүрүүлье гэсэн зарчмыг баримталж байна. Дөрөвдүгээрт, эдийн засгийн хүндрэлтэй ийм үед төр засаг байж болох хамгийн хэмнэлттэй горимд шилжиж, төсвийн урсгал зардлыг хэмнэх.

-Өнгөрсөн жилүүдэд санхүүгийн сахилга бат алдагдаж, төсвийн алдагдал их хэмжээнд хүрсэн гэдэг. Үүнийг засч залруулахын тулд яах ёстой вэ?

Ер нь төсвийн алдагдлыг тэглэх чиглэл рүү явуулах ёстой. Дотоодод хэрэглэж байгаа мөнгийг Засгийн газар нь авчихаад байгаа учраас аж ахуйн нэгжид олгох арилжааны банкнуудын зээл багасчихаад байгаа. Тиймээс дотоодоос төсвийн алдагдлыг тэглэх чиглэл рүү явбал олон хүндрэл бэрхшээлийг даван туулна. Нэг ёсондоо бид олсныхоо хэрээр зарцуулдаг, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг горим руу яаралтай шилжих хэрэгтэй.

Цаашид төсвийн мөнгөний бодлогод нэгдүгээрт, сахилга батыг сайжруулж, нэг бодлого нэг цонхоор явах ёстой. Хоёрдугаарт, төсвийг аль болох алдагдалгүй баталж, төсөв мөнгөний бодлогыг хооронд нь уялдуулах. Гуравдугаарт, ерөнхий эдийн засгаа сайжруулах алхам хийх хэрэгтэй. Ингэхийн тулд хамгийн түрүүнд аж ахуйн нэгжийг дэмжих юм. Эхний ээлжид аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол татвар нэмээд ч түүнийг нь өгч чадахгүй байдал үүсээд байна. 

-УИХ-д өргөн барьсан Засгийн газрын дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр төсвийн тодотголтой хэр зэрэг уялдаж байна вэ. Энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрийн онцлог нь юу байна вэ?

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэдэг ард түмэнд МАН-ын амлаж очсон 2016 оны УИХ, нийслэл болон аймгийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн цогц л байх ёстой. Өөрөөр хэлбэл, хоёр гуравхан сарын өмнө амлаж байснаасаа тэс хөндлөн зүйл ярьж болохгүй.

Ард түмэн нэг талаас нэр дэвшигчид, нөгөө талаас ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт саналаа өгсөн. Тиймээс бидэнд өгсөн итгэл рүү ус цацаж болохгүй учраас 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөр болох ёстой.

Мэдээж хэрэгжих үедээ төсөв мөнгөнөөсөө болж хугацааг нь хойшлуулах, хэзээ хэрэгжүүлэх зэрэг асуудал гарч ирэх байх. Өнгөрсөн парламентын үед баталсан нэг чухал шийдвэр бол “Монгол Улсын тогтвортой хөгжил 2030” юм. Энэ хугацаанд улс төрийн аль ч хүчин гарсан Монгол Улсын салбар бүрийг ийм байдлаар хөгжүүлнэ гэсэн ерөнхий төлөвлөгөөг гаргасан.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг 20 гаруй үзүүлэлтээр тав таван жилийн хугацаатай дүгнээд явах бодлогын баримт бичгийг УИХ баталсан. Үүний хүрээнд манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эхний таван жилийн зорилтыг дэвшүүлэх ёстой.

Энэ бодлогын үйл ажиллагаатай уялдах учиртай. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн нэг онцлог бол улсынхаа дампуурсан эдийн засгийг хэрхэн сэргээж, хүнд нөхцөл байдлаас яаж гаргах вэ гэсэн асуудлыг тусгах нь чухал.

Энэ чиглэлд юу тусгасан, ирэх дөрвөн жилд Засгийн эрхийг барихдаа ямар асуудал, аль салбарт илүү ач холбогдол өгөх, ямар зүйлийг төр засгийн бодлогоор дэмжих вэ гэдэг зүйл Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс уншигдах, үүнийг хараад гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл төрөх ёстой.

Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга нь иргэдийн болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх асуудал. Итгэл төрүүлж байж хөрөнгө оруулалт орж ирж, дотоодын бизнес эрхлэгчид хөдөлж эхэлнэ.

-Улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүнд байгаа ийм үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжих хэр боломжтой бол? 

Одоогийн нөхцөл байдал хүнд амаргүй байна гээд дүгнэчихсэн. Монголын эдийн засаг одоогоор дусал залгуулчихсан “сэхээнд” байна. Хэрэв оношийг нь зөв тавьж, зөв эмчилгээ хийхгүй бол улам хэцүү байдалд орно. Тиймээс эдийн засгийг эрчимт эмчилгээний тасгаас яаралтай энгийн тасаг руу шилжүүлэх хэрэгтэй.

Тэгээд цаашид нэг мөр эрүүлжүүлэх ёстой. Энэ процессыг цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд тодорхой болгосон бодлогын багц баримт бичгийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж харах ёстой учир үүнийг тойрч нэлээд нухацтай хэлэлцэж байна. Үнэхээр хэрэгжих үндэслэл байгаа эсэхийг асуудал бүр дээр ярьж байна.

-Олон улсын байгууллагаас дэмжлэг авч, “Стэнд бай” хөтөлбөрийг Засгийн газар нууцаар хэрэгжүүлээд эхэлсэн талаар зарим хүн ярьж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар давуу болон сөрөг тал бий болох вэ?

“Стэнд бай” хөтөлбөрийг нууцаар хэрэгжүүлнэ гэж түүхэнд байхгүй. Аливаа улс оронд нийгэм, эдийн засгийн хүндрэл бий болоход Олон улсын валютын сан дэмжлэг үзүүлдэг. Манай улс ч ялгаагүй олон жил харилцаж, тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайн орны нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлээд ямар хүрээнд ажиллахаа тохирдог.

Хөгжлийн болон хямралаас гарах хөтөлбөр, эдийн засгийг илүү эрчимжүүлэх зэрэг тодорхой асуудлыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, Олон улсын валютын сангийн шугамаар манай улсад авлигатай тэмцэх, хүнд суртлыг бууруулах зэрэг хэд хэдэн хөтөлбөр одоогоор хэрэгжиж байна.

Аливаа улс орон дотоодынхоо үл ойлголцлыг давж чадахгүй бол олон улсын байгууллагын заавар зөвлөгөөг авдаг. Бид 2000, 2008 онд дэмжлэг авч байсан. Хэдий хугацаанд авахаа тохирч, тэр хугацаанд олон улсын байгууллагаас хүү багатай тодорхой хэмжээний дэмжлэг авах нөхцөл бүрддэг давуу талтай.

Мөн манай санхүү эдийн засгийн тоо, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд гаднынхны итгэх итгэл тодорхой хэмжээгээр сэргэдэг. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг гадаад, дотоод аль ч талдаа худлаа тоонууд их явсан байна. Энэ олон тоонд гаднынхан итгэхгүй байна.

Бид ч өөрсдөө итгэхэд хэцүү байдалд орлоо. Тэгэхээр Олон улсын валютын сан болон Дэлхийн банк зэрэг байгууллагатай харилцахаар тэд манай улсын өмнөөс гадаадын байгууллагад баталгаа гаргаж өгдөг нь мөн давуу тал.

Харин сул тал нь Засгийн газар болон эрх баригч хүчин өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Ялангуяа нийгмийн салбар руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд олон улсаас шахалт дарамт ирдэг. Нэг ёсондоо нийгмийн салбарын бодлогоо хумьж, мөнгөнийхөө бодлогыг чангатгах шаардлага гардаг.

Үүнийг дагаад эдийн засаг агшиж, төр өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зуун хувь шийдвэр гаргах чадавх сулардаг. Тиймээс бид “Стэнд бай” хөтөлбөрийг авах эсэх талаар ярилцаж байна. Удахгүй энэ асуудлыг УИХ-д оруулж ирж, нэг талд нь шийдэх байх.

-Аль ч талдаа үнэхээр хүнд нөхцөл байдалд хүрсэн энэ үед Засгийн газар хамгийн түрүүнд ямар бодлого, төлөвлөгөөтэй хэрхэн ажиллах ёстой гэж харж байна вэ?

Засгийн газраас яаралтай хийж хэрэгжүүлэх гурван зүйл байна гэж бид харж байгаа. Нэгдүгээрт, гаднынхан болон ард түмний Монголын ойрын болон холын ирээдүйд итгэх итгэлийг сэргээх. Хоёрдугаарт, өнөөгийн энэ хүнд байдалд оруулсан бодлогын алдааг засах. Алдаагаа засахгүйгээр гаднаас хөрөнгө мөнгө олж ирээд байвал ёроол нь цоорхой уут шиг савираад асгараад л байна.

Монгол Улсын түүхэнд өнгөрсөн дөрвөн жил хамгийн их хөрөнгө мөнгөтэй байсан бөгөөд Засгийн газар болон эрх баригчид нь тэр хэрээр зарцуулсан. Эрх баригчид мөнгөөр дутаагүй. Гэхдээ бодлогын алдаа гаргасан учир орж ирсэн мөнгө нь гарын салаагаар нь урссан. Гуравдугаарт, валютын дотогшлох урсгалыг нээх хэрэгтэй. Нэг ёсондоо өр зээлээ төлж, эдийн засгийг сэргээх валют олох хэрэгтэй.

Энэ арга замыг бид тодорхойлох ёстой. Экспортод чиглэсэн эдийн засгийн тусгайлсан бодлогыг баталж, хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд Эдийн засаг, Төсвийн байнгын хороо болон Засгийн газраас бүрдсэн комисс байгуулж, томоохон аж ахуйн нэгжүүдийн нөөц боломж, экспортын төлөвлөгөөний талаар ярилцах хэрэгтэй.

Одоогийн байдлыг энгийнээр тайлбарлахад Монгол бол нэг айл. Аав дөрвөн жил гадагшаа яваад ирэхэд том ах архи дарс ууж, байсан хөрөнгө мөнгөө барьцаалж зээл авсан, урд хойд бүх айлд өртэй. Орой болгон хаалгыг нь тогшиж өр нэхэж байна. Гэтэл дотроо хөдлөх гэхээр бэлэн мөнгө байхгүй.

Үүнийг бид хэрхэн засах вэ гэдэг асуудал. Эхний ээлжид гэрээ эмхлэн цэгцэлж, хэмнэлтийн горимд шилжих ёстой. Үүний дараа гаднын өр зээлээ төлөх хэрэгтэй. Ингэхийн тулд мөнгө олох шаардлагатай. Тиймээс мөнгө олох ямар арга зам байгааг гэр бүлээрээ ярилцана.

Юу хийвэл мөнгө олж болох талаар ярилцаж, шийдэлд хүрнэ. Монгол Улс нэг айл өрх учраас яг үүнтэй адил зөв арга замын талаар нэлээд нухацтай ярилцах нь зүйтэй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон төсвийн тодотголыг яарч батлах хэрэггүй байгаа юм.

-Манай улс шиг ийм хүнд байдалд орсон улс орнууд нийгэм, эдийн засгаа ямар аргаар сэргээж байсан бол. Түүнээс жишээ авах хэрэгтэй болов уу?

1970 оноос хойш дэлхийд манайх шиг өрөнд орж, нийгэм, эдийн засгийн хямралд орсон 20-оод улс орон байна. Үүний зарим нь бүр дампуурч, зарим нь харин экспортыг дэмжсэн бодлого явуулснаар эдийн засгаа сэргээж чадсан байдаг.

Жишээлбэл, 1960- аад оны эхэн үед Солонгос улс яг ийм байдалд ороход экспортыг дэмжих тусгай комисс байгуулж, жилд 40 хувиар өсгөнө гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүн шиг томоохон аж ахуйн нэгжтэй экспортын талаар нэг бүрчлэн ярилцах хэрэгтэй байгаа юм. Миний зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэхүү саналыг хүргүүлсэн.

-Юуны түрүүнд аль нэгэн салбарыг нь түшиглэж байж хямралыг даван туулах ёстой талаар салбарын төлөөлөл ярьж байна. Эхний ээлжид яг ямар салбарыг түшиглэвэл үр өгөөжтэй байж, эдийн засгийг сэргээхэд дэм болох бол?

Яг өнөөдрийн байдлаар тэр, энэ салбар гэхээс илүү аль нь өрсөлдөх чадвартай, түүний экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийг гаднынхан авах уу гэдэг л хамгийн чухал. Аль ч салбар Монголд хөгжих боломж бий.

Гэхдээ тухайн салбарын хүрсэн дүн, өрсөлдөх чадвар, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлуулалтын чадавхыг л харах хэрэгтэй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, нөөц материал, баялаг.

Хоёрдугаарт, түүн дээр ажиллах техник технологи. Гуравдугаарт, түүнийг хэрэгжүүлэх боловсон хүчин буюу хүний нөөц. Дөрөвдүгээрт, санхүү. Энэ дөрөв байж үйлдвэрлэл хөгжинө. Энэ шаардлагыг хангаж байгаа салбар бол уул уурхай.

Олон улсад ялангуяа Азийн бүс нутагт танигдсан. Гэхдээ уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг хол тээвэрлээд байж чаддаггүй. Бид дэлхийд гэхээсээ илүүтэй эхний ээлжид бүс нутагтаа юу экспортолж чадах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Бүс нутгийнхан биднээс авах гурван зүйл бий.

-Тухайлбал?

Нэгдүгээрт, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн. Хоёрдугаарт, эрчим хүч. Үүнийг үйлдвэрлэдэг уран, нүүрс, нар салхи байна. Гуравдугаарт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн. Цэвэр экологийн гаралтай бүтээгдэхүүн гаргах нөөц боломж манайд байна. Манай мах, газар тариалангийн бүтээгдэхүүн бүгд экологийнх гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд би ажлын хэсэгт нь орж Органик хүнсний тухай хуулийг батлуулсан. Дөрөвдүгээрт, энэ гурвыг дагасан дэд бүтэц. Ойрын үед Монголын ирээдүй энэ дөрвөн салбар дээр явна.